Путин илгээлтдээ түшмэдүүдийг юу гэж зэмлэв

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралд тавьдаг жил бүрийн илгээлтээ өнгөрсөн долоо хоногт тавьж сонсгов.

Өнгөрсөн жилийн илгээлтэд гол төлөв зэвсгийн шинэ төрлүүдийг танилцуулсан нь сэтгэлд хоногшиж үлдсэн болоод тэр үү Холбооны хуралд илтгэх ерөнхийлөгчийн илгээлтийг ихээхэн сонирхон хүлээж байв. Гэхдээ энэ удаа харин Путин гадаад улс төрийн бодлогод бараг анхаарал хандуулалгүйгээр улс оны дотоод асуудал, зорилтуудын талаар ярив. Сүртэй уриа лоозон ч байсангүй, харин тодорхой олон зүйлийн талаар дурдав. РИА Новости-гийн сурвалжлагч нарын тэмдэглэж байгаагаар ерөнхийлөгчийн гол санаа бодлыг нийгмийн зүтгэлтэн, түшмэдүүд янз бүрээр тайлбарласан аж.

Ажилд хандах хандлага

Гостиный двор-ын зааланд томоос том дэлгэц суурилуулсныг бодоход илгээлтийн үеэр видео бичлэг үзүүлэх байх хэмээн төсөөлж байв. Өнгөрсөн жил Владимир Путин бараг хоёр цаг шахуу, өнгөрсөн бүх цаг хугацаанд хамгийн удаан илтгэсэн илгээлтийнхээ үеэр янз бүрийн график, видео үзүүлсэн билээ. Кремлийн ямар ч заал тийм том дэлгэц, тийм олон хүн багтаах боломжгүй болохоор энэ бүхнийг Манежэд зохион байгуулсан хэрэг. Харин энэ удаа Ерөнхийлөгч депутатуудад хандаж үг хэлэхдээ хэвшиж заншсан түүхэн засал чимэглэлгүйгээр (интерьергүйгээр), олон нийттэй шууд харилцдаг Гостиный дворыг сонгожээ.

“Сонирхолтой нь, энэ удаа хэр удаан илтгэх бол” хэмээн сэтгүүлчид янз бүрээр таамаглаж, яагаад ч юм бэ, шинэ дээд хэмжээ (рекорд) тогтоох байх гэсэн хүлээлттэй байв. Гэвч таасангүй. Гол анхаарлыг гадаад бодлогод төвлөрүүлэх байх гэсэн таамаг ч бас оносонгүй. Цагийн дийлэнхийг Путин Оросын дотоод асуудалд зарцуулж, үгийнхээ төгсгөл хэсэгт “дэмий цаг үрэхээр” хариулъя гэсэн шиг олон улсын сэдвээр санаа бодлоо товч илэрхийлсэн.

Дэлгэцүүдийг шинэ зэвсгийн тухай видео бичлэг үзүүлэхэд бус харин ерөнхийлөгчийн дурдсан тоо баримт, үзүүлэлт зэргийг харуулахад л зориулж ашиглав. Зочдын суусан заалнаас өөр тусгай танхимд сэтгүүлчдийг оруулсан болохоор хэвлэлийнхэн бүгдийг дэлгэцээр ажиглаж харав. Үг хэлж дууссаны дараа харин улстөрчид, түшмэдүүдтэй уулзах боломж тэдэнд олдсон. Гэхдээ Ерөнхийлөгч үгээ чухамдаа түшмэдүүдэд хандахаас эхэлсэн.

Улс орны өмнө зогсч байгаа зорилтууд ихээхэн нарийн төвөгтэй болох тухай ярих зуураа Ерөнхийлөгч “Хэрвээ хэн нэгэн хүн улиг болсон хуучин замаараа л явах гэж байгаа бол шуудхан зайгаа тавьж өгөөд явах хэрэгтэй” хэмээн санал болгосон. Дүлэгнэж суух, эмхэрч цэгцрэхийг хүлээх цаг хугацаа огт байхгүй. “Тэнд ч болохгүй, энд ч дэндүү төвөгтэй, ер нь бүтэхгүй дээ гэх үг яриаг би аль хэдийнэ сонссон. Ийм санаа бодолтой байгаа бол “суманд” ойртохын ч хэрэггүй” хэмээн ерөнхийлөгч тайлбарлав.

Тэрээр зааланд сууж байгаа хийгээд улс орон даяарх нийт түшмэдүүдэд хандаж ”Хүмүүсийг хуурч мэхлэх аргагүй. Хүмүүст хүнд суртал, өдөр тутмын цаасанд дарагдсан ажил сонин биш, харин юу хийж бүтээсэн, тэр нь тэдний болон гэр бүлийнх нь аж амьдралыг хэрхэн өөрчилж сайжруулж байгаа нь л чухал” гэсэн. Төгсгөлд нь дүгнэж тэр “Өнгөрсөн арван жилүүдийн алдааг давтаж, коммунизм өөрөө хүрч ирэхийг бид хүлээх ёсгүй, нөхцөл байдлыг сайн болгохын тулд яг одоо өөрчлөх ёстой” гэж хэлсэн.

Олон хүүхэд – бага татвар

Гэр бүлд дэмжлэг үзүүлэхийг Путин эхний үндсэн зорилт хэмээн тодорхойлов. Улс орны хүн амын тоо буурч байна, хүүхэд төрүүлэхийг материаллаг дарамт гэж үзэхгүй байх явдал чухал байна. Үүний дараа шууд залгуулаад 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бага орлоготой өрхөд эхний болон хоёр дахь хүүхэд төрүүлсний нөхөн олговорыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд үзүүлэх тусламжийг хоёр дахин өсгөх санал дэвшүүлэв. “Энэ ч гэсэн багадна, гэхдээ дэмжлэг үзүүлэхэд нэмэр болгож байгаа арга хэмжээ”. Гол нь гэр бүлд ногдох татварын ачааллыг, тухайлбал газрын татварыг бууруулах явдал. Маш энгийн зарчим олон хүүхэд-бага татвар хэмээн Путин тодотгов.

Орон сууцны (ипотекийн) зээлтэй олон хүүхэдтэй гэр бүлд тус бүр 450 мянган рубль олгож байхыг төрийн тэргүүн мөн санал болгов. Бэлэн байр худалдаж авахад төдийгүй өөрийнхөө газар дээр хувийн байшингаа барих боломжийг олговол бүр сайн болно.

Улс орон даяар 19 сая хүн ядуу зүдүү амьдарч байгаа тохиолдолд хүн ам зүйн асуудлуудыг шийдэхэд төвөгтэй. Ядуурах шалтгаан олон, ядуурал хүмүүст дарамт үүсгэдэг болохоор төр тусалж дэмжих ёстой хэмээн Путин онцлов. Орлогогүй болсон иргэдийн орон сууцны зээлийн төлбөрөө эргэн төлөх хугацааг сунгах талаар судалж үзэхийг төрийн тэргүүн санал болгонгоо- “Бид хариуцлагаа ойлгох хэрэгтэй л дээ, гэхдээ хүний амьдралд юу эс тохиолдоо билээ. Ийм нөхцөлд хүнийг мухардалд оруулна гэдэг бол эдийн засгийн үүднээс авч үзвэл аргаа барсан эцсийн арга хэмжээ” хэмээн өгүүлэв.

Анагаах ухааны талаар Путин дурдахдаа албан ёсны үзүүлэлтээр поликлиникүүдийн нөхцөл байдал сайжирч байгаа хэдий ч “дундаж тоон үзүүлэлтээр хүний зовлон нимгэрэхгүй” гэв. Тэрээр боловсролын сэдэв, интернетийн хүртээмж, соёлын асуудлыг мөн хөндөж ярив. Нийгмийн асуудлаар илгээлтэд хэлсэн үг бүхэлдээ түшмэдүүдэд хандаж  “хүмүүсийг илүү гүнээ хүндэтгэж байх”-ыг сануулав.

“Түшмэдүүдэд хандах бухимдал“

Зорилго, дэвшүүлж байгаа саналаа онцолж дурдах явцдаа Путин эрх баригчдын зүгээс жирийн хүмүүст хайхрамжгүй, эсвэл бүр басамжилж хандах явдал огт байж болохгүй гэдгийг нэг бус удаа онцолж байв. Түшмэдүүд “Үг хэл, үйлдэл нэг бүрээрээ иргэдэд ихэмсэг дээрэлхүү зан гаргаж хэрхэвч болохгүй”.

“Өдөр бүр, өглөөнөөс орой болтол хүмүүстэй ажиллана гэдэг үнэндээ амаргүй хувь тавилан, маш хүнд хэцүү ажил гэдэг нь мэдээж. Гэхдээ нэгэнт ийм алба хашихаар зорьж ирсэн бол хүмүүсийн жаргал зовлонг хуваалцаж, тэдний санаа сэтгэлийг зовоож түгшээж байгаа асуудлыг мэддэг байх хэрэгтэй. Үүнийг цаг ямагт санаж явахыг би та бүхнээс хүсч байна” хэмээн Ерөнхийлөгч танхимд цугларагсдад хандаж хэлэв. Түүний энэ үгийг танхим дүүрэн алга ташиж хүлээн авсан.

Бизнесийнхнээс, ер нь бүхэлдээ хүмүүсээс “хэрэгтэй хэрэггүй бичиг цаас, элдэв тодорхойлолт, бичиг баримт шаарддагийг болиулах” хэрэгтэй, тэгвэл “түшмэдүүдэд хандах уур бухимдал аяндаа аажим аажмаар намжина” хэмээн Путин тэмдэглэв.

Тэрээр “орон сууцны хорооллын дэргэд хог хаягдлын уул овоо болж хувирсан” хогийн талбайн асуудлыг хөндөхдөө дээр өгүүлсэн санаагаа давтав. “Бүх шатны эрх баригчдад хандаж хэлэхэд иргэдийн тавьж байгаа хүсэлт шаардлагыг үл тоомсорлон юу ч болоогүй юм шиг царай гаргаж, асуудлыг шийдвэрлэхээс бултаж зайлах явдал огт байж болохгүй. Эдгээр асуудал хүнд хэцүү гэдэг нь мэдээжийн хэрэг, гэхдээ хэцүү асуудлыг заавал шийдэх ёстой шүү дээ”.

“Ингэхэд, хог, хаягдлын талбайн дэргэд орон сууц барих зөвшөөрлийг яах гэж өгсөн бэ гэдэг нь сонин биш үү? Хэн үүнийг бодож үзсэн юм бэ? Харин та бүхэн бодож тунгаах ёстой юм биш үү?” хэмээн асуув.

Түүний хэлснээр ойрын хоёр жилд багтаан хотын бүс дотор үүсч бий болсон хог хаягдлын гучин том талбайг хааж цэвэрлэж тохижуулах, зургаан жилд багтааж үлдсэн бүх хогийн талбайг цэвэрлэж дуусгах ёстой ажээ. Агаарт цацагдаж байгаа хортой бодист квот тогтоох тухай хууль батлахыг “нөлөө бүхий лоббичингууд” саад хийж удаашруулахыг хичээж байгаа боловч энэ хуулийг бүр энэ хаврын чуулганаар батлах хэрэгтэй байна гэв. “Ийм байдал эцэс төгсгөлгүй үргэлжилж болохгүй”  хэмээн Путин шаардав.

Санхүүгийн найдвартай ар тал бүхий мөнгө

Төрөөс санхүүжүүлэх хэд хэдэн томоохон санаачилгын талаар Ерөнхийлөгч танилцуулав. Түүний нэг нь 2020 оноос хэрэгжих “Хөдөөгийн (земский) багш” хөтөлбөр бөгөөд зах хязгаарын алслагдсан жижиг хот, сууринд очиж ажиллахаар шийдсэн багш нарт нэг удаа тус бүр нэг сая рубль олгох ажээ.

Холбооны хуралд тавьж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины илгээлтийг шууд дамжуулж байгааг зүрх, судасны мэс заслын төвийн эмнэлгийн ажилтнууд үзэж байна.

“Бидэнд санхүүгийн аюулгүй байдлын маш том хүчин чадалтай ар тал бий” хэмээн Путин нотлов. “Түүхэнд анх удаа манай нөөц төрийн, гэхдээ энэ бол маш өчүүхэн, болон арилжааны секторын гадаад өрийг бүрэн дарж чадсан гэдгийг та бүхэнд мэдээлж чадах байна” хэмээн тэр тайлбарлав.

“Мөнгө хаа байнаа, хааш нь оруулаад байна хэмээн Засгийн газар, санхүү, эдийн засгийн салбарынхныг (блокийг) байнга шүүмжилдэг хүмүүст хандаж хэлье. Тодорхой төвшинд хүртэл өсгөж арвижуулах, дараа нь үүнийгээ, макро эдийн засгийн нөхцөл байдлаа савлуулалгүй, бага багаар ашиглах зорилт бидэнд бий. Одоо бид үүнийг хийж эхэлж байна. Үндэсний сайн сайхан аж байдлын санд (Фонд национального благополучия) байршуулсан хөрөнгөөс 2018 оны төсөвт шилжүүлсэн нийт орлого 70,5 тэрбум рубль болж байна” хэмээн Путин үргэлжлүүлэв.

Төрийн тэргүүний хэлснээр ОХУ-ын эдийн засгийн өсөлтийн хүлээгдэж буй хурд гурван хувийг давах аж. Бизнесийг, түүний дотор мэдээллийн технологийн (IT) салбарт хүчтэй болгох түүхэн боломжууд ОХУ-д байна гэдэгт Путин итгэлтэй байна. Амжилттай хөгжиж байгаа секторын тоонд тэрээр хөдөө аж ахуйг жишээ болгов. Эх орондоо үйлдвэрлэсэн цэвэр ногоон бүтээгдэхүүний хамгаалагдсан брэндтэй болохыг тэрээр Засгийн газарт даалгаад “хилийн чанадад одоо цэврээрээ үлдсэн юм байхгүй болсон” болохоор ийм бүтээгдэхүүн “гадаад зах зээлд сайн борлогдоно” хэмээн тайлбарлав.

Ийм ажлыг хийж гүйцэтгэхээр “барьж авахаас бэргэж халширдаг”

Улс орон дахь ажил хэргийнхний уур амьсгалын талаар Путин танилцуулав. Шударга бизнесийг эрүүгийн болон захиргааны шийтгэлийн зүйл, заалтаар айлган дарамтлах ёсгүй гэдгийг Ерөнхийлөгч онцлов. Бизнесменүүдийн эсрэг өдүүлсэн хэргийн бараг тэн хагас нь шүүхэд очихгүй байна, ийм шалтгаанаар бизнес нь нурж байгаа нэг ажил хэрэгч хүнд дунджаар ажилгүй болсон 130 хүн ногдож байна. Эдийн засгийн хувьд энэ бол ноцтой асуудал.

Асуугдаж байцаалт өгөлгүйгээр олон сарын турш торны цаанаа сууж эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн нөхцөл байдлыг сайтар судалж шинжлэхийг Ерөнхий прокурорын газар, Дээд шүүхэд Ерөнхийлөгч даалгаад “Нэг ч удаа байцаалт өгөлгүйгээр хүн олон сарын турш торны цаана сууж байна. Яагаад байцаалт аваагүй юм бэ гэж прокурор асуухаар ээлжийн амралттай байсан гэж мөрдөгч хариулж байна. Энэ юу гэсэн үг вэ? Байцаалт авах хүн торны цаана сууж байдаг, мөрдөгч ээлжийн амралтаа авч байдаг. Хэдэн сараар байцаалт авдаггүй. Ийм байж таарахгүй. Үүний учрыг олох хэрэгтэй” гэв.

Хяналт шалгалтын үйл ажиллагааны эрх зүйн орчныг ч Засгийн газар дахиж авч үзэх ёстой, гэхдээ энэ бол багадна, эрс шийдэмгий алхам хийх хэрэгтэй. “2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хяналт, шалгалт, захидал, зааварчилгааны хүрээн дэх одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа нормативын актуудыг зогсоож цуцлахыг” Ерөнхийлөгч амлав. Путины хэлснээр олон түшмэл үүнийг хийхээсээ халширч айдаг гэнэ. Хяналт шалгалтын байгууллагын ажилтнууд нь ч дотор нь юу гэж бичсэнийг мэддэггүй, ямар ч үр ашиггүй дэг журмууд хэдэн арван жилээр хуримтлагдсан гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.

“Зарим чиглэлээр, зарим байгууллагад хэдэн арван жилээр хуримтлагдсаар жигтэйхэн зузаан болсон нормативын баримт бичгүүд Зөвлөлтийн үеэс өнөөг хүртэл заримдаа хүчин төгөлдөр үйлчилсээр байна.” – хэмээн Путин тодруулав.

ОХУ байдлыг хурцатгахыг хүсэхгүй, хэнд ч заналхийлээгүй

Гадаад бодлогын талаар илгээлтийн төгсгөл хэсэгт ярив. ОХУ тусгаар тогтносон, бүрэн эрхт улс байсан, байсаар ч байх болно гэдгийг Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. ОХУ ийм л байх болно, эсвэл бүр байхгүй болно хэмээн тэр нэмж хэлэв. “Гарцаагүй шаардлага гарч байгаа учраас” АНУ-тай харилцах асуудлыг дэлгэрүүлж ярихаар болов.

Ойрын болон дундын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээ (ОДТПУГ) хуучирсныг тэр хүлээн зөвшөөрөөд гэхдээ АНУ уг гэрээнээс гарахын тулд зохиомол зүйл ашиглан ОХУ-ыг буруутгаж байна. “Өөрсдийнхөө сателлитуудын хүчин чадлыг ч тэд шинэчилж байна. Гэхдээ тэд энэ асуудлаар америкчуудад эвтэйхэн ойлгуулах гэж байна” хэмээн онцлов.

Гэлээ ч гэсэн Москва пуужингуудаа Европт түрүүлж байрлуулах бодолгүй. “Хожим хойно биднийг хэн ч ямар нэг зүйлд буруутгахгүй байхын тулд бидэнд хамаарах шууд аюул занал учруулах газар нутаг төдийгүй бидэнд аюул занал учруулах пуужингийн тэдгээр цогцолборыг ашиглах шийдвэрийг гаргадаг төвүүд байрлаж байгаа тэдгээр газар нутгийн хувьд ч ашиглаж болохуйцаар ОХУ зэвсгийн төрлүүдээ зохион бүтээж, байршуулах болно гэдгийг бүр өнөөдөр, ил тод шуудхан хэлье” хэмээн Путин өгүүлэв.

3М22 “Циркон” пуужингийн дүрслэл

Түүний хэлснээр ОХУ бусад улс оронтой, “тэр тусмаа АНУ шиг глобал улс оронтой” сөргөлдөхийг хүсэхгүй байна. Үгийнхээ төгсгөлд ерөнхийлөгч тогтвортой, урт удаан хугацааны хөгжилд энх тайван хэрэгтэй, гагцхүү хүчин чадлаа нэгтгэж байж л тавьсан зорилгодоо хүрч болно хэмээн тэмдэглэв.

Үүний дараа сэтгүүлчдийг зочидтой уулзуулахаар оруулав. Түшмэдийн зарим нь хувцасны өлгүүр лүү яаралгүйхэн алхаж байхад зарим нь зураглаачийн дурангаас бушуухан бултахыг хичээж байв. Гол төлөв улстөрчид санаа бодлоо дуртайяа хуваалцав. Оросын Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский, жишээлбэл, илгээлтийн гол санааг “ОХУ руу хэн ч хүчээр түрэмгийлэх аргаар нөлөөлж чадахгүй. Биднийг ямар хүчтэй зэвсэгтэй болохыг тооцоолж, дайрч довтлох санаа бодлоосоо цагаа олж эртхэн татгалзах хэрэгтэй” хэмээн ойлгожээ.

“Америк үүнээс айх ёстой юу?” хэмээн тэр даруй америкийн сэтгүүлч тодруулав. “Орчуулагчийг нааш нь хурдан!” хэмээн Жириновский тушаагаад “ОХУ-ын эсрэг аливаа цэргийн ажиллагаа явуулна гэдгийг нэгмөсөн мартацгаа, эс тэгвэл эдгээр улс орон байхгүй болно, гэхдээ энэ үгийг би хувиасаа хэлж байгаа шүү” хэмээн үргэлжлүүлэв.

Ерөнхийлөгчийн илгээлтээс арай өөр зүйлийг сенатч Елена Мизулина олж сонсжээ. РИА Новости-гийн сурвалжлагчтай ярилцахдаа тэрээр “Гол чухал асуудал бол хүмүүсийн нийгмийн сайн сайхан аж байдал. Хүмүүс үүнийг л хүсэн хүлээж байна. Ерөнхийлөгч гадаад бодлогоо сайн авч явж байна, гэхдээ дотоод улс төрийн бодлогодоо илүү анхаараасай гэж хүсдэг хэмээн олон сонгогч хэлж ярьж байна. Өнөөдөр харин энэ бүхэн байлаа” гэв.

“Өнөөдрийн хэлсэн үгэнд зохицуулалтыг өөрчлөх гэх мэт зарим нэг санаа нэлээд эрс шулуун байсан гэж бодож байна. Энэ бол биелдэггүй урианаас Ерөнхийлөгч залхсаныг харуулж байна, энэ бол түүнийг тодорхойлдог эрс шийдэмгий алхам. Би хувьдаа үүнд нь баяртай байна” хэмээн Сбербанк)-ны тэргүүн  Герман Греф төрийн тэргүүний хэлсэн үгийг тайлбарлав.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МЭЛСЧОЦЭ 2019-02-25 13:11:35
    ЖИЛИЙН ЖИЛД Л ИНГЭЖ 3,4 ЦАГ ҮРГЭЛЖИЛСЭН ЛЕКЦ УНШДАГ ЮМ, СОНИРХОЛТОЙ ЮМ ЮУ Ч АЛГА