Люү Дапэн: "Синопек"-тэй хамтарснаар шатахууны хүрэлцээгүй байдлыг зогсооно
БНХАУ-ын дарга Си Зиньпинийн айлчлалаар хэд хэдэн гэрээ хэлцэл хийсний дотор уул уурхайн салбарт чамгүй олон ашигтай хамтран ажиллах гэрээг үзэглэсэн. Уул уурхайн яам, БНХАУ- ын хөгжил шинэчлэлийн хороо хооронд нүүрсний гүн боловсруулалтыг эрчимжүүлэх салбарын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Санамж бичигт Хятадын тэргүүлэгч компани болох “Синопек”-тэй хамтарч нүүрснээс хий гаргах тухай тусгасан. Ингэснээр төслийн эхний санхүүжилт гурван тэрбум ам. доллар байх бол цаашид төслийн нийт өртөг 30 тэрбум ам.долларт хүрнэ гэдгийг онцолж байв. “ Синопек”- тэй хамтран ажиллах явц ямар байгааг тус группийн төлөөлөгч Люу Даюнээс тодрууллаа.
 
-“Синопек” группийн талаар манай уншигчдад товчхон танилцуулаач?
 
-Манай групп дэлхийн ТОП-500 компанийн жагсаалтын гуравдугаарт бичигдэж байгаа Хятадын хамгийн том компани. Боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн компани гэж тодотгож болно. Гол бүтээгдэхүүн нь газрын тос, нүүрс, байгалийн хий. “Синопек” нь дотоодын хэрэгцээгээ хангахын зэрэгцээ гадаадын улс оронд хөрөнгө оруулалт
хийх чиглэлээр хамтран ажилладаг юм.
 
Тухайлбал, Хятадын хэмжээнд 300 гаруй шатахуун түгээх станцтай. Улсынхаа нийт хэрэгцээний 60 хувийг хангадаг. Манай компани хайгуул хийж, дараа нь баазаа байгуулах, олборлолтоо хийхх зэрэг  бүх шатны ажлаа өөрөө хийх бүрэн чадалтай. Өнгөрсөн оны байдлаар шатахуун боловсруулах 25 төсөлд гарын үсэг зурж, ажлаа эхлүүлээд байна. Одоогоор эрчим хүч, зах зээл, олон улсын худалдаа зэрэг зургаан зүйлийн төвлөрсөн стратегийн бодлого барьж байгаа.
 
-Гадаадын ямар улсуудад хөрөнгө оруулалт хийж, хамтарч ажиллаж байна вэ?
 
-Гадаадын 21 орны 40 цэгт хөрөнгө оруулалт хийж, хайгуулийн ажил хийх төслөө хэрэгжүүлээд байгаа. Одоогоор Африк, Ойрхи Дорнод, Ази Номхон далайн бүс, ОХУ болон төв Азийн бүсэд үйлдвэрлэлээ байгуулаад байна. Харин Индонез зэрэг оронтой газрын тосоо нөөцлөх чиглэлд хамтын ажиллагаа эхлүүлсэн.
 
Үүний зэрэгцээ бид олон улсын худалдаа эрхэлдэг. Гадаадад нийлүүлдэг гол бүтээгдэхүүний тоонд түүхий тос, шатахуун, химийн бүтээгдэхүүн ордог юм. Харин Монгол Улстай газрын тосны хайгуул, олборлолт, нүүрс, химийн үйлдвэрлэл гэсэн гурван салбарт хамтарч ажиллах сонирхолтой байдаг.
 
-Одоогоор манай улсад “Синопек”-ийн зүгээс ямар төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна вэ?
 
-Монгол Улстай хайгуул хийх болон хөрөнгө оруулах гэсэн хоёр салбарт хамтран ажиллаж байгаа. Мөн газрын тосны төсөл хэрэгжүүлэхэд үйлчилгээг хангах чиглэлд хамтарч байна. Хайгуул хийх, хөрөнгө оруулах талаар манай компани Монгол Улсын өмнөд хэсэг, говийн бүсэд 5286 ам метр талбайд ажлаа явуулаад эхэлсэн.
 
Үүнээс 249.5 ам метр талбай дахь төсөл нь хэрэгжээд эхэлсэн гэж болно. Уг ажлыг 2010 оны эхээр эхлүүлсэн бол одоогоор 75 мянгантонн түүхий тосыг боловсруулах хүчин чадалтай болоод байгаа. Мөн Монголын нутаг дэвсгэр дээр манай группийн харьяаны есөн ажлын баг ажилладаг.
 
-Манайд хоёр үйлдвэр барих төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Энэ тухай тодруулахгүй юу?
 
-Монголд нүүрсийг шингэрүүлэх төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Уул уурхайн яамны харьяа компанитай хамтарч ажиллахаар ярьж байна. Төрийн өмчит компани гэж болно. Зүүн-Баян болон Дундговь аймагт үйлдвэрээ барихаар төлөвлөж байгаа.
 
-Ер нь нүүрс химийн үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлснээр Монгол улсад ямар ашиг, ач холбогдолтой юм бэ?
 
-Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл маань байгальд орчинд халгүй, цэвэр эрчим хүчээр ажиллах учраас бүх салбарт ач тусаа өгнө байх. Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын хэрэгцээг хангах төдийгүй гадаад руу нийлүүлж харилцан ашигтай ажиллана. Хоёр орны стратеги түншлэлийн харилцааны цаашдын харилцаанд чухал ач холбогдолтой. Хоёр үйлдвэр байгуулах зорилготой ажиллаж байгаа. Коксжсон нүүрсний хэмжээ 100 сая тоннд хүрнэ байх.
 
Нүүрснээс гадна бидэнд өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий. Төслийн хүрээнд нүүрс, шатамхай хий боловсруулах, газраас ус гаргах зэрэг олон талыг хамарч байгаа. Хамтарч ажиллаж байгаа дөрвөн байгууллага бий. Нэг нь манай компани. 2013 оны аравдугаар сард манай компани болон Монголын талаас ажиллах компани хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Нүүрсээр хийн түлш үйлдвэрлэх нь агаарын бохирдлыг маш их хэмжээгээр бууруулдаг. Хоёрдугаарт, томоохон үйлдвэр байгуулснаар Монгол Улсын эдийн засагт татвар хураамж, ажлын байр бий болгох зэрэг өндөр ач холбогдолтой. Түүнчлэн, энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын шатахууны хүрэлцээгүй байдлыг шийдвэрлээд зогсохгүй химийн бүтээгдэхүүн зэрэг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой юм.
 
-Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш үр дүн нь хэдий хугацаанд гарах бол?
 
-Зургаан жилийн дараа үр өгөөжөө өгч эхэлнэ.

Зууны мэдээ
Д.Цэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.