Х.Уртнасан: Залуус дууриа ч, дуугаа ч дуулдаг болж дээ
Энэ удаагийнхаа “Уран бүтээлч” буландаа Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасанг урьж, ярилцлаа. Тэрбээр хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа юм.

-Та дэлхийн таван том театрын нэг алдарт “Бальшой” театрын тайзнаа Ардын жүжиг­чин Ц.Пүрэвдорж гуайн дараа очиж дуулсан хоёр дахь монгол хүн. Энэ сайхан дурсамжаас тань ярилцлагаа эхлэх үү?

-Тийм ээ. Америк, Англи, Итали, Франц, Орос улсад байдаг дэлхийн таван том театрыг одоогийн залуус мэдэх байх. Оросын “Бальшой” театр одоо ч нэр нь хэвээрээ. Арваад жил засвартай байж байгаад 2011 онд үүдээ нээсэн. Энэ том театрын тайзан дээр дуулна гэдэг ховорхон хувь заяа. Үзэгчдийг 200, 300 жил боловсруулчихсан нэр хүндтэй, нөлөө бүхий том тайз шүү дээ.

Би 1981, 1983, 1985 онд алдарт “Бальшой” театрын тайзнаа дуулж явсан. Мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан театрын хамт олны дунд нэг монгол эмэгтэй дуулна гэдэг уран бүтээлч талаасаа үнэхээр хэцүү шалгуур л даа. Гэвч хүнд, хэцүү бүхний ард үргэлж аз жаргал байдаг хойно. Миний амьдралын сайхан дурсамжийн нэг яах аргагүй мөн.

-1980-аад оны дундуур гэхээр та дөнгөж л 30 настай байжээ?

-Тийм байх нь. 31, 32-тойдоо л дуулж байсан санагдана. Миний уран бүтээлийн замналын бахархалтай хэсгийн нэг. Тэр том театрынхан намайг Х.Уртнасан гэж дуудаж, ярихгүй шүү дээ. Зөвхөн Монголын дуучин л гэж ярина. Энэ ч утгаараа би асар их хариуцлага үүрч явсан. Алдах ч эрхгүй байлаа.

-Тэд таныг анх яаж хүлээж авч байв?

-Анх намайг очиход л хэлж байсан.

-Юу гэж тэр вэ?

-“Бид Азийн дуучдад ямар нэгэн хөнгөлөлт үзүүлдэг” гэж. Намайг тэд “За яах вэ дээ, Азийн дуучин болж л байна” гэсэн өнгө аястай хандаж, угтаж авч байлаа.

-Нэг л үл тоож, ойшоосон хандлагатай юу?

-Тийм ээ. “Азийн дуучин яах вэ дээ, дуучин л юм байх даа” гэсэн өнгө аястай хүлээж авч байсан. Мэргэжлийнх нь хувьд шүү дээ. Хэдийгээр дуурь нь Европын урлаг боловч сонгодог гэдэг утгаараа Ази, Европ гэж хуваан үзэж болохгүйг тухайн үед тэдэнд ойлгуулсан байх.

-Таныг тайзан дээр дуулсны дараа тэдний бодол шууд л өөрчлөгдсөн биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. “Уучлаарай, танд Азийн дуучин гэдэг ухагдахуунаар хандаж болохгүй юм байна. Та бол Европын аль ч тайзан дээр сайхан дуулж чадах чадалтай хоолойтой, мэргэжлийн дуучин эмэгтэй юм” гэж хэлээд баяр хүргэсэн.

-Тэр том тайзан дээр тал нутгаас ирсэн ганц эмэгтэй сэтгэлдээ юуг харж, төсөөлж дуулдаг байв?

-Монголоо л харна шүү дээ. Бүхий л зүрх сэтгэлээрээ эх нутгаа л төсөөлнө шүү дээ.

-Ингэхэд та Болгарт мэргэжил дээшлүүлсэн байх аа?

-Энэ бол их азтай тохиол болсон юм. 1960-аад оны үед Ардын жүжигчин Г.Хайдав, А.Загдсүрэн, Ц.Пүрэвдорж нар дэлхийд дээгүүрт ордог Москвагийн хөгжмийн сургуулийг онц дүнтэй төгсөөд ирсэн шижигнэсэн залуус байлаа. Тухайн үед зохиолч Ч.Лодойдамба Соёлын яамны сайд байсан юм. Тэд л ярилцаад намайг Болгарт мэргэжил дээшлүүл гэсэн. Тэд “Монголдоо дуурийн дуулаачийн сургууль нээе, залуу үеэ бэлдэцгээе. Ардын жүжигчин А.Загдсүрэнгийн дараа дуулах хүн хэрэгтэй. Энэ хүүхэд л ирээдүйтэй” гээд сонгосон юм. Тэнд би 2.5 жил сурсан.

-Үнэхээр таныг аз түшжээ. Болгарт очоод ямар багшийн гарт очив. Дуучин, тэр дундаа дуурийн дуучин болох гэж байгаа хүнд ямар багшаар хичээл заалгах нь их чухал асуудал шүү дээ?

-Чиний асууж байгаа чинь үнэн. Азаар би дэлхийд нэртэй том багшид шавь орсон. Болгарын Ардын жүжигчин, Төрийн шагналт Христо Рьембаровын шавь болсон нь үнэхээр ховорхон хувь тохиол байлаа. Уран бүтээлч хүн сайн багштай таарна гэдэг амьдралынх нь луужин болж өгдөг. Хүмүүс зурсан зураг, тавилан гэж ярьдаг. Уран бүтээлийн гараагаа би үнэхээр зөв эхэлсэн.

-Таныг Болгарт мэргэжил дээш­­лүүлнэ гэхэд Ардын жүжиг­чин Л.Цогзолмаа гуай их л дурамжхан хүлээж авсан гэдэг?

-Тийм ээ.

-Яагаад тэр вэ?

-Л.Цогзолмаа багш намайг үнэлдэг, тоодог байсан юм. Анх ээж маань намайг хөтөлж гарт нь хүлээлгэж өгсөн болоод ч тэр үү Л.Цогзолмаа багш надад их хайртай байлаа. Урлагийн авьяастай, тал талын юмтай хүүхэд гэдэг үүднээсээ шүү. Харин намайг сургуульд явлаа гэсэн чинь “Явбал яв даа. Гургалдай шиг хоолойтой хүнийг хэрээ болгоод тавьдаг багш байхад хэрээ шиг хоолойтой хүнийг гургалдай шиг хоолойтой болгодог багш ч бий. Багш чинь, дээр нь чиний өөрийн ухаан л мэднэ. Тэг тэг, явмаар байвал яв” гэж хэлж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Азаар би хэрээ шиг хоолойтой хүнийг гургалдай шиг хоолойтой болгодог багш дээр очсон доо.

-Ээж тань таныг урлагийн замд хөтөлж оруулжээ. Ээжийг тань Монголын анхны Хөдөл­мөрийн баатар, саальчин эмэгтэй байсан гэх юм билээ?

-Өө, миний ээж сайхан эмэгтэй байсан. Намайг бодвол өндөр, гуалиг нуруутай. Их ухаантай, ажилсаг хүн байсан. Өглөө босоод л үхэр, тугалныхаа зэлийг шүүрддэг. Ээж маань ажилтай, ааш сайхантай, хүнийг хүндэлдэг, ундтай устай хүн явсан. Үр хүүхдүүд нь болж төрсөн бидэндээ маш их санаа тавьдаг. Тийм ч болохоор намайг урлагт хөтөлж оруулсан юм даа.

-Ийм зүйл асууж болох эсэхээ мэдэхгүй юм. Гэхдээ ижий минь босоод ирвэл... гэж бодож байсан уу?

-Ээ, Гончиг сумлаа минь. Үнэхээр ижий минь босоод ирвэл би өглөө бүхэн цайг нь чанаж, өдөр бүр сайхан аашилна. Ижий минь л босоод ирвэл.

-Уучлаарай, таныг эмзэг­лүүлчих шиг боллоо. Аав тань ямар хүн байв. Лам байснаа социализмын үед цэргийн хүн болсон гэж сонссон?

-Аав ээжийг бодвол дуу цөөтэй. Хуучин лам хүн байсан. Социализмын үед цэргийн хүн болсон л доо. Одоо бодоход их л цэгцтэй хүн байж. Намайг урлагийн хүн болно гэдгийг дуулчихаад нэг л зүйл захиж байсан.

-Юу гэж?

-“За чи, магтсан хүнд битгий баярлаж бай, муулж шүүмжилсэн хүнд битгий гомдож бай. Магадгүй муулж, шүүмжилсэн хүн нь чамд хэрэгтэй. Хүнээс муугаа мэдэж ав. Дараа нь түүнийгээ засаад авчих. Муулсан хүнд баярлаж, магтсан хүний үгийг бодож үлдэж бай” гэж захиж билээ.

Тиймээс би хүнд нэг их гомдоод байдаггүй. Харин намайг сонгодог тал руугаа хандсан гээд шүүмжилж байлаа.

-Монгол дуу дуулж чаддаггүй гээд үү?

-Үүнийг би шүүмжлэл гэхээсээ илүү бахархал гэж боддог. Чи бод доо, шүдний эмчээр зүрхний мэс засал хийлгэж болохгүй биз дээ.

-Тэр ч тийм шүү?

-Үүнтэй чинь л адилхан шүү дээ. Би мэргэжилдээ л үнэнч байсан. Сонгодог дуучид ид дуулж яваа насандаа ардын дуу дуулж болдоггүй.

-Яагаад тэр вэ?

-Хэт жижиг дуу дуулахаар форм алдагдана гэж үздэг. Энэ зарчмыг би хатуу баримталдаг байлаа. Би 1966-1992 он хүртэл наадмын концертод зөвхөн сонгодог дуу дуулж ирсэн. Харин 1990 он буюу ардчилсан хувьсгал гараад ид үймж байсан үед дуулаагүй. Тэр үед гадаад дуу дуулуулахгүй, монгол дуу дуулуулна. Магадгүй гадаадаар дуулчих юм бол эсэргүү гэж үзэх гээд байгаа ч юм шиг нэг тийм зах зээлийн шуурга байлаа шүү дээ. Энэ үед л намайг монгол дуу дуулдаггүй гэж шүүмжилж, бичиж байсан.

-Нэг хэсэг театрт хүртэл үзэгчид алга ташихаа байчихсан байсан гэдэг шүү дээ?

-Харин тийм. Концерт, дуурь тоглохоор алга ташихгүй оронд нь хурай, хурай гэдэг байлаа. Ёстой хэлбийнэ хэлбийнэ гэхэд хэт хэлбийсэн. Үнэхээр нэг үе тийм байсан. Театрын танхим таг чиг. Бүр гайхдаг байлаа. /Инээв/

-Дуурийн дуучин залуу насны ажил гэдэг. Ингэхэд тань шиг чадварлаг, авьяаслаг сонгодог дуучин дахин төрөх болов уу?

-Мэдээж.

-Үнэхээр үү?

-Би 1974 оноос өдийг хүртэл багшилж байна. Энэ хугацаанд хийсэн дүгнэлт, ажлын туршлага гэж байна. Ухаантай, сэтгэхүй сайтай нь дуулахаас биш хоолойгоороо дуулдаггүй гэд­гийг өөрийн туулж ирсэн уран бүтээлийн замнал, сурган хүмүү­­жүүлэх ажилд зүтгэж яваа энэ хугацаандаа олж мэдэрсэн. Үнэхээр хэн ухаантай нь дуулдаг юм байна гэж.

Гэхдээ манай хүүхдүүд их авьяастай. Монголчууд бид дууч ард түмэн шүү дээ. Гагцхүү тэр дундаас олж авах л хэрэгтэй.

-Гэхдээ сүүлийн үед дуурийн дуулаачаар төгссөн хүүхдүүд зохиолын дуу дуулаад л явж байх юм?

-Одоо ч мэдэхгүй ээ. Залуучууд дууриа ч, дуугаа ч дуулдаг болж. Хувь хүний өөрийн чадал мэдсэн асуудал болж дээ.
Тэд болж өгвөл дуурийн дуучин. Болохгүй бол зохиолын дуучин. Бүр болохгүй бол эстрадын дуучин болно гэдэг болж. Тийм л ойлголттой явдаг бололтой.
Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.