Хүн худалдах гэмт хэргийн хохирогчдыг хамгаалж, хохирлыг нөхөн төлүүлж чаддаг уу
Саяхан л бид Хүн худалдах гэмт хэрэг гэхээр биднээс алс хол оршдог, хэзээ ч Монголд үйлдэгдэхгүй юм шиг л ойлгож,  бодитоор хүлээж авч чаддаггүй байлаа. Магадгүй гадаа ирээд хаалга тогшин байгаа чимээг ч олж сонсоогүйгээр чив чимээгүйхэн хаалгаа нээгээд л оруулчихаж.
 
Монгол Улсад 1999 онд хоёр хохирогч Югославт худалдагдлаа хэмээн ЭСЯ-даа хандсанаар Монгол Улсад хүн худалдах гэмт хэргийн анхны тохиолдол хэмээн албан ёсоор  бүртгэгдэж, 2000 оноос энэ гэмт хэрэгтэй тэмцэж эхэлсэн түүхтэй.
 
Хохирогчидтой ажиллаж байх явцад олж авсан мэдээллээр анхны хохирогчид 1993-1994 онд худалдаалагдаж эхэлсэн бөгөөд тэдний зарим нь нийгэм, хууль эрхзүйн туслалцаа авч чадаагүйгээсээ шалтгаалан энэ гэмт хэргийн элсүүлэгч болж хувирсан тухай мэдээллүүд юм.

2002 онд анхны хохирогчдоо туслах гэж эхэлсэн бидний ажил багагүй бэрхшээлтэй тулгарч, ХХГХ-ийн тухай хангалттай ойлголт мэдлэг бүх түвшинд байгаагүйгээс “Биеэ үнэлэгчийг хамгаалж байна”, “Монголд хүний наймаа байхгүй, ТББ-ууд санхүүгийн эх үүсвэр олохын тулд л зохиосон зүйл” гэсэн сөрөг байдлаар хандаж, олон хүндрэлүүд тохиолдож байсан.
 
Монгол Улс хүн худалдах гэмт хэргийн гадаад, дотоодод хүчээр бэлгийн мөлжлөгт ашиглах, гадаадын иргэдтэй хуурамчаар гэрлүүлэх, насанд хүрээгүй хүүхдээр хүчээр хулгай хийлгэх, хөлсгүйгээр албадан ажиллуулах, боолчлох  хэлбэр илүү зонхилж илгээгч улсын тоонд орж байна.
 
Хохирогчдын дийлэнхи нь охид, эмэгтэйчүүд боловч эрэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхдүүд ч өртөж байна. Хэдийгээр бусад гэмт хэрэгтэй харьцуулахад хохирогчдын тоо бага мэт харагдавч тус төвөөр үйлчлүүлэгчдийн тоо 3 жилийн дотор бараг 10 дахин нэмэгдсэн, нийт хууль хяналтын болон хүний эрхийн байгууллагуудад хандсан хохирогчдын тоог Монголын хүн амын тоонд (3 сая хүн амтай) харьцуулж үзвэл, энэ асуудал ямар ноцтой түвшинд хүрснийг харуулж байна.
 
Тиймээс ХХГХ-ийг таслан зогсоох, мөн хохирогчдод туслалцаа үзүүлж чадахуйц нийгмийн болон эрхзүйн орчинг бүрдүүлэхэд бид бүхий л чадлаараа үйл ажиллагаагаа чиглүүлэх хэрэгтэйг сануулж байдаг.
 
Бэлгийн мөлжлөг. Охид, эмэгтэйчүүдийг элсүүлэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр боломж амалсан зар тавих, эсвэл танил талын холбоогоо ашиглан ихэнх тохиолдолд бичиг баримт, зардалд туслан хийх ажил, амьдрах нөхцлийн талаар худал мэдээлэл өгч хамтдаа харийг зорьдог байна.

Эдгээр элсүүлэгчид нь нэг хохирогчийг дунджаар 100-500 ам.доллараар зуучлагчид хүргэж өгч,  зуучлагч нь худалдан авагчтай холбож 1000-3500 ам.доллараар зарж ашиг олж байна. Гэвч энэ нь эхний шатанд олж буй ашиг юм. Тэд хохирогчийг эрхшээлдээ оруулж мөлжсөнөөр жилд дунджаар нэг хүнээс 20-50 сая төгрөгний ашиг олж байна.
 
Монгол Улсын хувьд дотоод, гадаадад ХХГХ-ийн хохирогч бологсдын 70 гаруй хувийг бэлгийн мөлжлөгт ашиглагдсан  хэлбэр эзэлж байна. Дотоод дахь ХХГХ-ийн тохиолдол нэмэгдэж, насанд хүрээгүй охидыг хуурч мэхлэх, эмзэг байдлыг нь ашиглах, хулгайлах зэргээр хүчээр биеийг нь үнэлүүлэх явдал зохион байгуулалтанд орсон ба амьдарлын боломж тааруу, ардаас нь эрж хайх хүнгүй охидыг судлан зорилгодоо ашиглаж хохироож байна. Харамсалтай нь өнөөдөр насанд хүрээгүй охидыг хохирогч бус, насанд хүрээгүй биеэ үнэлэгч гэж цоллон, Садар самуун явдалтай тэмцэх хуулиар шийтгэдгээс хууль хяналтын байгууллагаас туслалцаа авах бус, харин ч нуугдаж, нүдэнд нь өртөхгүй явахыг илүүд үзэх болсон.
 
Зуучлалын захиалгат гэрлэлт. Монгол Улсаас гадаадын иргэдтэй гэрлэж байгаа иргэдийн 95%-ийг эмэгтэйчүүд эзэлж байгаагаас БНСУ-ын иргэдтэй гэрлэх явдал хамгийн өндөр хувьтай байна.
 
Гэвч гэрлэлтийг албан ёсны зөвшөөрөлгүй хувь хүмүүс “зуучилж”, зуучлалын хөлсөнд асар их мөнгө авдаг ч тухайн хүнийхээ төлөө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байна. Монгол улсын гэр бүлийн хуулинд зуучлалын гэрлэлтийн асуудлыг тусгах тухай 2005 оноос эхлэн ярьсаар өнөөг хүрлээ. Гэвч жилд хэдэн зуун охид, эмэгтэйчүүд царай зүс, нас, боловсрол мэргэжлээрээ шилэгдэн харьд “илгээгдэн” явж байгаад хяналт тавьж зохицуулах газар байхгүйгээс тухайн улсад очсоны дараа сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндээрээ хохирч, зарим нь амь насаа алдаж, үүрдийн тахир дутуу болсон тохиолдлууд ч гарлаа.
 
Гэрлэж очигсдын олонх нь тухайн оронд очсоныхоо дараа хадмын хатуу гар, мөнгөний барьцааг мэдрэн нөхрийнхээ эрхшээл, хяналтан дор  хөдөө аж ахуй, газар тариалангийн ажил эрхлэн, бүх эрх чөлөөгөө хязгаарлуулан “боол” мэт нөхцөлд ажиллаж амьдардаг. Харамсалтай нь яагаад энэ олон монгол охидоо харийн хүмүүст бэр болгож өгөх асуудлаа нээлттэй байлгасан мөртлөө эрхийг нь хамгаалах байгууллага байгуулахгүй байгаа юм бол? Харийн хүнтэй гэрлэнэ гэдэг тэр хүний боол болж, хэн ч биш амьдарлаар амьдрах ёстой гэж үү?, Яагаад энэ цөөхөн монгол хүмүүстээ олигтойхон цалин өгөөд хүн шиг амьдруулчихаж чадахгүй харьд гэрлэлт нэртэй боолоор явах сонголтгүй замыг үлдээдэг юм бэ. 

Хүчээр хулгай хийлгэх. Насанд хүрээгүй хөвгүүд, ялангуяа хараа хяналтгүй, эцэг эхгүй хүүхдийг сонгон хуурамч бичиг баримт бүрдүүлэн харь оронд аваачиж хүчээр хулгай хийлгэдэг байна. Өнгөрсөн хугацаанд (2002 оноос хойш) Хүйсийн Тэгш Эрхийн Төвд энэ шалтгаанаар хоёр хүүхэд, МУ-ын Эрээн дэх консулын газарт мөн хоёр хүүхдийн хэрэг бүртгэгдсэн байна. Тухайн хүүхдийг бусдын бичиг баримтыг ашиглан “хавсралт”-аар хил нэвтрүүлсэн байна. Гэвч тэдгээр хүмүүс тухайн хүүхдийг цагдаа, хууль хяналтын байгууллагад баригдвал тухайн газартаа (ихэнх тохиолдолд хилийн чанадад) орхин ор сураггүй алга болдог. Энэ гэмт хэрэг дотоодод мөн адил үйлдэгддэг боловч одоогоор ХХГХ гэж авч үзэхгүй байна.
 
Албадан хөдөлмөрлүүлэх: Энэ нь дотоодод хөдөө орон нутгаас шилжиж ирсэн  олон эмэгтэйчүүдийг үйлдвэрт олон цагаар, эрэгтэйчүүдийг хилийн чанадад цалин хөлсгүй, эсвэл маш бага хөлсөөр ажиллуулах хэлбэрээр илэрч байна. Өнгөрсөн хугацаанд Казакстан, Турк, БНЧУ, Украйн, БНХАУ-д хөдөлмөр мөлжлөгт өртсөн олон хүнийг эх орондоо аюулгүйгээр авчирсан ч эрүүл мэнд, эдийн засгийн хохирлыг хэн хэзээ, хэрхэн барагдуулах нь тодорхойгүй хэвээр байна.
 
Өнөөдрийг хүртэлд хууль хяналтын байгууллагаас албадан хөдөлмөр эрхлүүлсэн гэсэн шалтгаанаар ял шийтгэл оногдуулсан тохиолдол байхгүй байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох ажилд амжилт олоогүйг харуулж байна гэхэд хилсдэхгүй. Хүн бүр амьдарлаа дээшлүүлэх, өөд нь татах хүсэлд автан эх орондоо хэзээ ч авч чадахгүй цалингийн мөрөөдөл нь тэднийг ХХГХ-т түлхэж, эрсдэлтэй алхам руу түлхэж байвч, хэвлэл мэдээлэлд итгэн, хуулийнхан хяналт тавьсан байгаа гэсэн гэнэн итгэлээр амьдарлаараа, ирээдүйгээрээ дэнчин тавьж хохирч байгааг таслан зогсоох сонирхол байна уу.
 
Хүн худалдах гэмт хэргийн хохирогчид
 
Хаалгаа сайн түгжиж, харцаа доогуур аван, бусдын нүдэнд өртөхгүй, харанхуй гудамжаар явж, танихгүй хүмүүстэй зууралдахгүй байвал гэмт хэргээс өөрийгөө хамгаалж чадна гэсэн гэнэхэн ч гэмээр анхааруулга гэмт этгээдүүдээс өөрийгөө хамгаалахад тус нэмэр болж чадна гэж үү. 
 
Хүн худалдаалж ашиг ологсдын дийлэнхи нь  ядуу, орлого багатай айл, эсвэл өнчин, ардаас нь эрж хайх татлаа түлхээгүй, хөөцөлдөж явах боломжгүй, архидалт, хүчирхийлэлтэй гэр бүлийн 18-25 насны охид, эмэгтэйчүүдийг сонгохыг чухалчилдаг.
Харамсалтай нь явахаасаа өмнө хийх ажлынх нь талаар худал мэдээлэл өгч байсныг 96 хувь эцсийн мөчид мэдэж, зуучлагчдаа бичиг баримтаа хураалган өрийн барьцаанд орсноор аргагүйн эрхэнд хүчинд автан биеэ үнэлэхээс өөр аргагүйд хүрсэн тухай судалгааны тоо мэдээ харуулж байна.
 
Аюултай гэмт хэрэгтнүүдийн талаар бидний төсөөлөл, буруу ойлголт нь энэ төрлийн гэмт хэрэгтнүүдэд боломж олгож байна. Хутга мэс, буу шийдэм бариад харанхуй гудамжинд нуугдан хэн нэгэн гэнэхэн охин хажуугаараа өнгөрөхийг хүлээн суугаа гэж бодож байна уу? Тусархаг, цайлган зан гаргасан баг зүүж,  хэвлэл мэдээллээр өөрсдийгээ сурталчлан, аав ээж, ах дүүсийнх нь хамт мэхлэхдээ тэдний амьдарлын бүх л явцад шургалан орж, эмзэг байдлыг нь олж харах, түүнийгээ ашиглан гэмгүйхнээр тус болж “амьдарлыг нь өөд нь татаж” буйгаа ойлгуулдаг “сайн санаат” гэмт хэрэгтнүүдийн талаарх мэдлэг дутмаг байдал нь тэдэнд боломж олгож байна.
 
Та өглөө гэрээсээ инээгээд гарсан охин чинь орой эргэж ирэхгүй бол, таны гадаадад ажиллуулж их мөнгө хураалгахаар явуулсан хүү чинь сураггүй болбол, таны гэрлүүлээд явуулсан охин чинь амиа алдвал яах вэ? Хэдийгээр бид энд танд хамааралгүй өөр нэгэн хүний тухай ярьж байгаа нь хол мэт сонсогдовч, асуудал энэ л чигтээ үргэлжилбэл таны ойр дотныхонд, хань ижилд, найз нөхдөд, магадгүй үр хүүхдэд чинь тохиолдож болзошгүй гэдгийг сануулахыг хүсч байна.
 
Хууль эрхзүйн орчин ямар байна вэ 
 
Баталсан хууль тогтоолынхоо тоогоор бол манайх яах аргагүй эрхзүйт төртэй улс. Гэтэл гаргасан тогтоол, шийдвэр, хууль, дүрэм нь амьдралд хэр нийцэж, хэрхэн хэрэгждэг нь та бидний нүдэн дээр ил байна.
 
Энэхүү хууль бус үйл ажиллагаа нь ихэвчлэн хувь хүмүүс болон зохион байгуулалттай бүлэглэлийн шинжтэйгээр явагдаж байна. Хүн худалдах бизнес нь туйлын мэдрэмтгий бөгөөд хууль бусаар үйлдэгддэг, байршил, орчин, аргаа тун хялбар өөрчилдөг нь бусад гэмт хэргээс эрс ялгаатай гэдгийг бүх шатандаа хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Ихэнх тохиолдолд энэ гэмт хэрэг нууц, далд аргаар, бүлэг, зохион байгуулалттай хэлбэрээр  үйлдэгдэн гэмт хэргийн ул мөрөө баллах, өөрсдийн хууль бус ажиллагаагаа илчлэгдэхгүй байх нөхцлийг бүрдүүлж, их хэмжээний санхүүгийн эх үүсвэр бий болгоход чиглэгдсэн байдаг. Тиймээс хууль эрхзүйн орчин нь энэ бүхнийг нарийн судалж тусгасан, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн байдлаар шинэчлэгдэх шаардлага тулгарч байна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд тэднээс илүү чадварлаг, мэргэжилтнүүдээр, тэднээс илүү нарийн зохион байгуулалтаар ажиллаж тэмцдэг гэдгийг олон улсын туршлага бидэнд харуулдаг.
 
Гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх буюу хэргийн шийдвэрлэлт
 
Хохирогч хуулийн байгууллагад яах гэж ханддаг вэ? Хохирсон эрхээ хамгаалуулах, хохирлоо нөхөн төлүүлэх, гэмт хэрэгтэнд зохих ял шийтгэл оногдуулж, өөрийн аюулгүй байдлаа бүрэн хангуулах.

Хууль хяналтын байгууллагад цөөн боловч энэ төрлийн хэргийг шийдвэрлэж байгаа нь талархууштай ч хохирлыг хэрхэн барагдуулсан талаар дуугай өнгөрөх боломжгүй. Өнөөгийн үйлчилж байгаа хууль тогтоомж нь хохирогчийг гэрч болгон ашиглаад, зөвхөн гэмт хэрэгтэнд ял өгөхөд л ашиглагдаж байгаа нь хүмүүнлэг нийгэмд байж болшгүй эрхийн зохицуулалт юм.
 
Хохирогчоо хамгаалж чадахгүй, хохирогчийг хамгаалах талаар төрийн бодлогогүй, хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалт оновчгүй байгаа энэ нөхцөлд энэ гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлт сайжрах уу.      
 
Хүний наймаачид хуулийн цоорхойг соргогоор  ашиглаж, арга хэлбэрээ тун амархан өөрчилж байна. Тэд охид, эмэгтэйчүүдийг байнгын хөдөлгөөнд байлган, нэгээс нөгөө газар руу шилжүүлж, бага зэргийн хөлс төлсөн мэтээр гэрээ байгуулж, өөрөө зөвшөөрсөн мэт ойлголт төрүүлэн хуулийн байгууллагад хандах боломжийг нь хязгаарлаж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-02-13 02:21:56
    орон байр ажил өрх гэрээ аваад явах эдийн засгийн боломж зэрэг шалгуур давж байж гэрлэх нөхцөл бүрддэг бусад оронд тэгээд л монголоос шалгуургүй эхнэр авдаг