Шахмал түлшийг түүхий нүүрстэй ижил үнээр худалдаална
Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан УИХ-ын Утааны эсрэг лобби бүлэг, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийнхэн өчигдөр (2019.02.26) шахмал түлшний үйлдвэрүүд, зуух хэрэглэгч, “Майдар” төслийн үйл ажиллагаатай танилцлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг болон УИХ-ын Тамгын газрын Эдийн засгийн байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнууд багтсан юм.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталж, энэ оны тавдугаар сараас нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэр гаргасан билээ. Ингэснээр гэр хорооллын айлуудын түлшийг сайжруулсан шахмал түлшээр солих хэрэгцээтэй болж байна. Уг хэрэгцээг хангах үүднээс хэд хэдэн үйлдвэрт шахмал түлш хийж, ирэх өвлийн иргэдийн хэрэгцээг хангахаар ажиллаж байгаа юм.

Шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдол 50 хувиар буурна

Ажлын хэсгийнхний эхний зогсоол “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэр байв. Энэ үйлдвэр 300 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор 190 гаруй ажилчинтай бөгөөд үйл ажиллагаа нь тэлснээр нийт 760 гаруй хүнийг ажлын байраар хангах боломжтой. Ажилтнууд өдөрт гурван ээлжээр ажиллаж 27-28 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байгаа аж. Нийслэлд гэр хорооллын 200 гаруй мянган өрх бий. Тэд ойролцоогоор жилд сая орчим тонн түүхий нүүрс хэрэглэдэг байна. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн байгуулсан “Тавантолгой түлш” ХХК гэхэд жилд 600 мянган тоннд шахмал түлш үйлдвэрлэвэл бүх өрхийн нүүрсний хэрэглээг хангана гэж үзээд байгаа. Шахмал түлш түүхий нүүрсийг бодвол илчлэг өндөр тул хэрэглээ нь харьцангуй бага байхаар тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын өрхүүдийн нүүрсний хэрэглээ 600 мянгад хүрч буурахтай зэрэгцэн, агаарын бохирдол 50 хувиар буурна гэж төлөвлөжээ.

Шахмал түлшийг түүхий нүүрстэй ижил үнээр худалдаална

Шахмал түлшийг худалдаалахдаа иргэдийн амьдралд дарамт учруулахгүйн тулд түүхий нүүрстэй ижил үнэтэй байхаар тогтжээ. Тэд Сонгинохайрхан, Баянхошуу, Дарь-Эх зэрэг агаарын бохирдлын нэгдүгээр зэрэгтэй бүсэд амьдардаг айл өрхийн галлагаанд туршилтаа эхлүүлж, сайжруулсан түлш борлуулж байгаа аж. Нэг тонн шахмал түлшийг гэхэд хоёр cap хэрэглэдэг. Дулаанаа найман цаг барьдаг гэлээ. Нэг шуудайндаа 25 килограммтай шахмал түлш дунджаар 3,750 төгрөг бол нэг тонныг 150 мянган төгрөг байхаар өртгийг нь тооцжээ.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар

“Манай үйлдвэр Тавантолгойн дэлхийн стандартын коксжсон нүүрсийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадгаараа онцлог. Түүхий нүүрстэй харьцуулшгүй чанартай. Хамгийн чухал нь агаарын чанарт эергээр нөлөөлж, утааг хоёр дахин бууруулах зорилгоор иргэдэд таалагдсан түлш үйлдвэрлэхийг зорьж байна.

Бүх төрлийн зууханд ашиглаж болохыг туршилтаар тогтоосон. Илчлэг өндөр эрчим хүчний нүүрс учраас зарим хүмүүсийн яриад байгаа шиг зуухыг хайлуулах хэмжээнд илчлэгтэй биш ч одоогийн Налайх, Багануурын олборлож байгаа түүхий нүүрстэй харьцуулахад илчлэг маш сайтай юм. Шаталтын хугацаа урт учраас олон дахин нүүрс түлдэг байдлыг хоёр дахин бууруулж, үүнийгээ дагаж утааг ч хоёр дахин бууруулна гэж тооцож байгаа. Иргэдэд эдийн засгийн хувьд хэмнэлт үзүүлнэ. Бүрэн шаталттай учраас үнс харьцангуй бага гарна.

Нийслэлийг тэр чигээр нь шахмал түлшээр хангах хэрэгцээ их байгаа учраас үйлдвэрүүд хамтарч ажиллаж, илүү сайн түлш үйлдвэрлэж, утааг бууруулах зорилгоо л биелүүлэх хэрэгтэй байна. Айл өрх бүрт болон дэлгүүрт, задгайгаар захуудад шахмал түлшийг нийлүүлэхээр төлөвлөж байна. Нүүрс борлуулалтын чиглэлээр 20 мянга орчим ажлын байр байдаг. Харин нэг мянга орчим борлуулагч цэгтэй байхаар төлөвлөж байгаа” хэмээн танилцууллаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.