Хүчирхийлэгчийг хүмүүжүүлэх нэг арга бол сэтгэл заслын сургалт байдаг
Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороонд таван хүүхэд эхнэрийн хамт амьдардаг Балдорж гэх этгээд гэртээ байнга хүчирхийлэл үйлддэг аж.

Эхнэрээ зодож, хүүхдүүдээ айлгахаас гадна гэрийнхээ эд зүйлсийг сүйтгэж, нэг удаа гэрээ ч шатааж байсан түүхтэй. Олон жил иймэрхүү байдлаар амьдарсан түүнийг сэтгэл засал хүмүүжлийн аргаар хүчирхийлэгч биш болгосон талаар хорооных нь Засаг дарга ярьсан түүхтэй.

Тэгвэл хүчирхийлэгчдэд ял шийтгэл оноохоос илүүдээ ухамсарт нь нөлөөлж, ухаант нэгэн болгохын тулд зан үйл, сэтгэл санаанд нь нөлөөлөхөөр хүн засарч төлөвшиж болдгийг харуулав.

Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 53 мянга гаруй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Нийт гэмт хэргийн 8,3 хувийг эзэлж байна гэсэн үг юм.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 751 буюу 95 хувийг хөнгөн, 37 буюу 4,7 хувийг хүнд гэмт хэрэг эзэлжээ. Хэргийн гаралтыг харахад ихэвчлэн нийслэлд 56,1 хувь үйлдэгджээ.

Нарийвчлан үзвэл хүн ам ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт гэр бүлийн хүчирхийлэл их бүртгэгддэг байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн нь нөгөөгөө айлган сүрдүүлэх, дарамтлах байдлаар ихэвчлэн илэрдэг. Иргэдийн дунд ихэвчлэн цохьсон, зодсон үйлдлийг хүчирхийлэл гэж ойлгодог. Гэвч байнгын сэтгэл санааны дарамтад байлгах, айлган сүрдүүлэх зэргийг хамтад нь гэр бүлийн хүчирхийлэл гэж хэлдэг. Эдгээр шинжүүдээс хамаарч дараах дөрвөн төрөлд хувааж авч үздэг.

-Бэлгийн хүчирхийлэл /Гэр бүлийн хүмүүсийн хэн нэг нь нөгөөхөө хүсээгүй байхад бэлгийн харилцаанд орох, хууль бусаар бэлгийн дур хүслээ хангах/

-Сэтгэл санааны хүчирхийлэл /Нэг нь нөгөөгөө байнга хардах, мөрдөж мөшгөх, дарамтлах/

-Эдийн засгийн хүчирхийлэл /Сүүлийн үед эдийн засгийн хүчирхийлэл нэлээд ажиглагдах болсон. Ялангуяа манай нийгэмд нөхөр нь ажилдаа явж, эхнэр нь гэртээ хүүхдээ хараад үлдэх тохиолдол их бий. Нөхөр нь ар гэрээ элбэг хангалуун баян чинээлэг байлгах шаардлага байхгүй. Гэхдээ эхнэртээ сүү, талх гээд хэрэгцээнийх нь мөнгийг өгдөг байх ёстой. Гэтэл би ганцаараа ажил хийж байна гээд эхнэртээ мөнгө өгдөггүй. Эхнэр нь эдийн засгийнхаа хувьд хараат байдлаар хандаж, ажил хийе, гэр орныхоо эдийн засгийг нэмье, дэмжье гэхээр нөхөр нь зөвшөөрдөггүй. Нөхөр нь зөвхөн “Чиний үүрэг бол ээж, эзэгтэйн ажлаа хийх гэдэг. Ийм байдал эдийн засгийн хүчирхийлэл үйлдэгдэх шалтгаан болдог байна/

-Бие махбодийн хүчирхийлэл /Байнга зодох, биед нь гэмтэл учруулах/ гэх мэтээр гэр бүлийн хүчирхийллийг дөрөв ангилдаг байна.

Хүчирхийлэлд эмэгтэйчүүд өөрийгөө буруутгах хандлага их байдаг. Яагаад гэвэл “Би л буруутай. Би гэрээ цэвэрхэн байлгаж, нөхрөө ажлаас нь ирэхэд ая тухтай, халуун хоол цайтай угтах ёстой. Элдэв хэрүүл нэхэх ёсгүй. Ядраад ирэхэд нь би элдэв зүйл нэхэж, шаардлаа” гэх мэтээр өөрийгөө буруутгадаг. Энэ бол маш буруу юм.

Ийм байдлаас чинь болж таны нөхөр хүчирхийллээ илүү даамжруулдаг. Нэг удаа таныг цохилоо. Дараа нь хоёр удаа цохино. Гурав дахь удаагаа биед тань хүнд гэмтэл учруулж, өөрийг тань үл тоож, доош хийж доромжилдог болдог. Тэгэхээр ийм үйлдлийг даруй таслан зогсоох хэрэгтэй. 

Дээрх байдал илэрсэн тохиолдолд айж эмээлгүй, ичиж зоволгүй цагдаагийн байгууллага болон хүчирхийллийн эсрэг үндэсний төв бусад холбогдох төрийн болон төрийн бус байгууллагад хандаж өөрсдийнхөө хохирсон эрх ашгаа, амь насаа хамгаалуулах эрхтэй юм шүү.
 
Ял шийтгэл оноохоос илүүтэйгээр ухамсарт нөлөөлөх нь урьдчилан сэргийлэлт болно
 
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Болор “Гэр бүлийн хүчирхийллийн улмаас нэг хүн өнгөрсөн онд амиа алдсан. 38 иргэнд хүнд болон хөнгөн зэргийн гэмтэл учирсан. 280 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нэг нь нөгөөдөө гэмтэл учруулахаас гадна цаашлаад эд хөрөнгийн хохирол их учирдаг. Танхай балмад авир ааш гаргаж байгаа нөхөр гэрийнхээ эд зүйлс, машин тэргээ сүйтгэдэг. Мөн гэрт өсч хүмүүжиж байгаа хүүхдүүдийн зан төлөвшилд асар их хор хөнөөл учруулж байгаагаа ойлгож мэддэггүй.

Сэтгэл засал болон зан үйлд нөлөөлөх сургалт нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нэлээд томоохон арга зам болдог.

Тухайн этгээдийн сэтгэлзүйд нь сайн нөлөөлөх ажлыг хийдэг болсон. Тухайлбал, хүчирхийлэл үйлдээд байвал ийм ял шийтгэл хүлээлгэнэ гэж хэлэхээс илүүтэйгээр тэр хүний ухамсарт нөлөөлөх, цаашлаад зан үйлийн сургалтыг албадан явуулдаг.

Манай байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа ажил нь ял шийтгэл оноохдоо чухал биш. Зан байдалд нь нөлөөлж албадан сургалтыг байнга явуулдаг. Тодруулбал, албадан баривчлагдах хугацаандаа уг сургалтад суулгадаг. Тухайн хүний гаргасан үйлдлийг нийгэмд хор аюултай гэдгийг ухамсарт нь сайн ойлгуулдаг.

Гэр бүлээ сайн сайхан авч явахын тулд саар бүхнийг давж гарах, хамтын хүч хөдөлмөр чухал. Гэр бүлийн үнэт зүйлийн талаар схемтэй сургалтыг байнга явуулснаар энэ төрлийн гэмт хэрэг тодорхой хувиар буурч байгаа.

Уг сургалтыг хорих ангийн нийгмийн ажилтнууд явуулдаг. Мөн хорооны Засаг дарга гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон иргэндээ сэтгэл заслын эмчилгээ хийлгэхээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбож өгдөг. Ингэж зан үйлд нь нөлөөлөх сургалт явуулснаар хүчирхийлэл үйлдэхээ больсон хүмүүс ч олон бий дээ” гэв.
 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-02-14 03:51:29
    Баруунд дээрх болон бусад аргыг хэрэглээд болохгүй бол эцсийн арга хэмжээ эм уулгадаг гэж тэндхийн шүүгч хэлэхийг сонссон, ямар төрлийн эмийг бүү мэд
  • Х 2019-02-14 03:13:28
    Хүчирхийлэгчийг хүчирхийлэх нь хамгийн үр дүнтэй арга!!! Баривчлах, хорих, албадан хөдөлмөрлүүлэх, бэлгийн хүчирхийлэгчийг засах(төмсгийг нь авч хаях) г.м.
  • kkk 2019-02-14 03:04:57
    Нэг зүйл бол бодитой. Монголд засан хүмүүжүүлэх ажил, сургалт энэ тэрээр л гэмт хэргийг багасгадаг бол сайн л байна. Гэхдээ энэ бол худал.