“Моннис” групп иргэдэд цаасан малгай өмсүүлсээр байна
“Моннис” группийн охин компани болох “Моннис Урбан Девелопмент” ХХК дахин төлөвлөлт нэрийдлээр авсан газар дээрээ барьсан 150 айлын орон сууц буюу хоёр блокон барилгынхаа нэгийг нь ч дуусгаж амжихгүй байсаар долоон жилийн нүүр үзжээ.

Өнгөрсөн хугацаанд нэг блокон 10 гаруй давхар байрыг барьж дуусгасан хэрнээ ашиглалтад оруулж, айлуудыг нүүлгэж оруулж чадахгүй байсаар өдий хүрсэн. Уг нь 2018 оны арваннэгдүгээр сард оруулна гэж ярьж байсан ч энэ нь худлаа байв.

Газраа тус компанид зарсан иргэд тэвчээртэй хүлээсэн. Гэтэл байхгүй. Харин дахиад шинэ он гарахаас өмнө амжиж оруулна гэж худлаа хэлэв. Өнөөдрийн байдлаар байрандаа орсон нэг ч айл алга. Хүлээлтийн байдалтай тэсвэр тэвчээр алдагдсан байдалтай байна. Байраа нэхэхээр аар саархан зүйлээр амыг нь таглачихаад байх юм гэсэн юм.

Тус байрнаас хоёр байр авах ёстой иргэн Г.Тэгшбаяр “Худлаа хэлж, итгэл үнэмшил төрүүлэхүйц цаасан малгай өмсгөсөөр  “Моннис Урбан Девелопмент” ХХК өнөөдрийг хүртэл ганц блокон байр ашиглалтад оруулж чадахгүй, 150 гаруй айлыг хохироосоор байна. Одоо бид бүхэн нийлээд хэл ам, хэрүүл тэмцэл хийе гэхээр ирэх ч хүн байхгүй болов. Ингэж иргэдийн итгэл найдварыг “алж” алдаж байгаа юм. Тэгээд хэл ам хийсэн хүмүүсийг элдвээр загнаж харааж, бараг байранд чинь оруулахгүй шүү загнаж дарамталдаг.

Би инженер гэх залуутай уулзсан. Цэвэр усны шугамаа татаагүй, шийдээгүй байгаа улсууд юм билээ. Газар гэсэхээр холбогдох газруудаас зөвшөөрөл авбал шугамаа татаад ашиглалтад оруулна гэсэн утгатай юм ярьсан.
Түүнээс гадна энэ ашиглалтад оруулсан эхний блокийг бараг урьдчилгаа аваад ажлынхандаа зарсан гэх яриа гараад байгаа.

Миний хувьд хоёр байр авах ёстой. Гэтэл “Моннис”-ийн удирдлагууд нэг байрыг өгнө гэж яриад байгаа юм. Олон жил орох оронгүй болчихоод нэг байр өгнө гэж юу яриад байгаа юм бэ. Би алалцаад ч хамаагүй хоёр байраа шууд дайраад авна гэж бодож байгаа. Дараагийн баригдаа ч үгүй нэг блоконд танай байр байгаа гэж байсан. Би тэгж хэлснийг нь хүлээж аваагүй. Одоо хавар болж газар гэсэхийг нь хүлээх юм байна л даа” гэв.

Хоёрхон блокон байр ашиглалтад оруулж чадахгүй, эдийн засгийн чадамж тааруу байна гэх элдэв шалтаг тоочиж, олон жил болж байгаа энэ группийнхэнд ичих нүүр, эмзэглэх сэтгэл байхгүй. Олон айлыг орох оронгүй болгож гудамжинд гаргасан байдаг. Хугацааг нь жил, сараар хойшлуулдаг “Моннис” группийнхэнд санхүүгийн чадамж байхгүй байна гэж баймааргүй юм. Жирийн ядарсан ард иргэдийг ийнхүү дээрэлхэж хуураад байна. Аргаа барсан иргэд жагсч тэмцээд ч амжилт олоогүй юм.

Дахин төлөвлөлт нэрийдлээр 150 гаруй айлын  газрыг нь дээрэмдэж, хашааг нь нурааж авсан хариуцлагаа алдсан “Моннис” группийн “Моннис Урбан Девелопмент” ХХК-нд хэн, хаанаас, ямар хариуцлага тооцох ёстой нь ч тодорхойгүй байгаа аж.



О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine