Александр Мартынчук: Эрүүл хооллох нь танин мэдэх чадвар, оюуны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг
Украин улсын Анагаах ухааны их сургуулийн дотрын тэнхимийн доктор (Ph.D), дэд профессор, хоол зүйч, Herbalife Nutrition компанийн Шим тэжээлийн зөвлөлийн гишүүн, Хүний их эмч, Анагаах ухааны доктор Александр Мартынчук энэ сарын 20-24-ний өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа. Тэрбээр Монголын анагаахын салбарын мэргэжилтнүүдэд сургалт хийсэн бөгөөд энэ үеэр орчин үеийн хоол зүй, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээний талаар нээлттэй ярилцав. Александр Мартынчуктай эрүүл хооллолт, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин эмгэг болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцсаныг хүлээн авна уу.



Сайн байна уу. Энэ удаад манай улсын эмч, мэргэжилтнүүдэд ямар сэдвээр лекц тавихаар зорьж ирэв?

Би Монголд 5 дахь удаагаа ирж, ажиллаж байна. Энэ удаа хүмүүст эрүүл, зөв хооллолтын талаар илүү их мэдээллийг өгөх зорилготой ирлээ. Үүнээс гадна эмч, мэргэжилтнүүдэд ходоод дотрын бактерийн тухай лекц орж, мэдээлэл солилцоно.

Цагаан хоол идэхийг эрүүл хооллолт гэж ойлгох хүмүүс цөөнгүй байдаг шүү дээ. Эрүүл хооллолт гэж юу вэ?

Эрүүл хооллолтод цагаан хоол орно. Энгийнээр хэлэхэд бидний эрүүл мэндийг дэмждэг хоолыг л эрүүл хоол гэнэ. Хамгийн гол нь эрүүл хооллолт бидэнд амьдрах, идэвхтэй байх, спортоор хичээллэх боломж олгохоос гадна өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжийг олгодог.

Эрүүл хоолонд голчлон ямар хүнсний бүтээгдэхүүн ордог вэ. Ялангуяа Монголд өргөн хэрэглэгддэг хүнснээс нэрлэж болох уу?

Монголд мэдээж мах нэгдүгээрт тавигддаг. Гэхдээ махны хувьд анхаарах ёстой нэг зүйл нь боловсруулаагүй мах нь боловсруулсан махнаас илүү сайн. Жишээлбэл, чанаж болгосон мах нь утсан махнаасаа илүү чанартай гэсэн үг. Өдөр бүр улаан мах идэхийн оронд долоо хоногтоо нэг удаа идвэл зүгээр. Ерөнхийдөө хоол хүнс энгийн байх тусмаа сайн. Энгийн гэдэг нь боловсруулж гаргасан гурил, будаа гэх зэрэг хүнснээс илүү боловсруулаагүй үр тариа хэрэглэхэд эрүүл мэндэд ач тустай байдаг.

Улс үндэстэн бүхэн тогтсон хооллолтын соёлтой байдаг. Монголчууд гэхэд махыг гол хүнсээ болгодог. Энэ тогтсон хэв маягийг орчин үеийн, эрүүл хооллолт руу хэрхэн шилжүүлж, чиглүүлэх вэ?

Дэлхий өөрчлөгдөж байна. Тиймээс ямар нэгэн байдлаар энэ өөрчлөлтөд дасан зохицох хэрэгтэй. Хэрвээ бид нар хооллолтоо өөрчилж чадахгүй бол энэ өөрчлөлтөд дасан зохицож чадахгүй. Бидний идэж дассан хоол хүнс бол эртний цаг үедээ л тохирсон хүнс юм шүү дээ. Дэлхий ертөнц маань хоол хүнсний хувьд ч шинэ дүрмүүдийг гаргаад байна. Бид нар хөдөлгөөн бага хийж, стресст их өртөж, амттай гэсэн хоол хүнсийг их хэмжээгээр идэхийг л хүсэж байна. Үнэндээ амттай хоол нь ихэвчлэн тос өөх ихтэй, маш их амтлагч орсон байдаг. Гэтэл таашаал авч байгаа хоол хүнс нь хүний бие организмд сөргөөр нөлөөлөөд л байна.

Бид бүхэн эрт цагийн “дүрмээр” л хооллоод байна гэлээ. Тэгвэл орчин үеийн хооллолтын шинэ дүрэм, чиг хандлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

Эрүүл хооллолтын дүрмийг тайлбарлахын тулд хүн болгонд хооллолтыг энгийн болгож харуулах хэрэгтэй. Үүний тулд “хүнс тэжээлийн таваг”-ны зураглалыг гаргасан. Тавган дээр ямар хүнсний бүтээгдэхүүнийг хэдий хэр хэмжээгээр хэрэглэхэд зохимжтойг харуулдаг. Тухайлбал, хоол хүнсний 60 хувь нь ногоо, 300 гр жимс хэрэглэх ёстойг зурагт харуулдаг. Ногооны оронд шош, буурцаг болон бүхэл үрийн кааш хэрэглэж болно. Үргэлж үхэр, хонины мах хэрэглэхээс илүү загасны махаар хоол хийхэд тохиромжтой. Мөн тавагныхаа хажууд ямар шингэн зүйл уух нь зохистойг ч харуулчихна. Энэ “хүнс тэжээлийн таваг”-ны загварыг интернэтээс амархан олох боломжтой. Хайгаад үзээрэй.

Сүүлийн жилүүдэд эрүүл хооллолтын талаар ярихад Herbalife Nutrition бүтээгдэхүүнүүд зүй ёсоор яригддаг болсон. Тус компанийн шим тэжээлийн мэргэжилтний хувьд Herbalife-ийн бүтээгдэхүүн хүний эрүүл мэндийг хэрхэн дэмждэгийг тайлбарлаач?

Herbalife Nutrition бүтээгдэхүүнүүдийн үндсэн суурь нь шинжлэх ухаан юм. Хүмүүст хоол хүнсний ямар хэрэгцээ нь давамгайлж байгааг мэргэжилтнүүд судалж, шинжилдэг. Энэ судалгаандаа үндэслээд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг юм. Зарим хүнд ашигтай өөх тос хэрэгтэй байхад нөгөө хэсэгт нь ислэг, амин дэмүүд шаардлагатай гэх мэтээр өөр өөр байдаг. Жингээ хасах зорилготой хүмүүсийг албадлагаар өлсгөж болохгүй шүү дээ. Тэгэхээр тухайн хүнд илчлэг багатай ч энгийн хоол иддэгтэй нь адил цатгалан байлгах хэрэгцээ тулгарна. Энгийн хэрэглэдэг хоол хүнсийг нь Herbalife Nutrition-ийн бүтээгдэхүүнээр орлуулах боломжтой юм. Гол нь бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хялбар, цаг зав бага үрдэг байх ёстой.

Орчин үед хүмүүс хооллолтондоо анхаардаг болсон ч таргалалт асуудал болсон хэвээр байна. Ер нь хүн таргалалттайгаа яаж тэмцвэл үр дүнтэй байх вэ?

Таргалалт бол архаг өвчин. Тиймээс энэ өвчинтэй тэмцэхийн тулд хугацаа шаардлагатай. Мөн таргалалттай тэмцэж байгаа хүмүүст хүргэх зөвлөгөө нь хялбар байх тусмаа тухайн хүнд маш сайн хүрдэг. Жишээлбэл, Herbalife-ийн коктейль 2-3 минутад л бэлэн болохоос гадна бэлтгэхэд хялбар, тухайн хүнд шаардлагатай шим тэжээлийг хормын төдий л өгдөг. Хүмүүст зөвхөн жингээ бууруулахад нөлөөлөөд зогсохгүй хооллолтын шинэ дадлуудыг бий болгох, эрүүл сонголт хийхэд нь тусалдаг. Би зочид буудалд өглөөний цайгаа уухдаа ажигласан зүйлээсээ хуваалцъя л даа. Биерхүү, тарган хоёр хүн хоёулаа тавгаа дүүртэл хоол авахдаа брокколиг эрүүл мэндэд сайн тухай яриад байгаа мөртлөө хуучин хэв маягаараа л хоол сонголтоо хийж байсан. Үүнээс харахад хүмүүсийн оюун бодол, тархинд л ойлголтыг сайн суулгаж байж өөр дадал зуршилтай болгох боломжтой. Хүн зөв сонголт хийж сурахын тулд эхлээд “яс, махандаа” шингэтэл ойлгох хэрэгтэй. Зөв дадал зуршилтай болсноор жингээ хасаад зогсохгүй амьдралын шинэ хэв маягтай болно.

Хүмүүс турахыг хүсдэг ч турахын төлөө зүтгэл гаргахгүй тохиолдол бий. Таны хэлсэнчлэн хүмүүсийн оюун ухаанд нь тултал ойлгуулж, үйл хөдлөл, хичээл зүтгэл гаргахад нь яаж нөлөөлөх вэ?

Хүний хэвшмэл ойлголтыг өөрчлөхийн тулд дэлхий даяар бүлэг, групп хэлбэрийг сонгож байна. Сонин жишээ байж болох юм л даа. Жишээлбэл, архинд орсон хүнийг архинаас татгалзахад нь нөлөөлөх уулзалт зохион байгуулж, хамгийн гол нь архинаас гарч чадсан хүнээр уулзалтыг удирдуулах нь маш оновчтой. Өөрөөр хэлбэл, тухайн асуудлыг өөрийн биеэр туулж мэдэрсэн хүн л адилхан нөхцөл байдалд байгаа хүмүүст тусалж чадна гэсэн үг. “Би үүнийг даван туулж чадсан, миний туршлага ийм байна” гэж хэлэхээр мэдээж хүмүүсийн сэтгэлд хүрнэ шүү дээ. Herbalife Nutrition-д ч клубийн систем бий. Эдгээр нь эрүүл хооллолтын клубууд юм. Жингээ 40-50 кг-аар хассан хүн клубийнхэндээ өөрийн туршлагаасаа хуваалцаж, зөвлөгөө өгөх жишээний. Манай анагаах ухаанд “Чи эмчилж чадахгүй бол бусдад зааж, сурга” гэсэн үг бий. Энэ зарчмаар эрүүл хооллолтын клубуудэд маань жингээ хасаж чадсан хүмүүс нь бусдад зааж, сургаж байна.

Эмэгтэйчүүд нас ахихын хэрээр илүү хурдан таргалдаг. Хижээл насныхан хүйсээсээ хамаараад хооллолт нь өөр байх шаардлагатай юу?

Хижээл насныхан эрэгтэй, эмэгтэй ялгаагүй уургийн хэрэглээгээ нэмэх хэрэгтэй. Настай хүмүүс заншсан ёсоороо л хоолоо иддэг. Гэтэл бие организмынх нь хэрэгцээ өөрчлөгдсөн байдаг. Нас ахихын хэрээр хөдөлгөөн багасдаг тул булчингийн масс нь дагаад багасдаг. Булчин хамгийн их энерги зарцуулдаг эрхтэн учраас нас ахиж, хөдөлгөөн багасах тусам булчин багасаж, өөх нэмэгддэг. Тиймээс хөгшин хүмүүсийн жин өөрчлөгдөөгүй ч зарцуулах илчлэгийн хэмжээ нь өөрчлөгддөг юм. Яахав хүйсээсээ хамаараад өөрт тохирох амин дэмийг сонгож хэрэглэж болно.  

Herbalife-ийн бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүсийн нүүр царай нь толигор, гэрэлтсэн арьстай харагддаг. Олон жил хэрэглэхээр энгийн хүнс, өөх тостой хоол идэхэд ходоодонд нь цочрол өгөх ч юм уу ямар нэгэн сөрөг үр дагавар үүсэх үү?

Хүмүүсийн иддэг бүх хоол хүнсийг Herbalife-ийн бүтээгдэхүүнээр орлуулаад байгаа юм биш. Манай компанийн философи бол тухайн хүний хооллолттой холбоотой гол асуудал руу нь чиглэдэг. Хүн ачаалалтай ажилласныхаа дараа орой болсон хойно их хоол иддэг бол хооллолтондоо анхаарах хэрэгтэй. Эсвэл эрт босоод өглөөний цайгаа бэлдэж амждаггүй бол бас л хоолны дадал зуршилдаа анхаарч, богино хугацаанд бэлдэх боломжтой өглөөний цайг сонгож болно шүү дээ. Бид бүхэн хүмүүст хоолноосоо татгалз гэж хэлэхгүй ч тодорхой асуудлуудаа шийдэх боломж олгодог. Herbalife-ийн бүтээгдэхүүнээрээ тухайн хүний асуудлуудыг шийдэхэд тусалж, эрүүл хооллолтыг хэвшүүлэхэд нь түлхэц үзүүлдэг.

Хүмүүс Herbalife-ийг тураах бүтээгдэхүүн гэж ташаа ойлгодог. Гэтэл жингээ нэмэх хүсэлтэй хүмүүс ч хэрэглэх боломжтой юм билээ.

Жин нэмнэ гэдэг нь илүү их хэмжээний илчлэг авах шаардлагатай гэсэн үг. Хэрвээ жин нэмэхийг хүсэж байвал хоол хүнсээ иддэгээрээ иднэ. Дээрээс нь илчлэгээ нэмэхийн тулд бэлэн бүтээгдэхүүн хэрэглэвэл зохистой. Жин хасахдаа хоол хүнсээ бүтээгдэхүүнээр, шим тэжээлээр орлуулж байсан бол жин нэмэхдээ хоол хүнсэн дээрээ нэмэлтээр бүтээгдэхүүн хэрэглэх ёстой.

Ходоод гэдэсний өвчинтэй, өтгөн нь хатдаг хүмүүс цөөнгүй. Ходоод гэдэсний өвчин эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй вэ?

Эрүүл хооллох л хэрэгтэй. Түүнээс гадна хэзээ ч өлсөж болохгүй. Өлсөх нь хүний биед буруу хооллохтой адил нөлөө үзүүлдэг.  

Гэтэл мацаг барьдаг хүмүүс байдаг. Тэд мацаг барьснаар эрүүлжиж, залуу болж байгаагаа ярьдаг шүү дээ. Тэгэхээр таны хэлсэнтэй зөрчилдөөд байх юм.

Өлсөх нь буруу. Яагаад гэхээр хүн хоолноос хэрэгтэй шим тэжээлээ авах ёстой байтал өлсөхөөр хүний бие организм өөрт байгаа бүх шим тэжээлээ нөөцөлж эхэлдэг. Бие организмаа тогтвортой байлгаж, амьд орших гэж хичээж буйн хэлбэр юм. Хүн мацаг барьж дууссаныхаа дараа хооллолтын энгийн горимдоо шилжихээр хурдтай таргалдаг. Хүний бие өөрийг нь хуурахад их дургүй. Учир нь өлссөний дараа хоол идэхээр дахиж өлсөх магадлалтай гэж үзээд бие организм автоматаар шим тэжээлээ нөөцөлж эхэлснээр богино хугацаанд таргалдаг.  
 
Хоол хүнстэй холбоотой үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл их байх юм. Монголд түгээмэл байдаг хүнснээс хоорондоо үл зохицолддог нь юу вэ? Жишээлбэл, улаан лооль өргөст хэмх хольж идэх нь зохисгүй талаар уншиж байсан.

Өргөст хэмх нь улаан лоолийнхоо c витаминыг биед шингэх боломжийг нь хаачихдаг. Эсвэл улаан лооль өргөст хэмхийн шим тэжээлийг хүнд дамжуулахгүйгээр нөлөөлдөг. Гэхдээ ямар ч нөхцөлд зөвхөн мах идэж байснаас өргөст хэмхээ улаан лоольтой холиод идсэн нь дээр. Хүмүүс хоол хүнстэй холбоотой янз бүрийн мэдээлэл авсаар байгаад юу идэхээ мэдэхээ больдог. Жишээлбэл, давс бол цагаан үхэл, элсэн чихэр амттай үхэл гэх зэргээр нэрлэдэг. Давс, сахар, өөх нь гурван цагаан хор гэдэг шүү дээ. Гурил, будаа ийм ч нөлөөтэй, мах бол бүр аймшиг гэх зэргээр ярина. Тэгээд юу идэх юм бэ?

Харин тийм. Юу идэж амьдрах болж байна вэ?

Бүгдийг идэх хэрэгтэй. Гэхдээ зохистой хэмжээгээр, боловсруулаагүй хоол хүнсийг түлхүү хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Хэрвээ өнөөдөр хүнд хоол идсэн бол маргааш нь бие, ходоодоо амрааж хөнгөн хооллох хэрэгтэй. Махны оронд өвс ногоо, төмсний оронд жигнэсэн ногоо идэж болно. Ямар нэгэн амтлагчгүй, давс багатай хоол сонгох хэрэгтэй. Тэгээд усаа сайн ууна.

Өдөрт 2 литр ус уух ёстой юу?

Энэ ойлголт буруу. Шөл уусан хүн уугаагүйгээс арай бага хэмжээний ус ууж болно. Учир нь шөл тодорхой хэмжээний шингэнийг хүнд дамжуулж байна. Халуурсан эсвэл дасгал хөдөлгөөн хийж байгаа хүнд илүү их шингэн хэрэгтэй. Хэрвээ хүн унтахынхаа өмнө шингэн зүйл их уувал өглөө хавагнаж босох магадлалтай. Унтахынхаа өмнө их хэмжээний цай уугаад өглөө ямар өөрчлөлт гарахыг харж болно шүү дээ. Тухайн хүний нөхцөл байдлаас хамаарч өдөрт уух усны хэмжээ харилцан адилгүй. Цэвэр усыг өдөрт 5-6 аяга уухыг зөвлөмөөр байна. Уух усны хэмжээ тухайн хүний жин, наснаас хамаараад ялгаатай.

Хүмүүс усандаа лимон ч юм уу алое хийж уудаг. Ер нь усанд алое болон бусад амин дэмийг нэмж уух нь ямар ач холбогдолтой юм бэ?

Алое нь хоол боловсруулалтад сайнаар нөлөөлж, шээс хөөх үйлчилгээтэй. Мөн эд эс, гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, нөхөн сэргээдэг. Биеийг шингэнээр хангахаас гадна цангааг сайн тайлна, амттай.



Та хүний их эмч мөн шим тэжээлийн мэргэжилтэн болохоор үүнийг асуухгүй байж чадахгүй нь ээ. Хүний эрүүл, урт наслахын нууц нь юу вэ?

Хамгийн гол нь өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүст анхаарал, халамж тавих хэрэгтэй. Эерэг энергитэй хүмүүстэй харилцаж, сайхан мэдрэмж авах нь чухал. Цэвэр ус ууж, цэвэр агаараар амьсгалах, дасгал хөдөлгөөн хийж, хангалттай унтаж амрах хэрэгтэй. Эрүүл, амттай хоол хийж идэхийг зөвлөмөөр байна.

Та монголчуудад хандан хооллолт, эрүүл мэндийн тал дээр нь зөвлөгөө өгөөч. Олон удаа ирсэн болохоор ажиглаж, анзаарсан зүйлс байгаа байх. 

Би анх 2014 онд Монголд ирж байсан. Үүнээс хойш 5 дахь удаагаа ирж байна. Монгол Улсын нөхцөл байдал, хүмүүсийн амьдралын түвшин сайжирсан нь анзаарагдлаа. Монголчуудаас ганц хүсэх зүйл нь бий болж буй шинэ дэлхий ертөнцтэй, орчин үеийн эрүүл хооллолттой хөл нийлүүлэн алхахын тулд дадал зуршлаа өөрчилж, шинэчлээсэй гэж хүсэх байна. Хүн дотроосоо өөрчлөгдөж байж үйлдэл нь зөв болдог. Хүний сэтгэлзүй хооллолтод нөлөөлдөг.

Жишээлбэл, түргэн хоолны газарт орсон хүн төмс, тахиа, бургер идэхийн хажуугаар салат идсэнийгээ эрүүл хооллоо гэж бодвол буруу. Анхнаасаа түргэн хоол идэхээ мэдэж байсан учраас эерэгээр нөлөөлөхгүй шүү дээ. Ходоод, тархи хоёр холбоотой. Хоол эрүүл байж л хүний сэтгэлзүй эрүүл байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоол хүнс бол хүнд хамгийн хүчтэй нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрүүл, зөв хооллох нь ирээдүй хойч үедээ тусалж байгаа үйлдэл, илрэл шүү дээ. Мөн эрүүл хооллох нь танин мэдэх чадвар, оюуны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг. Хооллолтын зуршилдаа анхаарахыг л хүсье.

Танд баярлалаа. Амжилт хүсье.
Бусдад түгээх
  • gplus