
Тэрбээр “УИХ-ын сонгуулийн үр дүнгээр УИХ-ын даргын албан тушаалд би хуулийн дагуу томилогдож байсан. Хэдийгээр өнөөдөр шинэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан түүнийг нэг хүнд зориулсан, парламентын дархлааг сулруулсан гэж олон нийт шүүмжилж байгаа ч гэсэн би энэ хуулийн дагуу үүрэгт албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна.
Энэ үйл явдал хэзээ эхэлсэн, хэн хэн гарын үсэг зурсан, ямар хугацаанд үргэлжилсэн гээд Монголын бүх үйл явлдууд түүхэнд үлдэж байгаа. Монголын парламентын түүхэнд саарал өдөр болж байна. Дахин энэ хуулийн зүйл заалтаар хэн нэгнийг чөлөөлөх үйл явдал битгий болоосой гэж би хүсч байна. Би ямар нэгэн байдлаар арга саам хэрэглэж, албан тушаалтай зууралдаагүй. Үүнээс өмнө төрийн, намын олон албан тушаалыг хашиж, өгч явсан.
Гагцхүү би энэ удаа асуудлыг хуулийг шийдэх ёстой гэсэн зарчмын байр суурийг барьсан юм. Өргөдлөө өгөх ч хүртэл ямар нэг учир шалтгаан байх ёстой. Тийм шалтгаан байгаагүй учраас надад өргөдлөө өгөх боломж байгаагүй.
Монголын парламентын түүхэнд саарал өдөр болж байна. Дахин энэ хуулийн зүйл заалтаар хэн нэгнийг чөлөөлөх үйл явдал битгий болоосой гэж би хүсч байна.
Энэ асуудлыг шийдэхэд ийм гарц гаргалгааг бий болгосон явдал төрийн гацааг гаргах гарц байсан. Миний удирдаж байсан УИХ-ын үйл ажиллагааг сүүлийн хоёр сарын хугацааг эс тооцвол “Би сайн ажиллаж байсан” гэж бардам хэлнэ.
Улс орны өмнө тулгамдаж байгаа, иргэдийн бухимдаж байгаа олон асуудлуудад бид анхаарал тавьж хэлэлцсэн. Засгийн газар хий жалаа бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй. Улаанбаатарын утаа, Оюутолгой, Тавантолгой, “Эрдэнэт”-ийн 49 хувийн холбогдолтой асуудлаар олон ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгүүд үр дүнгээ тооцож, олон нийтэд танилцуулна гэдэгт итгэж байна.
Гадаа гудамжид жагсаж, эсэргүүцэж байгаа олон нийтийг би ойлгож байгаа. Харин би өнөөдөр энэ жагсаалт цуглааныг зохион байгуулсан зарим нэг залуу улстөрчдөдөө хандаж хэдэн зүйл хэлэх нь зүйтэй байх.
20 гаруй жилийн хугацаанд болсон бүх зүйлийг нэг хүнд тохож, хаяглаж болдог юм байна гэдгийг та бүхэн үзүүлсэн. Энэ үйл явдал УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн цагаас эхлэн намайг харлуулах гэж ярьж байсан шударга ёс тогтоно, нийгмийн хүлээгдэж байгаа асуудлыг шийднэ, амьдрал сайжирна, уул уурхайн салбарын өгөөж нэмэгдэнэ гэх бүх зүйлүүд иргэд олон нийтийн хүлээлт, та бүхний даалгавар болж үлдлээ. Энэ бүхнийг хэрэгжүүлж байж та бүхний залуу улстөрч гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөнө.
Та бүхэн миний бүтээснийг бүтээж чадахгүй. Басхүү над шиг бүтээн байгуулалтыг хийж чадахгүй.
Хэн нэгийг алдаршуулж ард түмнийг хайртай болгох хэн нэгнийг гаргаж ирэхийн тулд та бүхэн намайг харлуулж байсан байх. Та бүхэн миний бүтээснийг бүтээж чадахгүй. Басхүү над шиг бүтээн байгуулалтыг хийж чадахгүй. Над руу хар будаг их цацсан. Тэр их цацагдсан хар будгийг цагийн эрхэнд нар салхины аясаар хагдран унана гэдэгт итгэлтэй байна. Үнэн зөв бодол санаа, хийсэн бүтээснийг ард түмэн үнэн зөвөөр ойлгох цаг ирнэ. Энэ бүх зүйлийг би даваад гарч чадна. Надад эцэг, эхийн хүмүүжил, энэ төрд зүтгэсэн тэвчээр, хатуужил байгаа. Харин эхнэр, хүүхдүүдэд маань бичиг өгөхөд “би ямар хүмүүстэй нэг танхимд сууж байв даа” гэдэг бодогдох үе байсан. Тэдний өмнөөс гэр бүл, үр хүүхдүүдээсээ уучлалт гуйх юмсан гэж бодогдох үе байсан.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд намайг дэмжиж байсан гишүүд, утсаар, мессэжээр дэмжиж байгаагаа илэрхийлсэн иргэд, хэвлэлийн мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, УИХ-ын Тамгын газрынхан байгаа. Та бүгдэд би цаашдын ажилд нь амжилт хүсч, сайн сайхныг хүсье. Төгсгөлд нь би "Төр бат, ёс хүнд" гэдэг буурлуудын үгийг хэлье” хэмээлээ.
Ингээд УИХ-ын Тамгыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд гардуулж өгөв.
П.ГОО
Оллоо.мн