Ерөнхийлөгч Богд хааны мэндэлсний 150 жилийг ойг тэмдэглэх тухай зарлиг гаргав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргажээ.

Зарлигт холбогдох байгууллагын төлөөлөгчдөд  Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Богд хааны ордон музейд болж өндөрлөлөө.

Зарлиг гардуулах ёслол Богд хаант Монгол Улсын үеийн төрийн дуулал “Зуун лангийн жороо луус”-аар эхэлж, дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлигийг уншиж сонордуулав.


Зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл шашны бодлогын зөвлөх Ц.Хулан ирсэн зочдын амар мэндийг айлтган мэндчилж, үг хэллээ. Тэрбээр “Богд хааны ордон музейд хүрэлцэн ирсэн эрдэмтэн мэргэд, хүндэт зочид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Тэртээ XV жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ний бэлгэт сайн өдөр монголчуудын үндэсний тэмцэл оргилдоо хүрч, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн тунхагласан билээ. Тэрхүү үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын түүхэнд шинэ эрин үеийг нээсэн юм.

Энэ бол Хүннү гүрнээс эхтэй хүний ертөнцөд баатарлаг түүхээрээ гайхагдсан Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомт сэргэж буй түүхэн үйл явдал байлаа.

Тэр өдөр монголчууд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилж, улсын нэрийг Монгол, оны цолыг Олноо өргөгдсөн, нийслэл хотыг Нийслэл Хүрээ хэмээн нэрлэж, эртний түүхт төр улсаа сэргээн байгуулж, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор сэргээн тунхагласан юм.

Жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдөр бидний тэмдэглэж буй Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баяр бол монголчууд Богд хаан, алтан ургийн хан ноёд, түшмэд, ихэс дээдэс, харц ард, лам хар бүгдээрээ их үйлсийн төлөө зориглон нэгдэж чадсаны үр дүн, монголчууд эв нэгдлийн гайхамшгийг үзүүлж, үндэсний эрх ашгаа эрхэмлэн дээдэлсний илэрхийлэл мөн.

Энэ их түүхэн үйл явдлыг дурсаж, үндэсний баатруудаа эрхэмлэж, үеийн үедээ улс үндсээрээ бахархаж, эв нэгдэл, үндэсний эрхэм үнэт зүйлсээ дээдэлж байх зорилгоор 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын эзэн хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гаргасныг өнөөдөр түүхэн ариун дагшин газар Богд хааны ордноос түмэн олноо сонордуулж, холбогдох байгууллагуудад гардуулан өгч байна.

Монголчууд бид эх түүхээ дээдэлж, үндэсний уламжлал, соёл, зан заншлаа эрхэмлэх учиртай болохыг сануулахын тулд энэхүү хааны ордныг сонгон, Ерөнхийлөгчийн зарлигийг Та бүхэнд хүргэж байгаа юм.

Ойн хүрээнд Богд хааны ордон музейн дэргэд Богд Жавзандамба хутагтын түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолбор байгуулах, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн кино бүтээх, баримт бичгүүдийн эмхэтгэл, гэрэл зураг, түүхийн ховор эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн гаргахыг Засгийн газарт зарлигаар чиглэл болгосон байгаа.

Зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхийн ариун дагшин газар, Монгол төрийн эзэн хааныхаа ордны эзэмшил газрын зарим маргаантай асуудалд Засгийн газар анхаарал хандуулж шийдвэрлэнэ гэж найдаж байна.

Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч Богд хааны мэндэлсний 150 жилийн ой тохиож буй XVII жарны шарагчин гахай жилд Монгол Улсад үндэсний эв нэгдэл, шударга ёс, эх оронч үзэл батжиж, монгол хүн бүр бие эрүүл, ухаан саруул, айл бүр амгалан жаргалантай байх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Баярлалаа” гэлээ.


Зарлигийг:

  1. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар,
  2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр
  3. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан
  4. Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл,
  5. Архивын Ерөнхий Газрын дарга С.Энхбаатар,
  6. Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц,
  7. Монголын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо,
  8. Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар нат гардуулж өгөв.



Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.