500 төгрөгийн туршилт зөв байв уу
Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн сис­тем­ийг шинэчлэх, үйлчилгээг боловсронгуй болгохоор 10 хоног туршилт хийсэн билээ. Тодруулбал, хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөл­гөөний хэт ачааллаас урьд­чилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь энэ байв.

Захирамжийн дагуу өнгөрөгч наймдугаар сарын 22-ноос эхэлж автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулсан билээ. Энэ хүрээнд  хотын даргын хүсэлтээр нийслэлийн Тээврийн газар, Том оврын автобусны компаниудтай хамтран цагийн хуваарийн дагуу богино эргэлтээр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтаар 10 хоног хэрэгжүүлсэн юм. Энэ өдрүүдэд иргэд 500 төгрөгийн тасалбараар өдрийн турш нийтийн тээврийн хэрэгслээр богино эргэлтийн маршрутаар сэлгэлт хийж, зорчсон. Ямартай ч олон жилийн шүүмжлэл дагуулсан нийтийн тээврийн салбарынхан  шинэчлэлийн төлөөх анхны алхмаа хийсэн нь энэ байлаа.

Шүүмжлэл, бухимдал, сайшаал, магтаалын аль алиныг нь дагуулсан 10 хоногийн туршилт энэ сарын 1-нд дуусгавар болсон. Харин иргэдийн дийлэнх нь  “Арай гэж учраа олж эхэлтэл туршилтын хугацаа дуусчихлаа”  гэлцэж байсан. Ямартай ч нийслэлчүүдийг “сэрээсэн” гэгдэж буй 10 хоногийн туршилт ирэх хавраас албан ёсоор ажил хэрэг болохыг албаны хүмүүс мэдэгдээд байна. Алдаагаа мэдсэн хэрнээ, засч, залруулахын төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй суухын оронд тэд зоригтой алхам хийж, энэ салбарт шинэчлэл хэрэгтэй юм байна, энэ маягаар цаашид ажиллаж  болох юм байна гэдгийг олж харсан нь лавтай.

Мэдээлэл, сурталчилгаа тааруу, маршрут тодорхойгүй, цаг хугацаандаа автобус ирсэнгүй гэх мэтчилэн түмэн шүүмжлэлийг сонссон ч тэд шийдвэрээ эргэн харж, юун дээр алдаж, оносноо хэлэлцэж, салбарын үйлчилгээг шинэ төвшинд гаргахаар төлөвлөж байгаа юм. Ийнхүү шинэчлэлийг ирэх хавраас амжилттай эхлүүлбэл шугамын давцхал, орлогоо биелүүлэхийн төлөө хүнээ булаацалддаг, цаг уртасгаж ажилладаг, кондуктор, жолоочтойгоо нийлж орлогоос хумсалдаг, осол, аваар гаргадаг зэрэг үй түмэн алдаа, дутагдал нь ор мөргүй арилдаггүй юм гэхэд  тодорхой хэмжээгээр буурах нь дамжиггүй. Харин туршилтын 10 хоногийг холбогдох албаны хүмүүс болон иргэд, салбарын ажилтан, мэргэжилтнүүд юу гэж үзэж байгааг бид сонирхлоо.
 
Э.Бат-Үүл: Орлого хөөдөг биш иргэдэд үйлчилдэг нийтийн тээврийг л туршсан юм

/Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч/

-Дугаарын хязгаарлалт хийхийн тулд нэг асуудал тулгарсан нь нийтийн тээвэр байсан. Машин нь явдаггүй өдөр хүмүүс автобусанд сууна. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ хэрэгцээг нь хангаж чадахааргүй байлаа. Үүнийг бодолцож,  нийтийн тээврийн шинэ үйлчилгээг автомашины хязгаарлалттай зэрэг нэвтрүүлж, туршиж үзсэн юм. Сэтгэл хангалуун байгаа. Өнөөдөр нийтийн тээврийнхэн хүний төлөө бус ашгийн төлөө давхидаг гэсэн муу нэр зүүдэг.

Үүнийг залруулж, автобуснуудыг тодорхой стандарт хуваарийн дагуу явуулдаг болох л санаачилга байсан. Яагаад гэвэл нийтийн тээврийн үйлчилгээний  үүрэг нь  иргэдээ ая тухтай байлгаж, түргэн шуурхай үйлчлэх шүү дээ. Нэг хүнтэй ч бай нийтийн тээвэр тогтсон цаг, хуваарийн дагуу маршрутаараа явж байх ёстой. Түүнээс биш автобусаа дүүрэхийг хүлээж, зогсдог байж таарахгүй. Гэтэл манай нийтийн тээврийн үйлчилгээ яг ийм болчихоод үндсэн үүргээсээ  хазайгаад байна. Тиймээс бид орлого хөөсөн нийтийн тээврийн үйлчилгээнээс иргэддээ үйлчлэх нийтийн тээвэр рүү шилжих туршилтыг хийсэн юм. Мэдээж аливаа шинэ зүйлийг туршихад ямагт бэрхшээл, шүүмжлэлтэй тулгарна. Бид саяын туршилтаас юу нь алдаа байсныг олж харсан. Бид яаж боловсронгуй болгохоо ч мэдэж авлаа. Энэ  үйлчилгээг цаашид нэвтрүүлж болох юм байна гэдгийг харсан.

Маршрут дээр алдсан байж магадгүй. Үүнийгээ засч сайжруулна. Ер нь аливаа зүйлийг хийхдээ гарах алдаа дутагдлыг нь урьдчилж харах боломжгүй шүү дээ. Тиймээс л туршилт хийдэг юм. Уг нь бид нийтийн тээврийн туршилтыг явуулахдаа иргэдэд их хэлж, анхааруулсан. Гэвч цагаа тулахад бөөн асуудал бухимдал үүссэн. Нэг том хотын туршлагатай дарга надад “Хүмүүст ийм юм болно шүү гэдгийг яаж ч хэлээд нэмэргүй. Тэд өөрсдийн биеэр үзэж байж учрыг нь олдог юм. Тийм учраас нийтийн тээврийн шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ гэдэг тоглоом биш шүү” гэж байсан юм. Түүний үг үнэн байсан. Гэхдээ сая туршсан нийтийн тээврийн шинэ үйлчилгээний туршилтад хэрсүү хандсан иргэд ч олон. “Маш зөв юм боллоо. Өдөрт нийтийн тээвэр, унаж байгаа машиндаа ямар их мөнгө  зарцуулдаг байснаа сая ойлголоо” гэж ярих хүмүүс байна. Автобус хооронд  шилжин суусан нь иргэдийн хөдөлгөөнийг идэвхжүүлсэн. Үүнээс болж жин хаслаа гэх хүнтэй ч таарч байлаа. Түгжрэлд зогсч, шатахуунаа хий шатаадаг байсан асуудал ч багаслаа гэж олзуурхах хүмүүс бий. Нийтийн тээвэртэй холбоотой дөрвөн ч ТББ “Хэдий алдаа, оноотой ч ерөнхийдөө маш зөв ажил боллоо. Иргэд яг ойлгоод зүгшрээд иртэл болилоо. Ийм ийм асуудалд анхааръя” хэмээн надад хандаж судалгаа, мэдээлэл ч ирүүлсэн. /Эх сурвалж “Өдрийн сонин”/
 
Ч.Энхбат: Иргэд сэлгэн суултаас 1200 төгрөг хэмнэсэн 

/Нийслэлийн тээврийн газрын дарга/

-Нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийх цаг нь болчихсон, алдаа, дутагдлаа сайжруулах ёстой гэж бид олон жил ярьсан. Харин өнгөрсөн хугацаанд ямар нэгэн дорвитой алхам хийсэнгүй. Харин наймдугаар сард явагдсан туршилтаар бид цаашид энэ хэвээрээ үйлчилгээгээ улам  чанаржуулж болох юм байна гэдгийг харлаа. 10 хоногийн туршилт маш үр дүнтэй ажил болсон гэдэг нь олон зүйлээс харагдсан гэж үзэж байгаа. Тухайлбал, энэ өдрүүдэд иргэд сэлгэн суултын мөнгө хэмнэсэн. Өөрөөр хэлбэл, иргэн дунджаар сэлгэн суултад 1700 орчим төгрөг зарцуулдаг. Тэгвэл туршилтын өдрүүдэд иргэн 1200 төгрөгийг сэлгэн суултаас хэмнэсэн.

Үүнээс гадна шатахууны хэмнэлт гарсан. Хэдийгээр туршилт багагүй шүүмжлэл сонссон ч бид энэ өвөл бүх асуудалд нарийвчилж ажиллана. Юун дээр алдав, онов гээд туршилтаас гарсан санаа, оноо, үр дүнг бүгдийг нэгтгээд дахин нарийвчилж ажиллах юм. Энэ удаагийн туршилтын талаар мэдээлэл, сурталчилгаа хангалтгүй байсан.

Тэгвэл ирэх хавраас буюу дөрөвдүгээр сарын 1-нд эх­лүүлэх шинэчлэлийн талаархи мэдээл­лийг он гарангуут цацаж эхэл­нэ. Он  гарангуут  бүх хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ гээд иргэдэд хүргэж болох юу байна тэр бүхнийг ашиглан эртнээс маш сайн ойлгуулахаар төлөвлөж байна. Нэгэнт хангалттай мэдээлэлтэй болчихсон, сэтгэл зүй болон бусад асуудлын бэлтгэл хангагдсан байхад иргэд нэг их уурлаж, бухимдаад байхгүй болов уу гэж бодож байгаа. Хувийн хэвшлийн 22 аж ахуйн нэгж туршилтад яагаад ингэж идэвхтэй оролцоод байна вэ гэхээр нийслэлийн нийтийн тээврийг яалт ч үгүй өөрчлөх ёстой гэдэгт санал нэгдсэн юм. Тиймээс алдагдлыг өөрсдөө үүрсэн. Энэ бол зайлшгүй хийх ёстой ажил. Тиймээс цаашид нэг чиглэлд ч юм уу, бага багаар энэ урсгалд шилжинэ.

Тэр үед тасалбарын үнэд өөрчлөлт орно. Яагаад гэвэл, ийм байдлаар ажиллаж, татвар төлөгчдийн мөнгөөр алдагдлыг нөхөөд байж болохгүй. Дэлхийн томоохон хотууд энэ аргаар замынхаа түгжрэлээс гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийн стандарт, загвар болсон арга юм. Үүнийг хэрэгжүүлснээр богино хугацаанд жигдэрч, замын түгжрэлээс гарахгүй. Жишээлбэл, БНСУ гэхэд энэ аргыг нийтийн тээвэртээ хэрэгжүүлээд хоёр жилийн дараа жигдэрсэн.
 
Хүндрэл их байлаа
 
Чингэлтэй дүүргийн иргэн Д.Энхбаяр:
 
-Шал дэмий санагдсан. Цаг алдсан. Өглөө ажилдаа 40 минут явдаг байсан хүн цаг гаруй хугацаа зарцуулах жишээний. Хуучин системээрээ явбал дээр юм байна. Нэг өглөө босоод ирсэн чинь л учраа мэдэхгүй бужигналдсан хүмүүс  автобусны буудлаар дүүрэн байсан.

Тухайн автобус нь хаашаа явах чиглэл нь мэдэгдэхгүй, тайлбарлаад өгөх хүнгүй. Хэд хоног хэцүү байлаа. Харин одоо хуучин хэвэндээ ороод амар байна. Богино эргэлт гэдэг утгаараа өдрийн бүтэн 500 төгрөгөөр үйлчлэх нь иргэдэд  ашигтай сайхан байсан ч хүндрэл их байсан.
 
500 төгрөгөөр үйлчлүүлэх нь эдийн засагт хэмнэлттэй

Сүхбаатар дүүргийн иргэн А.Ганзүг:

-Олон дамжиж ажил амжуулдаг, ажилдаа явдаг хүнд бол үнэхээр ашигтай шийдвэр байсан. Өглөөнөөс орой хүртэл  500 төгрөгөөр нийтийн тээвэрт үйлчлүүлнэ гэдэг сайхан. Эдийн засагт ч үнэхээр хэмнэлттэй. Харин миний үеийн хүмүүст бол их л хэцүү байлаа.

Хаашаа ямар автобусаар явахаа мэдэхгүй их будиллаа. Манай гэр бүлийнхэн ойр дотныхон ч гэсэн хүндрэлтэй байна гэж байсан. Дассан сурсан болохоор ч тэр үү хуучин маршрутаараа яваад сайхан байна.
 
Мэдээлэл маш муу хүргэсэн

Сүхбаатар дүүргийн иргэн Ш.Чулуун:

-Таалагдсан гэхээс илүүтэй иргэдэд хүндрэл учруулсан, бухимдал үүсгэсэн асуудал болсон болов уу. Хаашаа явах нь мэдэгдэхгүй, төөрч будилсан хүмүүстэй 10 хоног өнгөрлөө. Богино эргэлтэд орж үйлчилнэ гэсэн мэдээллийг олон нийтэд  маш муу хүргэсэн учраас ийм асуудал болсон байх.

Яах вэ олон дамжиж явдаг хүнд бол амар л байх. Нэг учраа олоод яваад байвал. Харин ганц автобусанд суугаад ажилдаа ирдэг хүнд цаг алдагдалтай л санагдсан.
 
Үр дүнг 10 хоногоор хэмжиж болохгүй

Сонгинохайрхан дүүргийн иргэн Х.Цэндсүрэн:

-Автобусны мэдээлэл  тааруу байсан учраас эхний хэсэгтээ маш их будилсан. Харин сүүлдээ амар болсон. Мөнгөнд хэмнэлттэй. Манай иргэд шинэ зүйлд их дургүй юм шиг. Өмнө нь ингэж байгаагүй, тэгж байгаагүй гэх мэтээр их бухимдаж байна.

Яах вэ иргэдийн бухимдах нь зөв ч нөгөө талаас шинэ зүйлийг хүлээж авах сэтгэхүйтэй байх ёстой юм болов уу. Одоо ч гэсэн богино эргэлтээр явуулбал би дэмжинэ. Нэгэнт иргэд рүү чиглэсэн ажил хийж байгаа учраас үүний үр дүнг 10 хоногоор хэмжиж болохгүй.
 
Их л будиллаа

Баянгол дүүргийн иргэн Б.Баярсайхан:

-Учрыг нь олохгүй, хүндрэл их байлаа. Чиглэлийг нь огцом өөрчилсөн болохоор их будилсан. Өмнө нь байнга явдаг маршрутаараа яваад сурсан болоод ч тэр үү, хэцүү байсан. Нэг авууштай зүйл нь өдрийн турш 500 төгрөгөөр үйлчилж байгаа нь л сайхан байсан.

Хэрвээ энэ шийдвэрийг үргэлжлүүлэх бол автобусны одоогийн явж байгаа чиглэл маршрутыг өөрчлөхгүй явбал зүгээр байна. Түүнээс биш иргэдийг төөрөгдүүлэх гэж байгаа юм шиг зүйл хийгээд, түүнийгээ сайшаагаад яриад байж болохгүй.
 
500 төгрөгөөр үйлчлүүлэх нь зүгээр юм билээ

Сүхбаатар дүүргийн иргэн Ж.Нина:

-Өдрийн турш 500 төгрөгөөр үйлчлүүлэх нь зүгээр юм. Гэхдээ хүндрэлтэй зүйл их байлаа. Олон автобус дамжиж явахаар цаг их алдах юм. Манай хүүхдүүд, ойр дотныхон нэг их дэмжихгүй л зүйл ярьж байна лээ. Автобусны буудал дүүрэн хүмүүс хаашаа явахаа мэдэхгүй, бухимдах нь их байсан.

Миний хувьд ч гэсэн гараад ямар унаанд суухаа мэдэхгүй л байлаа. Нэгэнт л хөрөнгө мөнгө зарцуулж ийм шийдвэр гаргаж байгаа удирдлагууд энэ талаараа иргэдэд маш сайн мэдээлэл түгээх ёстой байсан. Гэтэл энэ удаад тэгсэнгүй.
 
Автобус маш хурдан явж байсан

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Гэрлээ:

-Их амар юм шиг санагдсан. Олон дамжиж ажилдаа очдог учраас эдийн засагт хэмнэлттэй. Дээрээс нь автобус маш хурдан явж байсан. Хэдий богино эргэлт ч гэлээ иргэд учрыг нь олоод явбал асуудал үүсэхгүй  юм билээ. Манай иргэдийн нэг дутагдалтай тал нь шинэ зүйлд маш дургүй юм шиг.

Үүнээсээ болж их бухимдсан байх. Миний хувьд цаашид ч гэсэн 500 төгрөгөөр явбал энэ асуудлыг дэмжинэ. Нэг хүнд таалагдах гэж ажил хийдэг удирдлагатай байвал улс хөгжихгүй. Тийм болохоор иргэдэд мэдээллийг сайн түгээгээд ажлаа үргэлжүүлбэл зүгээр санагдсан.
 
Богино эргэлтээр явуулж болно

Сүхбаатар дүүргийн иргэн У.Баянбилэг:

-Яг тэр үеэр хөдөө явж байсан болохоор нэг их анзаарсангүй. Харин ойр дотны хүмүүсийн ярьж байгааг сонсоход эхний хэсэгтээ бэрхшээлтэй байсан ч сүүлдээ дасч, амар болсон гэж байсан.

Ер нь иргэдийн хувьд нэг автобусанд суугаад заавал хүрэх газраа хүрч буудаг энэ байдлыг халж ойр ойрхон бууж хурдан явуулах асуудлыг эрэлхийлсэн юм билээ. Одоо ч гэсэн богино эргэлтээр явуулж болно гэж бодож байна. Харин автозамын нэгдүгээр эгнээг чөлөөлж, зөвхөн автобус л явуулдаг болгох хэрэгтэй байна.
 
Чиглэлээ мэдэж байвал амар байсан

Чингэлтэй дүүргийн иргэн Л.Мөнхцэцэг:

-Чиглэлээ сайн мэдэж байвал амар л байсан. Өдөртөө 500 төгрөгөөр явж байгаа нь таалагдсан. Харин сургууль цэцэрлэгийн хүүхэд зөөдөг хүнд бэрхшээлтэй л юм билээ. Нэг хүн хоёр хүүхэд дагуулаад автобус дамжаад яваад байвал хэцүү.

Үүнээс гадна автобуснууд буудал дээрээ зогсохгүй хаяж явах нь их байсан. Орлогогүй болоод ч тэр үү, ямар учраас буудлаа хаяж яваад байсныг ойлгоогүй.
 
Таатай хандаагүй байх

Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Батбаатар:

-Иргэдийн хувьд үүнд нэг их таатай хандаагүй байх. Миний хувьд ч гэсэн сайхан санагдаагүй. Богино эргэлтээр 10 хоног туршина гэсэн ч иргэдэд мэдээлэл маш муу тараасан.

Автобусны тасалбар зарж байгаа кондуктор нь чиглэлээ мэдэхгүй. Асуухаар хариулахгүй байх ч юм уу хүндрэл их байсан. Харин одоо хуучин маршрутаараа явж байгаа болохоор асуудал үүсэх зүйл алга амар байна.
 
А.Ганхуяг: Зөвхөн машины шатахуунаас гэхэд 28 тэрбум төгрөг хэмнэсэн

/“Тэнүүн огоо” компанийн захирал/
-Ерөнхийдөө нийтийн тээвэр олон улсын жишигт хүрэх гарцыг эрэлхийлсэн 10 хоног байлаа. 60 жилийн турш огт хөдлөөгүй нийтийн тээврийн төлөвлөлтийг эвдсэн. Мөн орлогын төлөө явдаг зарчмыг өөрчилж үзлээ. Нэг тогооноос хоол идэж байгаа учраас хэн хэдэн цаг хөдөлмөрлөсөн тэр хэрээрээ хөлсөө тооцож авлаа. Эндээс эерэг зүйлс  олон харагдсан. Тухайлбал, жолооч нар орлого хөөцөлдөж бие, биетэйгээ уралдаж зогссонгүй.  Ингэснээр олон улсын үйлчилгээний жишгийг мэдэрсэн өдрүүд өнгөрлөө.

Нөгөөтэйгүүр  манай улсын дэд бүтэц нийтийн тээврийг огт тоолгүй орхисныг нийслэлийн удирдлагууд мэдэрсэн. Богино эргэлтээр явахад автобусны зогсоолууд зориулалтын бус, автобус зогсох боломжгүй байгааг харлаа. Яагаад гэвэл олон автобус зэрэг ирээд зогсоход хүмүүс тухайн буудлыг дүүргэчихдэг зэрэг олон бэрхшээл байсан. Хуучин  Бөмбөгөр, 3, 4 дүгээр хорооллын эцэс гээд нэгдсэн автобусны буудлууд байсан. Гэтэл бүгдийг нь байхгүй болгочихсон нь нийтийн тээврийг зогсоолгүй болгосон. Энэ удаагийн туршилт үүнийг тод харууллаа. Тэгэхээр  нийтийн тээврийн зогсоол том байх ёстой юм байна гэдгийг мэдэрлээ.  Ер нь энэ 10 хоног нийтийн тээвэрт том өөрчлөлт авчирсан. Нийслэлээс 1.3 тэрбум, хувийн хэвшлээс 1.8 тэрбумыг гаргахаар  төлөвлөсөн ч хувийн хэвшлээс гарсан зардал 2.1 тэрбум болж өссөн. Тэгэхээр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг 24 компани энэ хэмжээний алдагдал амссан ч таатай мэдээтэй байгаа юм.

Жишээ нь, нийтийн тээврийг өөрчилж болох нь харагдлаа. Учир нь зорчигчид төдийлөн туулайчлах, үнэгүй зорчих гэсэнгүй. Бид хяналт, шалгалтыг маш сайн явуулсан. Нэг автобусанд 30 зорчигчоос 1-2 хүн л таарч байна. Энэ бол том ололт. Учир нь бид сүүлийн жилүүдэд ярьж байгаа JPS суурилуулах боломжтой гэсэн үг. Тэгвэл хүмүүс картаа уншуулаад үйлчлүүлэх соёлтой болсныг мэдэж авлаа.  Нийслэл болоод нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй компаниуд өөрсдийн зүгээс шаардлагатай зүйлийг засч сайжруулах, боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгааг харсан нь сайн тал. Мэдээж аливаа ажилд алдаа, оноо байдаг шүү дээ.

Мөн энэ өдрүүдэд төр, хувийн хэвшлийн түншлэл гэж юуг хэлэх вэ гэдгийг харуулж чадлаа. Хамгийн гол нь хүмүүст мэдээлэл хүргэх, сурталчлах ажлыг орхигдуулсан нь хүмүүсийг бухимдуулсан. Мөн маршрут төлөвлөлтийг сайн хийх хэрэгтэй гэдгийг аж ахуйн нэгжүүд ойлгож авсан. 10 хоногт 170 мянган машин явахгүй зогсч байсан гэдэг. Эдгээр машины шатахуунаас 28 тэрбум 500 сая төгрөгийг хэмнэсэн байна. Энэ нь хойд хөрш рүү гарах мөнгө дотооддоо үлдсэн гэсэн үг. Түүнчлэн энэ хугацаанд хүмүүсийг чирэгдүүлэхгүй, түгжрэхгүй, бухимдалгүй, саадгүйгээр хүргэх нь чухал гэж үзсэн. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл бид жилд 400-500 сая ам.долларын хэмнэлтийг гаргах боломжтой. Мөн хүмүүс ажлын өдрүүдэд нийтийн тээврээр үйлчлүүлж, амралтын өдрүүддээ автомашинаа унадаг байх хэрэгтэй. Тиймээс бид иргэдэд тав тухтай үйлчлэх нийтийн тээвэртэй болгохын төлөө ажиллаж байна. /Эх сурвалж “Ардчилал” сонин/
 
 
Ж.Дамдинсүрэн: Будлианы үндэс нь орлогын төлөөх  “дайн”-д байсан гэдэг нь харагдлаа 
/Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал/

-Нийтийн тээвэр шинэчлэл­ийн энэ асуудлыг манай холбоо 2011 оноос эхэлж  ярьсан. Тодруулбал, нийтийн тээврийн орлогын төлөөх өрсөлдөөнийг байхгүй болгохын тулд орлогыг нь төвлөрүүлж, хуваарилж болох гаргалгааг хийсэн. Үүний  тулд нийтийн тээврийн сүлжээг дахин төлөвлөж, том оврын  автобуснуудын чиглэл давхардахыг багасгах шаардлагатай  болсон. Ингээд 2011 онд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл бичиж, тухайн үеийн Засаг дарга, холбогдох газруудад хүргүүлсэн. Харамсалтай нь тухайн үед хэн ч үүнийг дэмжиж авч хэлэлцээгүй. Тэгээд өнгөрсөн дөрөвдүгээр сард “Автобус-1” компанийн санаачилгаар “Нийтийн тээврийн хөгжлийн гарц” сэдэвтэй чуулганыг нийт тээвэрчдийнхээ дунд зохион байгуулсан. Энэхүү чуулганы үр дүн нь яг л бидний боловсруулсан дээрх төсөлд чиглэсэн. Хэдийгээр улс төр болон эдийн засгийн талаасаа хэрэгжүүлэхэд бэрх байсан ч үүнээс өөр гарц байхгүй учраас нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нэлээд  зориг гаргаж,  дээрх төслийн туршилтыг эхлүүлсэн.

Үүнд манай холбооны зүгээс маш их баяртай байгаа. Харин 10 хоног хэрэгжүүлсэн туршилтын бэлтгэл ажил болон мэдээллийн дутмаг байдлаас үүдэн эхний 2-3  хоног иргэдийг чирэгдүүллээ. Гэвч  үлдсэн хугацаанд туршилт маш амжилттай боллоо гэж манай холбоо дүгнэж байна. Харин  орлогын төлөөх тэмцэл байхгүй 10 хоногт нийтийн тээврийн будлианы гол үүсвэр нь орлого байсан гэдэг нь харагдлаа. Бүр сэтгэл зүрхэнд нь шингэчихсэн байна шүү дээ. Сүүлдээ бүр компанийнхан тасалбараа борлуулах гэж буудлаа булаацалдаж байна. Одоо ч гараад харахад мэдрэгдэнэ. 10 хоног дуусав уу, үгүй юу автобусны буудал автобусаар дүүрчихсэн. Эмх замбараагүй байгаа. Нэг жишээ хэлэхэд л, нэг агшинд буюу 08.00 цагт гэхэд Багшийн дээдийн буудал дээр 25 компанийн 30 гаруй автобус ирж зогсох график байдаг. Ингээд дөрвөн зам хүртэл 2-3 эгнээ болоод бие, биетэйгээ уралдаад дуусдаг.

Гэтэл сая орлого байхгүй явуулахад бүгд л шил, шилээ дараад яваад болж байна. Сарын 30 мянган төгрөгийн тасалбар гаргаад маршрутыг энэ чигээр нь юм уу, эсвэл бага зэрэг задлаад явах бүрэн боломжтой.  Хэрвээ 25 , 30 мянган төгрөгийн тасалбар гаргавал, тасалбарыг хэвлэх, борлуулах зардлыг даатгалын компаниар гаргуулаад, иргэдээ даатгах бас нэг боломж байгаа гэж харж байна. Гэнэтийн ослын даатгалд даатгана гэдэг нийтийн тээврийн хөгжилд бас нэг дэвшил болно. Харин 25 мянган төгрөгийн тасалбар гэвэл цаана нь алдагдал хүлээх мөнгийг нийслэлээс гаргана. Ийм журмаар л явах байх.
 
Ц.Одонтунгалаг: Олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байна

/“Автобус-1" компанийн захирал/

-Өдөрт 35 чиглэлийн 300 гаруй автобус хотын төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр явдаг. Энэ нь замын ачаалалд сөргөөр нөлөөлдөг байсан. Тэгвэл  туршилтын 10 хоногийн хугацаанд чиглэлүүд давхцахгүй, автобус бүр Энхтайваны өргөн чөлөө рүү чихэлдэхгүй байхаар шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн юм.

Богино зайд шуурхай эргэлт хийдэг энэ туршлагыг олон улсад туршаад хэрэгжүүлээд амжилттай хэрэгжүүлсэн. Бидний хувьд олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байна. /Эх сурвалж Bataar.mn/
 
Б.Амаржаргал:  Цаашид хэрэгжүүлэх боломжгүй гэж бодож байгаа

 “Тэнүүн огоо” компанийн тасалбар түгээгч:
-Туршилтын 10 хоногт их хэцүү байсан. Тасалбар нь борлогдохгүй, эмх цэгц муутай, хүмүүс ч их бухимдалтай байсан гэж бодож байгаа. Ерөнхийдөө улсад их хохиролтой гэж  бодож байна. Нийслэлийн төсвөөс энэ мөнгө бодогдож байгаа гэсэн. Тасалбар түгээгч нар зорчигчдыг билетээ авсан байна уу, үгүй юу гэдгийг нарийн нягт шалгаагүй. Тийм учраас тасалбар аваагүй хүмүүс их байсан. Шалгалтаар явахад 7-8 хоног мөнгө төлөөгүй явсан. Сүүлдээ азгүйтээд баригддаг юм байна гэж ярьсан 5-6 хүнд би билет тасалж л байсан. Иймэрхүү явдал маш их гарч байсныг онцлон хэлмээр байна. Ер нь цаашдаа энэ маягаар хэрэгжүүлэхэд хэцүү гэж бодож байгаа.
 
П.Даваажаргал:  Цаашид тийм маягаар явбал улс их хохирох байх

Сансар-III-IV хороолол чиглэлийн автобусны тасалбар түгээгч:
-Тусдаа  билет зардаг л газартай байхгүй бол халуун наранд явж тасалбараа худалдана гэдэг хэцүү юм билээ. Хэдэн тасалбар түгээгчид өглөө, оройгүй гадаа зогсоод л билетээ зарж байсан. Хэцүү л байлаа. Уг нь дарга нар ашиг орлого нь нэмэгдэх байх гэж л иймэрхүү байдлаар туршиж үзсэн юм билээ. Гэхдээ ашиг нэмэгдэнэ гэж юу байх вэ дээ. Ганц билетээр өдөржингөө автобус хэсчихэж байгаа юм чинь.  Цаашдаа иймэрхүү байдлаар хэрэгжүүлэх юм яриад байгаа. Тэгвэл улс л их хохирох болов уу гэж бодоод байгаа шүү дээ.
 
А.Төгөлдөр:  Цаашид үргэлжлүүлбэл болмоор л шинэчлэл шиг санагдсан

“Атибус” компанийн автобусны тасалбар түгээгч:
-Надад бол боломжийн, дажгүй л санагдсан. 500 төгрөгийн билетээр өдөржин явчихна, эдийн засагт нь ч хэмнэлттэй. Гэхдээ зарим хүмүүс жаахан дургүйцэж байх шиг байсан. Танайх чинь яаж яваад байгаа юм гэх хэл ам нэлээд гарсан.  Автобус компанийнханд ашигтай байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Миний бодлоор бол цаашид ингэж хэрэгжүүлбэл болмоор санаг­даж байгаа. Иргэдэд хэрэгтэй гэдэг утгаараа шүү дээ.  Ерөнхийдөө цаашид энэ маягаар шинэчлээд, өөрчлөлт хийсэн нь дээр л гэж бодож байна. 
 
Ц.Ариунаа: Гадаа билет зараад, их хэцүү байсан

“Тэнүүн огоо” компанийн автобусны тасалбар түгээгч:

-Надад лав их хэцүү байсан. Гадаа билет зараад л. Халуунд нь халаад, хүйтэнд нь даараад л хэцүү байсан. Цаашид ямар шийдвэр гарах юм бүү мэд. Ямар ч байсан саяын 10 хоногт хэцүү байсан. Гэхдээ цаашид сайжруулах байх гэж найдаж байна. 10 хоногт туршилт хийх үед автобус компаниудын ашиг орлого нэмэгдсэн ч юм уу, үгүй ч юм уу. Бид зар гэсэн билетийг нь гадаа зогсоод борлуулсан. Иргэд ч их ам муутай байсан. Бид автобусны буудал дээр зөндөө загнуулсан.  Яваандаа нэг шийд гарах байх. Гэхдээ саяныхаас арай өөрөөр л шийдээсэй билээ. Хуучин маршрутаараа явах ч юм уу. Тэгэхгүй бол хэцүү юм билээ.
Монголын мэдээ
Э.Пагмадулам, Х.Өнөржаргал, Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хаха 2014-09-09 03:03:59
    Ажилгуй гуйлгачид, халаасны хулгайч нарт сайхан зуйл болсон байх
    203.194.117.116
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-08 15:02:41
    Хамгийн аятайхан байлаа харин билетийг дэлгүүрт зарах нь зөв бсан муусайн ко нууд орлогогүй болж баларсан байх маш зөв ажил бсан шүү БАТ ҮҮЛ мундаг шүү зоригтой ухаантай юм их хийж бна
    202.21.106.105
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOV BAISAN 2014-09-08 09:02:24
    ZOB BAISAN.
    103.10.23.78
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2014-09-08 13:57:34
      Үнийн хувьд сайхан байлаа. Даанч манай жолооч нарын цагаа баридаггүй нь зэвүүн байлаа. Заримдаа 30-40 минут хүлээлгээд ирэхээрээ 4 автобус зэрэг ирэхийг юу гэж ойлгох вэ??? Шинэчлэл хийхийн тулд цаг хуваарийн самбарыг чиглэл бүрд харуулдаг байх хэрэгтэй.
      202.179.27.213
      Мэдэгдсэн Хариулах
  • kommunizm 2014-09-08 07:59:13
    autobus bogino rase hiisneer zamiin tugjrel buurdag yum bish, mun niitiin teevriin hurteemj uilchilgee ch sain boldog bish. 500 gedeg maan\' ajil hiij baigaa humuusiin halaasnaas l mungu hulgailj baina gesen ug. ashig huuduggui niitiin teever gej haa bna
    203.194.117.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Buruu baisan 2014-09-08 07:24:21
    Buruu baisan
    112.72.13.87
    Мэдэгдсэн Хариулах