Алсын чанадад “мөнхөрсөн” амраг чамдаа....
Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр тохиож байна. Хайраа илэрхийлж, бэлэг өгдөг уламжлалтай билээ.

Тэнгэрийн оронд заларсан амраг хайртдаа зориулж, ариун хайрын түүхээ бичлээ.
 
Амьдын жаргалыг богинохон хугацаанд эдлүүлээд алсын чанадад амирласан амраг чамдаа аньсага нүдээ чийгтүүлэн, атгахан зүрхээ чагнан байж энэхүү захидлаа тэрлэлээ. Өөрөөр хэлбэл, миний бие өнөөдөр өөжин шар хүүгээ харж амжаагүй, хөх тэнгэрт дэвшсэн хайртдаа зориулж сэтгэлийн үгээ сийрүүлж, бас сэмлэж сууна.
 
Чи минь тэнгэрийн оронд тухлаад яг дөрвөн жил гурван сар болжээ. Чамгүй өнгөрүүлсэн цаг хугацаа бүхэн чанга байна шүү хайрт минь.
 
Гэхдээ энэ удаад гуниг харуусал, харамсал бичихийг хүссэнгүй ээ, чин үнэнч байсан чинийхээ гэгээн хайрын цадигийг, гэрэлт мөрөөдлийнх нь хамт бичиж байгаад би баярлаж бас бахдаж байна.
 
Сайхан чиний минь алаг махны тасархай алтан ёсны хэлтэрхий, удмыг минь залгаж ураг гагнах нуган үр тань өнөөдөр 4 нас хүрчээ. Чамайгаа бодож, ээждээ ханьтай, хана түшигтэй байхыг нь бэлгэдэж хүүдээ их гоё нэр хайрласан юм шүү хайрт минь ээ.
 
Үр үндэс нь хорвоод мэндлэхээс гурван сарын өмнө тулгар биетэй намайг үүрд орхиод буцаж ирэхгүйгээр бурханы орныг зорьсон чамайгаа би өнө мөнхөд үгүйлэн санаж, үхэн үхтэлээ хайрлан дурсаж, диваажин дахь замыг нь гэрэлтүүлэхийн тулд дандаа зул, хүж өргөж, хойчийн их буянд нь халгаж халширлахгүйгээр буян үйлдсээр байгаа хайрт минь.
 
Өөрийгөө үхэхгүй мэт бодож, амьдралын төлөө зүтгэсэн сайхан чи минь өнөөдөр хажууд алга, орон зай нь эзгүйрч, одоо ч эл хуль байдалдаа дасаж бас эвлэрч өгөхгүй л явна даа.
 
Чи минь чигч шударга шулуун зантай, хатуу үгтэй ч хайр нь цалгисан нэгэн байж билээ. Хүмүүстэй тажигнатал хэл ам хийчихээд дараа нь хийсэн гэмээ мартчихсан инээчихсэн, “Андаа, найзаа, ахаа, эгчээ” болчихсон эвлэрчихсэн байдаг зантай нэгэн шүү. Яг л хүүхэд цагаахан хөөрүү нэгэн байсаан.
 
Сайхан дурсамжаа санахад, хэвлийд минь бойжиж буй бяцхан жаалынхаа хүйсийг “хүү” гэдгийг мэдсэндээ хэтэрхий их баярласан чи минь намайгаа дагуулж найзуудтайгаа гурван хоног дарвиж баярлаж явсан тань сэтгэлд тод дурсамж үлдээжээ.
 
Домогт Со гавьяатын “Дорнын цагаан саран” дууг гавьяатаас би дутахгүй дуулна, хань чамдаа бэлэг бариад “Дотно янаг чамтайгаа насаараа цэнгэж суумаараа” гээд үнэн сэтгэлээсээ өр зүрхнээсээ дотогшоогоо мэдэрч дуулаад мэгшиж уйлж байлаа.
 
Араас нь залгуулаад “Гунигийн дуу”-г “Даанчиг томоогүй миний л амраг дахиад битгий уйлаарай даа хө” гэж ихэд гунигтайгаар дуулж ханьдаа, хүүдээ “Хайртай” шүү гэж хэлсэн нь одоо ч чихэнд минь яруухан сайхан сонсогдох мэт болж байна.
 
Тиймээ хайртай чамдаа би ч гэсэн дэндүү их хайртай байж. Дэвэрсэн их хайрыг нь самарчихгүй юмсандаа гэж ихэд хичээдэг байлаа. Гэвч чи минь хайртай бүхнээсээ дэндүү эрт “харвачихсанд” харамсаад барахгүй ч хайрласан хэвээрээ л байгаа шүү хань минь.

Хүү, бид хоёрынхоо зүрх сэтгэлд томоос том орон зай эзэлсэн хэвээрээ. Өөрийг тань өвчсөн мэт дэндүү адилхан дэрсхэн хонгор сайхан шар хүүг тань сайн хүн болгож өсгөхийн төлөө сар жилүүдийг элээнэ. Эцгийгээ дуурайсан тэнгэрлэг, тэвчээртэй нэгэн болгохын төлөө цуцашгүй хөдөлмөр, цуургагүй сэтгэлээр хайрт нь хүчин зүтгэж байна. Чинийхээ өмнө, чинийхээ амлалтад бид хоёр нь бүдрэх ч бүдчих ч эрхгүй юм шүү.
 
Хайрт минь чи сайхан амьдралыг харамгүй мөрөөддөг байжээ. Хань, хүү хоёртойгоо сайхан амьдарч, сайн явж, саар бүхнийг давж, санасан бүхнээ авдаг байна  гэж мөрөөддөг байсан.
 
Хүүгээ цэргийн том генерал болгоно ч гэж ярьдаг байсан. Эхнэрээ алган дээрээ бөмбөрүүлэн хайрлаж, энхэр үрээ хүний зэрэгтэй явуулна даа гэдэгтээ итгэдэг ч байж.
 
Хөөрөлдөж хөгжилдөж, хагацахгүй мэт хамтдаа эрхлэлдэж явж байсан цаг мөч бүхнээ хайрт нь мартсангүй.  
 
Энэ бүхэн мөнхөрч сарниад үлдэж дээ.  Магадгүй бурхан сайн хүнээ түрүүлээд аваад явдаг гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Хэтэрхий ажилсаг, хэрсүү ухаантай чи минь бурхан багшид хэрэг болоод цагаас нь өмнө хайртай хүмүүсээс нь булаагаад авчихсан юм болов уу  гэж хань нь өөрийгөө хуурч, өр зүрхээ тайтгаруулж суудаг болов. Үнэндээ хамгаас хайртай, эрхэм хүнээ алдах шиг харуусал энэ орчлонд үгүй юм билээ. Чи минь үгүй болж, чиг үгүй амьдрал үргэлжилж байгаа ч өөдрөг байхын төлөө өдөр шөнөгүй л өөрийгөө зоригжуулж, сэтгэлийн хатанд “дархлагдсан” байна.
 
“Үхсэнээс үлдсэн үр минь” гэж сайхан хүүгээ  харж, өөрийгөө баясгаж, сэтгэлээ дэвтээнэ. Чамайг “өвчсөн” мэт дэндүү адилхан дуурайж төрсөн өөжин шар хүү чинь өдрөөс өдөрт өсөн томорч, ухаан сууж, ээждээ хань, бараа болж  явна. Хүүтэйгээ л гангар гунгар ярилцаж, цаг хугацааг “барж” байна шүү дээ. 

Тиймээс чи минь наддаа өөрийгөө үлдээгээгүй ч үр хүүхдээ үлдээсэн болохоор энэ орчлонд бид хоёр заяа дутуу явах эрхгүй ээ.
 
Ханагар сайхан хүү минь уул шиг өндөр том, ус шиг уяхан цэлгэр байж, ханхайж эзгүйрсэн гэрээ эзлэх цаг одоохон доо хайрт минь. Чинийхээ тэнгэрлэг сайхан хүүг тээж төрүүлсэн юм чинь тэтгэж өсгөж чадна гэдэгтээ итгэлтэй байна, чамдаа ч бас амлаж байна. Чиний минь хайрын ургамал, санаж сарвайх хүү бид хоёрын байнга зочлох дуртай газар бол Гандан хийд...Аавдаа, амраг чамдаа буян хийж, маанийн ном уншуулах дуртай. Агуу хайрын тань үргэлжлэл болох амь амьдрал билээ, бидэн хоёр нь.
 
Дэндүү залуудаа тэнгэрт од болон харвасан ч сэтгэлд минь үргэлж тод гялалзаж байгаа чамайгаа зүүдэнд байнга зочлоорой, зүрх сэтгэлд минь үүрд хамт байгаарай л гэж хүсье ээ.
 
Хайрт чиний минь үлдээсэн үйл хэргийг санаж бодсон бүхнийг тань сайхан хүү тань үргэлжлүүлнэ. Марал олон оддын нэг нь болсон чамайгаа мартаж л яахан чадах билээ дээ. Мянган жил өнгөрөвч, өнө мөнхөд шинэ байх үгийг хэлье “Би чамдаа хязгааргүй их хайртай шүү”.
 
Агаарын хоосон оронд зайд хумхын тоос болон сарнисан, алсын чанадад "тухалсан" сайхан чамдаа амраг хайртай бүсгүй, алаг хөөрхөн хүүгээс нь зориуллаа.
 2018.02.14

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Даваа  2019-02-14 09:15:08
    Хайрламаар бас уйлмаар бичжээ...Үрийнхээ төлөө мөхийх ёсгүй шүү