Л.Цог: Буудсан газраа ч нууцалдаг байсан учраас судлах ажил нэлээд бий
Жил бүрийн есдүгээр сарын 10-ныг “Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” хэмээн эргэн дурсаж өнгөрүүлдэг. Энэ жил 19 дэх удаагаа тохиож буй түүхийн эмгэнэлийг сануулах өдрийн талаар УИХ-ын дэд дарга Л.Цогоос зарим асуудлыг тодруулсан юм.

-Маргааш “Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”. Та Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын хувьд хийж гүйцэтгэсэн ажлуудаасаа дурьдаач?

-Монгол Улсад “Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг зохион байгуулаад 19 жил болж байна.

Төр, засгийн удирдлагууд албан ёсоор ард түмэн, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн болон өөрсдөд нь төрийн хүндэтгэл илэрхийлнэ. 1939 оны дөрөвдүгээр сараас хойш өнөөг хүртэл өнгөрсөн зууны их хэлмэгдүүлэлт явагдсан бөгөөд одоогийн байдлаар 31 мянган хүнийг цагаатгах ажлыг хийж, нэр төрийг нь сэргээсэн.

1998 онд УИХ-аас “Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хууль баталсан.
Энэ хуулийг хэрэгжүүлж эхлээд 16 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд нийт дүнгээр 18036 хүнд 16 тэрбум 247.4 сая төгрөгийн нэг удаагийн нөхөн олговрыг төрөөс олгосон.

Зөвхөн энэ оны эхний хугацаанд 34 иргэнд 33 сая төгрөгийн нөхөн олговор өгсөн.

Түүнчлэн манай комиссынхон өөрсдөө шийдвэр гаргаад хэдмэгдэгсэд болон тэдний ар гэрийнхэнд мөнгөн тусламж олгодог болсон. Үүнийгээ ч өөрсдийн хэмжээнд гүйцэлдүүлсээр байгаа. Тухайлбал энэ жил орон нутгийн салбар комиссуудаас нийт 209 хүнийг хамруулан 13.8 сая төгрөгийн тусламж олгоод байна.

-Хэлмэгдэгсдэд гэр өгдөг болсон гэв үү?

-Тийм ээ. Тодорхой хэмжээгээр боломжуудаа ашиглаж л байна. 16 айлд гэр олгохоор гэрчилгээг нь өгөөд байна.

-Гэхдээ энэ ажил аль эрт дуусах ёстой байсан байх аа. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу хугацаа заасан байсан?

-Мэдээж, тэгэлгүй яах вэ. Дуусах шатандаа орсон. Одоо 6000-аад хүний асуудлыг шийдвэрлэчихвэл үндсэндээ цэг тавих боломжтой болох байх.

-Дээрх 6000 хүний тоонд Зөвлөлт холбоот улсад алга болсон гэгддэг 900-гаад иргэн багтах уу?

-Тэгнэ. Шалгаж, судлаж буй хүмүүсийн тоонд орсон байгаа. Ерөнхийдөө олон нийтийн хэлж буйгаас нэлээд олон хүний асуудал бий. Гэхдээ прокурор, тагнуулын байгууллагад шалгаж байгаа учраас илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

Түүнчлэн огт баримтгүй зүйлүүд ч бий. Тухайн хүнд хатуу цагт буудсан газраа ч нууцалдаг байсан учраас судлах ажил нэлээд бий. Тиймээс судалгааны баг архивын баримтуудыг ашиглаж байгаа.

-Гэхдээ хуулийн хэрэгжих хугацааг сунгах тухай нэмэлт өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа байх аа?

-Хуульд цагаатгалын тухай өргөдлийг 2011 онд дуусгавар болгохоор заасан байдаг. Гэвч сунгах шаардлагатай учраас үүнтэй холбогуулан өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан.

Түүнчлэн улстөрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болон амиа алдсан хүмүүсийн ар гэрт өгч буй тэтгэмжийн хэмжээ дэндүү бага байна гэж үзээд хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан. Одоо үнийн дүнг хэлвэл нэлээд олон оронтой тоо гарна.

Гэхдээ эдийн засгийн байдал хүнд байгаа гэдэг шалтгаанаар хойш нь тавьсан.
Мэдээж үүнийг дагаад нөхөн олговор авах гэж байгаа хүмүүс нь бухимдалтай, Засгийн газар одоогоор олгож чадахгүй гэсэн байр суурьтай байгаа юм.

Бидний зүгээс шууд зогсоохгүй боломжийнхоо хэрээр үргэлжлүүлээд дуусгана гэсэн бодолтой байна.

-Зарим тохиолдолд хохирсон хүн бүр өөрийгөө хэлмэгдсэнд тооцоод байдаг. Хуулийн хүрээнд бол боломжгүй биз дээ?

-Хууль зүйн ойлголтоор хохирсон, гомдсон бүхэн хэлмэгдсэн гэсэн үг биш. Хэлмэгдүүлэлт гэдэг нь төрийн бодлогын дагуу нийтийг хамарч, нийгэм даяар явуулсан бодлогын нөлөөг хэлдэг учраас ганц, хоёр хүн гомдсон асуудлыг хэлмэгдүүлэлт гэж тооцох боломжгүй.

-Төрийн бодлого, нийгэм даяар гэхээр орчин үед төрийн албаныхныг намчирхах үзлээр олноор нь халдаг асуудал бий болсон. Энэ нь нэг төрлийн хэлмэгдүүлэлт юм биш үү?

-Ерөнхийдөө үүнтэй санал нэг байгаа. Энэ үзэгдэл сонгуулийн дараа маш их ажиглагддаг. Ийм асуудал дахин гаргуулахгүй байх талаар төр, засгаас анхаарах хэрэгтэй.
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үргэлжлүүлж тогтоох санал 2016-08-09 08:44:56
    хэлмэгдүүлэлт гэдгийг маш тодорхой болгох хэрэгтэй одоо жишшэ нь үндэслэлгүйгээр ажлаас халж амьдарлгүй болгож байгаа нь хэлмэгдүүлэлт цалинг тооцож олгох гэх м...
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах