Интерпол нь дэлхийн 194 орныг гишүүнээр эгнээндээ нэгтгэсэн

Интерполын Үндэсний төв товчооны Ажлын албанын дарга, цагдаагийн дэд хурандаа С.Баясгалантай ярилцлаа

-2018 онд Интерполын хэмжээнд ямар онцлох үйл явдлууд болж өнгөрөв?

Интерполын Ерөнхий ассамблейн 87 дугаар чуулган 2018 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцсон.

Интерполын гишүүн 194 орны 1000 гаруй төлөөлөгчид оролцсон энэ удаагийн чуулганаар хиймэл оюун ухаан, хүний нүүр царайг таних болон зан авирыг тодорхойлох төхөөрөмж зэрэг шинжлэх ухаан, техникийн орчин үеийн ололт, дэвшилтэт технологийг цагдаа, хууль сахиулах байгууллагуудын олон улсын хамтын ажиллагаа, тэр дундаа үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаанд нэвтрүүлэх зэрэг сэдвүүдийг хөндсөн.

Манай ажлын албаны зүгээс НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Интерполтой хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх боомтуудыг Интерполын хамгийн орчин үеийн суурин сүлжээний мэдээллийн сан, хайлтын систем (FIND)-д холбох ажилд онцгой анхаарал хандуулан ажилласан. Энэхүү төсөл нь 2019 оны 6 дугаар сард дээрх систем бүрэн ашиглалтад орно.

Мөн Интерполын шугамаар ирсэн, хүлээн авсан мэдээ, материалыг дамжуулахад цаасан хэлбэрээр ашиглагдаж буй маягтуудыг цахимжуулах, үүн дээрээ тулгуурлан бүртгэл, хяналтын цахим систем болон холбогдох мэдээллийн цахим санг үүсгэх ажлыг 2018 оны 4 дүгээр сараас эхлүүлсэн.

Энэ удаагийн чуулганаар Интерполын Үндэсний төв товчооны үйл ажиллагааны чанарын стандарт”-ыг шинэчлэн баталж, Үндэсний товчоодод заавал бүртгэл, хяналтын цахим системтэй байх ёстой гэсэн шаардлага тавигдаж эхэлсэн

Бид шинэчлэгдэн батлагдсан үйл ажиллагааны стандартад өөрийн үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллах чиглэлээр цагаа олсон ажил арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Та Интерполын Үндэсний төв товчооны Ажлын албаныхаа үйл ажиллагааны онцлогын талаар  ярина уу?

Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.2.5-т “Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад улсын цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрээс хүлээн авсан мэдээ, мэдээллээр цагдаагийн байгууллагыг хангах” нь Цагдаагийн төв байгууллагын нэг үндсэн үүрэг болох талаар заасан бөгөөд Интерполын Үндэсний төв товчооны Ажлын алба нь ЦЕГ-ын даргын хариуцсан ажлын хүрээнд буюу шууд удирдлага дор нь дээрх үндсэн үүргийн хэрэгжилтийг хангах ажлыг хариуцаж ажилладаг.

Ажлын албаны алба хаагчид олон улсын холбогдох гэрээ, конвенциуд болон Интерполын холбогдох дүрэм журам заавруудыг сайтар судалсан байхаас гадна Интерполын 194 гишүүн улс орнуудын эрх зүйн тогтолцоо, хууль тогтоомжийн онцлогын талаар мөн түүнчлэн үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн чиг хандлага, шинээр илэрч бүртгэгдсэн үйлдлийн аргууд, тухайн төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дэлхийн бусад улс орнуудын цагдаа, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн шилдэг туршлага зэргийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлагатай байдаг.

-2019 онд Интерполын Үндэсний төв товчооны Ажлын албанаас ямар шинэлэг ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерпол нь дэлхийн 194 орныг гишүүнээр эгнээндээ нэгтгэсэн, гишүүнлэлийнхээ цар хүрээгээр НҮБ-ын дараа орох хамгийн том олон улсын байгууллага. Гишүүн орнуудынхаа Үндэсний төв товчоодыг бүхий л төрлийн хэлбэр, хэмжээ бүхий мэдээ, материалыг шуурхай солилцож чадахуйц хүчин чадалтай. Иймээс үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн олон улсын хамтын ажиллагаанд Интерпол нь тэргүүлэх үүрэгтэй.

Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газраас Интерполын үндэсний төв товчоодод хандан үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тус олон улсын байгууллагын хуримтлуулсан туршлага, техникийн бололцооны талаар өөрийн орны холбогдох байгууллагуудад сурталчилан таниулж, нягт хамтран ажиллах шаардлагыг тавьсан.

Бид Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газраас тавьж буй дээрх шаардлагыг бүрэн дүүрэн дэмжиж байгаа бөгөөд шаардлагын хэрэгжилтийг Монгол Улсын хэмжээнд хангахын тулд Интерполын Үндсэн хууль болон бусад холбогдох дүрэм, журам, заавруудыг Монгол хэлнээ орчуулан эмхэтгэл болгон гаргаж холбогдох төрийн байгууллагуудад ашиглуулах, үндэсний хууль сахиулах байгууллагуудын хүрээнд Интерполын шугамаар ирүүлсэн мэдээ, мэдээллийг солилцож ажиллах журмын төслийн боловсруулж батлуулах зэрэг ажлуудыг ирэх онд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

ЦЕГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.