Жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох үйл ажиллагааг цахимжуулна

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид яам, агентлаг, нийслэл, дүүргүүдэд ажиллаж төрийн үйлчилгээ иргэдэд нээлттэй, ил тод хүрч байгаа эсэх, шат дамжлагыг бууруулах, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвийн үйл ажиллагаатай танилцсан билээ. Тус төвийн жолоодох эрхийн үнэмлэх олгох, солих, эрх сэргээх, ангилал ахиулах, үнэмлэхний лавлагаа өгөх, тусгай дуут дохио болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгож буй үйл явц болон мэдээллийн ил тод байдалд хяналт тавьж ажиллажээ.

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал цаашид хэрхэх талаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх ”Тухайн байгууллагын зарим үйл ажиллагаа цахимжсан, иргэдэд хүргэж буй үйлчилгээ сайжирсан байна. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр засч залруулах зүйл бас байна. Жолооны үнэмлэхний бэлдэц бэлтгэх, дагалдах хор хэрэгслийг худалдан авахад жилд дунджаар 1.3-1.8 тэрбум төгрөг зарцуулдаг ч жил бүр л бэлдэц тасарсан гэдэг шалтгаанаар үнэмлэх хэвлэгддэггүй, түр үнэмлэх олгодог. Үүнийг дагаад иргэдэд хүнд суртал, чирэгдэл учирдаг энэ байдлыг арилгах, жолооны үнэмлэх захиалах, олгох үйл ажиллагааг цахимжуулах, нээлттэй болгох шаардлага байна.

Жолооны үнэмлэхийг цахимжуулснаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний шат дамжлага багасна. Мөн жолооны дамжаануудын чанар, стандартыг сайжруулж адестатчлах юм. Ингэснээр хариуцлагатай жолооч бэлтгэгдэж, зам, тээврийн осол хэргийн гаралт буурна” хэмээн ярьсан юм.

Өчигдөр/01.30/ жолоодох эрхийн үнэмлэх олгох, нөхөн олгох, солих үйл ажиллагааг цахимжуулах, олон нийтэд нээлттэй болгох талаар Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Бүртгэл хяналтын төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран хэлэлцүүлэг өрнүүлжээ.


Хэлэлцүүлгийн үеэр Бүртгэл, хяналтын төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Батболд ярихдаа “Нийслэлийн иргэд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвд өөрийн биеэр ирж үнэмлэх захиалж байгаа. Иргэдийн материалыг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэвлэдэг, орон нутгийн иргэд тухайн газрынхаа Цагдаагийн байгууллагаар дамжуулан захиалдаг юм. Шуудангаар дамжин ирж буй учраас хэвлэгдээд иргэнд очиход 15-20 хоног шаардагддаг. Энэ үйлчилгээг бид иргэдэд хэрхэн ойртуулах, цахимжуулах, үнэмлэхний захиалга яаж авах талаар өнөөдрийн хэлэлцүүлгийн хүрээнд ярьж байна. Манай төв нь Монгол шуудан компанитай хамтран ажиллаж нийслэлийн иргэдийн жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар хүргэж байгаа. Дараагийн шатанд орон нутаг, аймаг, сумдын иргэдийн үнэмлэх захиалах материалыг “Монгол шуудан” ХК-ийн салбаруудаар дамжуулан авах талаар ярьж байна.

Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн нийслэлийн хэмжээнд жолоодох эрхийн шалгалтыг туршилтын журмаар цахимаар авч эхэлсэн юм. Энэ ондоо багтаагаад улсын хэмжээнд цахимаар шалгалт авах бэлтгэл ажлыг бид ханган ажиллаж байна” хэмээв.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, 2019 онд багтаан цахимаар жолооны үнэмлэх захиалах, нөхөн олгох ажиллагааг шат дараатай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Аагий 2019-08-06 11:57:24
    би хаячихаад 3 сарын сүүлээр захиалсан аваагүй л бн.15 -20хоногт гарч бгаа гэсэн нь үнэн шү
  • 1 2019-01-31 06:49:00
    Иргэний үнэмлэх байхад жолооны үнэмлэхний хэрэг байхгүй. Түүн дээр бүх мэдээлэл байвал л боллоо
  • Бат 2019-01-31 03:31:31
    Жолооны үнэмлэхээ хүртэл өнгийг нь сольж бизнэс хийнэ нэг мэдэхэд сайхан монгол орны минь зарчих вий дээ хараал ид