"Цаст алтайн бүргэд өндөрт нисдэг"

Бид УИХ-ын гишүүн А.Бакейд нэлээн эрт казах түмний үндэсний их  баяр-наурызын баяраар “Амьдралын тойрог”-тоо зочлох урилга өгч байв. Гэтэл төрийн ажил, хувийн  бэлтгэл гээд амжаагүй. Нарны баяраас эхтэй урилга маань намар биеллээ олсон  нь энэ.  

БҮРГЭД, ДОМБОР, АЛТАЙ ТАВАН БОГДОО  ШҮТДЭГ   АГЫПАРЫН БАКЕЙ ГЭЖ ХЭН БЭ?

 Манай нийтлэлийн гол баатар  Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уугуул. Алтай Таван Богдын бэл, Ховдын голын эхэн, ой мод, өндөр уулсаар хүрээлэгдсэн сүрлэг сайхан нутагт төрж   өвөө, эмээгийнхээ  гар дээр мал маллаж, хадлан тэжээл бэлдэхээс эхлэн ажилд  нухлагдаж өсчээ.  Уламжлалт мал аж ахуйд нүүдэлчин түмний ёс заншил, гүн ухаан шингэсэн байдаг болохоор эцэг эхийн сургаал, захиасаас сурахын зэрэгцээ байгаль орчин, хүнтэй  хэрхэн харилцахаас эхлэн  бие даан ажиллах арга ухаанд тэрээр багаасаа  суралцсан нэгэн юм.

Тэр улс төрд орохоос   өмнө ХААИС-иар овоглож  олонд танигдсан. Тус  сургуулийн  эдийн засгийн ангийн тэргүүний суралцагчдын нэг,  Сүхбаатарын нэрэмжит цалинтай оюутан байсан тул  төгсөөд сургуульдаа  багшаар үлдэж, улмаар хичээлийн эрхлэгч, захирал хүртэл албыг олон жил  хашиж ирсэн учраас тэр.  Мөн 1980-аад оны сүүлчээр Монголд өрнөсөн өөрчлөн байгуулалт, шинэчлэлийн эхэнд  “Малыг малчдад”  хөдөлгөөнийг  ХААИС-ийн  багш, нэр бүхий эдийн засагчид   идэвхтэй дэмжиж байсны нэг  юм.  2000 оноос АН-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, нутгийнхаа буурлуудын захиас  даалгавраар 2004 оны Их Хурлын сонгуульд  нэр дэвшиж, 2004-2008 онд өлгийчүүдийг  төрд төлөөлсөн. 2008  онд нутагтаа  дахин  нэр дэвшсэн ч  цөөхөн саналын зөрүүгээр ялагдсан. 2012 онд даагаа нэхэж, ялалт байгуулснаар  өдгөө  төвөөс алслагдсан хязгаар нутаг  Баян-Өлгий аймгийн  үндэсний цөөнх, тодруулбал, казах, монгол, тува, урианхай гээд олон хэлтэн, ястан, үндэстнийг төрд төлөөлж буй УИХ-ын гишүүн. Мөн Их хурал дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын албыг хашдаг. Албан бус сонгуульт  ажил  ч бас  олон. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийн даргын сонгуульт ажилтай. Бүргэдээ шүтэж, тэр талаарх  судалгаа, шинжилгээний ажилд чөлөөт цагаа зориулдаг. Өөр  нэг  томоохон хобби нь найзуудтайгаа  явган аялах, аппараттай нөхөрлөж, үзсэн харсан сонирхолтой зүйлүүдээ гэрэл зурагт   буулгах. Ер нь  зураг авахдаа УИХ дахь нэг ангийн журмын нөхөр М.Зоригтыг дагуулахгүй ч авсан зургаа олонд   дэлгээд байдаггүй даруухан аж. Хэр сайн зурагчин бэ гэдгийг  ч ажлын өрөөгөө чимсэн “Алтай Таван Богд хайрхан”, “Морьтон бүргэдчид”  зэрэг байгалийн сайхан зургуудаас нь  харж болохоор юм.

А.Бакей   ХААИС-ийг дөнгөж төгсөөд сургуульдаа  багшилж байхдаа  малын эмчийн ангийн дөрөвдүгээр курст сурч байсан нутгийнхаа охиныг гэргийгээ болгосон. Эхнэр нь өдгөө  ҮХААЯ-нд мэргэжлээрээ ажилладаг. Анх  айл болохдоо тэд Зайсан толгойн урд галладаг ганц өрөө умгар байшинд гал голомтоо асаасан бол одоо мөн тэр   хавьд  орон сууцанд амьдардаг юм байна. Тэднийх хоёр хүү, нэг охинтой. Өдгөө тэд   том болж аав, ээжийгээ өвөө, эмээ болгож амжжээ. Тэднийх нэг ач хүүтэй, тэр нь жаахан гэнэ /зургийг нь харуулав/.

 “Амьдралын тойрог” уг нь гол баатрынхаа  гэрт очиж, амьдралыг нь тольдож амттай яриа авах зорилготой ч  эрхэм гишүүнийх зочин  гийчдийн  хөл ихтэй гэнэ. Иймээс Төрийн ордны дөрвөн давхар дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын ажлын өрөөнд саатсан юм. Гишүүд  өрөөндөө их төлөв морин хуур залдаг бол түүний өрөөний хойморт  Монгол Улсын төрийн далбаа, зүүн хойд талд  том, жижиг домбор хүндтэй байрыг эзэлжээ. Ихэнх гишүүд өрөөгөө болон ширээгээ  морины дүрс, зургаар  чимж хийморь бэлгэддэг  бол А.Бакей гишүүн   ширээн дээрээ гар дээрээ бүргэдээ суулгаад давхиж яваа морьтны баримлыг  залж, харин дүүрэн ном чихсэн  шилэн нүүртэй хүрэн   шүүгээн дээр далавчаа дэвж буй алтлаг өнгөтэй  том бүргэд “суух”  нь сүртэй.

Бүргэд, домбор хоёртой хэр нөхөрлөдгийг асуухад “Хүүхэд байхад бүргэдтэй ойр явлаа. Гэхдээ ан ав хийж байгаагүй. Сургууль соёлын мөр хөөж хотын хүн болсноос хойш бүргэдийн талаарх судалгаанд анхаарч байгаа” гээд манай  эрчүүд хурдан морь ярихаараа огшдог шиг “Бүргэд өндөрт нисдэг, тэр тусмаа манай Алтай Таван Богдын бүргэд бүр ч өндөрт нисдэг” хэмээн  нүд нь сэргэж байна.  Харин домбороо бол  сайн тоглодог гэж хэлэхгүй ч дуугаргачихдаг гэнэ.  Парламентад олуулаа гэсэн статусаар ажиллаж, засаг барьж, бодлого хэрэгжүүлж буй АН доторх үндэсний  цөөнхийн төлөөллийн  намтар, албан ажил,  хувийн амьдрал, чөлөөт  цаг, хоббиг сонирхоход нэг иймэрхүү.

Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга учир салбар зөвлөлийн гишүүдтэй байнга уулздаг.

Улсын сайн малчинн ах нь дүүгээ нэгдлийн дарга болгохыг хүсчээ

А.Бакей аав, ээжийнхээ  мал маллах ажилд  тусалж, сургуульд хожуу оржээ. Цэнгэл сумандаа наймдугаар анги хүртэл суралцаад  Баян-Өлгий аймгийн төвийн нэгдүгээр арван жилийг төгссөн байна.

Сурлага сайтай байсан  тул гадаад, дотоодын их, дээд сургуулийн алийг нь ч  сонгох боломжтой  байж. Гэхдээ  мэргэжил сонгох үед улсын хошой аварга малчин хүргэн ахынхаа үгийг ч сонсч. Янз бүрийн санал гарсны эцэст сургууль төгсөгчийн /уг нь өөрөө бол дотроо  Орос руу сургуульд явчих бодолтой байсан гэдэг/  санал гэхээс илүүтэй хөдөөнөөс ирсэн хүргэн ахынх нь  зөвлөгөө зонхилжээ. Тэр нь  тухайн үеийн Хөдөө аж ахуйн дээд, одоогийн ХААИС-ийн эдийн засгийн анги байж. Үнэндээ тэр үед Хөдөө аж ахуйн дээдийн эдийн засгийн ангийг төгссөн хүмүүс нэгдлийн дарга болдог жишиг тогтоод байж л дээ. Ингээд хүргэн ах нь өөрийгөө бодсон ч юм уу, дүүгийнхээ ирээдүйг бодсон  уу эдийн засагчийн ангийг сонгох нь зүйтэй гэснээр тус сургуулийн хуваарь авч. Тэднийхэн удмаараа малчин хүмүүс  учраас бусад нь ч зөв зүйтэй хэмээн дэмжжээ. Өдгөө тэр сонголт зөв байсан хэмээн  “Амьдралын тойрог”-ийн зочин маань  ярьж  байна. Харин би дотроо түүний сонголтод  ах захаа хүндэлж, азай буурлынхаа  үгийг  дагадаг казахын хатуу ёс жаяг  бас  нөлөөлснийх болов уу гэж бодож суув.

Учир нь хэдэн жилийн өмнө Баян-Өлгий аймгийн уугуул, УИХ-ын гишүүн асан А.Мураттай ярилцаж  байхад “Би одоо ч ахаасаа эмээгээд дэргэд нь тамхи татаж чаддаггүй”  хэмээн хуучилсан нь санаанд орлоо. Тэгээд А.Бакей гишүүнээс  “Та ах нарынхаа үгийг хэр сонсдог вэ” гэхэд  “Ах нарын үг бол ном шүү дээ. Тэгээд ч ах, эгч нар бол дандаа зөв явахыг л захиж  сургадаг. Манай казахын ёсонд ихэс дээдсийнхээ үгийг хүндэтгэж сонсдог. Тэр байтугай нэг гэрт суухдаа хүртэл хамгийн ахмад нь гэрийн хойморт суудаг. Тэр эрэмбэ хэзээ ч эвдэгдэхгүй” гээд “Настай хүмүүсийн урдуур, хойгуур  багачууд, залуус хөндлөн гарч болохгүй” зэрэг ёс уламжлал одоо ч мөрдөгдөж байгаа хэмээж байна. Ардчилал, зах зээл эхэлж  нийгэм үзэл суртлын хүлээсээс  гарсныг  манайхны зарим  замбараагүй  байж болох шиг ойлгож хэтийдсэн нь бий. Тэгвэл, казахууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг нийгмийн өөрчлөлтийг хэрэгжүүлсэн ч  чөлөөт байдал гээд уламжлалт ёс заншлаа гээгээгүй аж.

Зуны халуунд зузаан цамцтай хөлсөө дуслуулсан нь

Түүнийг оюутан байх үед залуус наймдугаар сарын 20-доор ирэнгүүтээ зун, намрын ажилд Сангийн аж ахуйд  явдаг байжээ. Их төлөв будаа, тариа, төмс хүнсний ногоо хурааж  хадлан тэжээл бэлдэнэ. Баян-Өлгийгөөс ирсэн, монгол хэлэндээ  тааруухан, хотын ёс жаягийг  мэдэхгүй, зуны халуунд зузаан дээл өмссөн шинэхэн оюутан сургуульдаа ирэнгүүтээ ургац хураалтад явжээ.   Ах нь хуримаа хийгээд  ирэх ёстой хугацаанаасаа хэд хоногоор  хоцорч ирсэн тул 3-4 дүгээр курсын ах, эгч нартай Зүүнхараагийн сангийн аж ахуйд очсон байна. Хэл сайн мэдэхгүйгээс жаахан  ганцаардмал, зузаан дээлээ тайлалгүй  ажилд зүтгэн  хөлсөө дуслуулж явахад нь дөрөвдүгээр курсын оюутнууд түүнийг хажигласангүй харин ч халамжилж, чадахгүй, мэдэхгүйг нь зааж зөвлөж байсан гэдэг.

Ингээд сарын дараа гэхэд монгол хэлэндээ ч сайжирч, төгсөх курсын ах нартай мөр зэрэгцэн ажиллаж ажилд сайн  гэдгээ ч  харуулж. Ингээд  есдүгээр сарын сүүлчээс  хотод ирж, улсын заан З.Дүвчин тэргүүтэй ангийн нөхөдтэйгээ нэг ширээнд тохой залган сууж эрдэмд шамджээ. Ингэхдээ нэгдүгээр курсээс эхлэн оюутны эрдэм шинжилгээний хурлыг алгасалгүй  илтгэл тавьж эхэлсэн байна. Улс төрийн эдийн засгийн ухаан, Монголын түүхийн сэдвээр илтгэл тавихад ихийг уншиж бэлдэх ёстой. Бусдын өмнө гарч илтгэл тавина. Энэ бүхэнд хичээсээр хоёрдугаар курсээс эхлэн Д.Сүхбаатарын нэрэмжит цалин авах болжээ. Тэр тухайгаа  А.Бакей гишүүн “Бидэнд   эдийн засгийн ухааны доктор Г.Галбадрах гэж мундаг онолч багш хичээл зааж байлаа.  Мөн доктор П.Санжид, Х.Дашдондов, О.Чойжилсүрэн, Л.Жаргал, Д.Дорлигсүрэн гээд олон сайхан багш нарын минь  ач  буян намайг өдий зэрэгт хүргэсэн” хэмээн дурсч байна.

ХААИС-д үүдний жижүүрээс бусдыг хийсэн

Ажил, амьдралынхаа гарааг хаанаас эхлэх нь тухайн хүний хувь заяаны залуурч нь. Тэгвэл А.Бакей гишүүний тэр залуурч бол ХААИС юм.   Түүнийг төгсөх үед сургуулийн удирдлагууд багшаар авч үлдэх шийдвэр гаргажээ. Гэхдээ тэр үед сургуулиа онцсайн төгссөн залуусыг Төв Хорооны боловсон хүчний хэлтсээс хуваарилдаг. Тэр дагуу  дуудахаар нь яваад очтол нь “Сургууль чинь багшаар авч үлдэнэ гэж байна. Гэхдээ дан онолоор сайн ажилтан болж чадахгүй. Иймээс дөрвөн сар сангийн аж ахуйд ажилла”  гээд Зүүнхараа руу томилолт өгч, ингээд оюутны зун, намрын ажилд хөлсөө дуслуулж явсан газартаа  зөвлөлтийн мэргэжилтнүүдийн удирдлагад эдийн засагчаар /гэхдээ Хөдөө аж ахуйн дээд сургуулийн багшийн давхар томилолт өвөртлөн/ ажиллажээ. Төлөвлөгөөт эдийн засгийн нарийн тооцоог гаргаж сурах гэж тэнд  багагүй ч туршлага  хуримтлуулж.  Тэндээс ирээд багшийн ажилдаа шууд ортол, нэг бус хэд хэдэн хичээл давхар заахаар болсон байв.

Тэр болгоныг зэрэгцүүлж бэлдэх бэрх. Лекц бэлдэхийн тулд ганц ном унших хангалтгүй. Мэргэжлийн сурах бичгүүдийг зэрэгцүүлж тавиад тэндээс гол зүйлүүдийг харьцуулна, нэмэлт материалыг судалгааны бүтээлүүдээс харах ёстой. Цагийн ачаалал ч их, өдөрт найман цаг, нэг ангид хичээл ороход  90 минут оюутны өмнө зогсоно. Тэгээд  лекцээ дуржигнатал уншаад байхгүй  сурагчдын анхаарлыг татах,  арга барил эзэмшиж дадлагажихаас эхлэн  ХААИС  оюутан А.Бакейг багш болгож туршлага суулгасан эрдмийн  их уурхай  ажээ.  Ер нь бол 4-5 жил нойр, хоолгүй зүтгэж байж арай гэж багшийн дөр суудаг учраас  багшийн ажлыг хүнд хөдөлмөр хэмээн тэрээр онцолж байна лээ. Өөрийнх нь хэлснээр энэ  хөдөлмөрт тэрээр 1984-2004 он хүртэл тасралтгүй  зүтгэсэн бол энэ салбарт   25 жил ажиллахдаа   дагалдан багш, багш, тэнхимийн эрхлэгч, декан, нийгэм-эдийн засгийн, сургалтын болон  эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн  дэд захирал гээд тэнд бүх ажлыг хийжээ. Шинэ жил, Октябрийн баяр, Майн баяр гээд баяр, ёслолын үеэр  хариуцлагатай эргүүлд гарахдаа сургууль нь төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй тул аль нэг газраа хөлдөж  ус алдвал сантехникч, галч, цахилгааны утсанд асуудал үүсвэл цахилгаанчин болно. Харин хийгээгүй хоёрхон ажил үлдсэний нэг нь сургуулийн ректор, нөгөө нь үүдний жижүүр ажээ.

Түүний шавь нар “Манай багш өндөр шаардлага тавьдаг,  хатуу байсан” гэлцдэг. Энэ тухайд өөрөөс нь лавлахад инээгээд “Тэр үед залуу багш байж, өндөр шаардлага тавьдаг, хатуу байсан шиг билээ. Нас яваад ирэхээр аяндаа зөөлөрдөг юм байна лээ” гэж байна. Хамгийн гол нь багш хүн оюутнуудтайгаа хамт сурч, өөрийгөө хөгжүүлдэг. Түүний хувьд  багшилж байхдаа эдийн засгийн ухааны чиглэлээр аспирантурт сурч, докторын зэрэг хамгаалсан. Энэ бол багш хүнд заавал тавигдах шалгуур болохыг тэрээр   онцолж байв.  Багш зөвхөн мэдээлэгч биш, уншсан, сонссоноо өөрөө боловсруулдаг, түүнийгээ амьдруулж шавь нартаа мэдлэг олгож, сургахын тулд судлаач байх ёстой. Энэ чанарыг эзэмшихэд судалгааны бүтээл хийх, ном бүтээл туурвих чадвар заавал шаардлагатайг тэрээр хэлж байна.

Бид хөршүүдээ хүндэтгэж, хамтран ажиллах ёстой

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд манай улсад хоорондоо тун ойрхон  зайтай айлчлал хийсэн хоёр хөршийн төрийн тэргүүний хэлсэн үг, гэрээ, хэлцлийн талаар түүнээс сонирхсон юм. А.Бакей гишүүн аливаа улс орон хөршөө сонгох боломжгүй, тэр бол хувь заяа гэдгийг онцлоод хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал чухал ач холбогдолтой болсон хэмээн үзэж байгаа гэв. Мөн БНХАУ-ын дарга манай улсад айлчилж УИХ-ын индэр дээрээс Монголын ард түмэнд  төдийгүй дэлхий нийтэд хандан “Бид Монгол Улсын тусгаар тогтнол, сонгон авсан хөгжлийн замыг хүндэтгэнэ. Хөгжил дэвшлийн төлөө цаашид бүхий л талаар  хамтран ажиллана” хэмээсэн нь бусад улс оронд ч гэсэн нэгийг бодогдуулсан үг болохыг тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал ч хөгжлийн, эдийн засгийн олон гарц нээсэн  хэмээн тэрээр дүгнэж байна. Ер нь хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалаас  Монгол Улсын эдийн засаг, улс төр, газар нутгийн ямар нэгэн хүчин зүйлийг харгалзахгүйгээр  хоёр хөрш  хөгжих боломжгүй. Тиймээс хөршөө хүндэтгэж, хамтран хөгжих нь зүйтэй гэсэн байр суурь ажиглагдлаа хэмээн ярьж байна.

Энэ зун Алтай Таван Богддоо хоёр удаа очжээ

Тэрээр   энэ зун  төрийн ажлыг хувийнхтай хослуулан   цаг   ашиглаж  бас багагүй ажил амжуулсан байна.  Тухайлбал, хаврын чуулган дөнгөж завсарлаад Алтай Таван Богдын төрийн тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан очиж,  ус нутгийнхан нь ч сайхан хүлээж авчээ. Тахилга гэдэг нь нэг талаас шашин шүтлэг, нөгөөтэйгүүр байгаль дэлхийгээ хайрлах үзэл, энэ талаас ард түмний  сэтгэлийг төлөвшүүлэхэд ач холбогдолтой. Тиймээс буянтай ажилд гар бие оролцлоо  хэмээн тэрээр  сэтгэл өөдрөг байгаа гэнэ. Харин УИХ-ын даргатай хамт Баян-Өлгийг зорихдоо  тэрээр наадмын дараа явжээ. З.Энхболд дарга Алтай Таван Богдод очихын зэрэгцээ нутгийн иргэдтэй уулзан  байгалийн сайхныг сонирхож, тэнд аялал жуулчлал хөгжүүлэх боломж нөхцөлтэй газар дээр нь танилцсан. Тиймээс олон зүйлийг газар дээр нь ярьж, зөвлөлдөж явсан нь ач холбогдолтой болсон хэмээн үзэж байгаа гэнэ. Тэгвэл удахгүй хоёр гурав хоногоос А.Бакей гишүүн мөн л тойрогтоо очиж  сонгогчидтойгоо  уулзаж, тайлангаа тавихаар зэхэж суугаа аж. Түүний тойрог онцлогтой. Тэнд казах, урианхай, тува, дөрвөд гээд олон үндэстэн, ястан ахан дүүс амьдардаг. Тэдэнд зориулж тайлангаа монгол, казах хоёр хэл дээр бэлдэхдээ эвхэгдээд тэмдэглэлийн дэвтэр болчихдог өвөрмөц  хэлбэрийг сонгосон харагдана. Дотор нь батлуулсан хууль, тогтоомж, ажлын хэсэгт ажилласан байдал, цаашид хийх зүйлүүд гэхчлэн дэс дарааллыг  тун нямбай гаргасан харагдав.


Олонхийг сөрөх үе хааяа гардаг

А.Бакей гишүүн  эрдмийн мөр хөөсөн эрхэм. Гэтэл улс төр хэнийг ч өөрчилдөг, намын шийдвэр гээд магадгүй  хүн чанар, баримталдаг зарчмаас  нь хазайсан зүйлийг хэлүүлж ч болох. Нөгөөтэйгүүр, тэр худал хэлж болохгүй, ахмад настан, дээдсээ хүндлэх ёстой, цагаан сахалтай аксахалуудын  өмнө  ёс бус зүйл хийж, хэлж болохгүй  гэхчлэн хатуу дэг жаягтай  казах түмний хүү. Үндэстний доторх цөөнхийн итгэлийг хүлээсэн  Их хурлын гишүүн.

Хэдийгээр  нам нь 2012 оны сонгуульд олуулаа болж засаг барьж, бодлого хэрэгжүүлж байгаа  давуу талтай ч  манай ихэнх хууль тогтоомж олонхийн санаа бодол, нийтлэг хандлагыг дагадаг тул тэр дотор цөөнхийн эрх ашгийг хамгаалах амаргүй. Гэтэл казах, тува, урианхай ястан, үндэстний өвөрмөц онцлог, шашин шүтлэг гээд өөр зүйлүүд бий. Эцэст нь  хоорондоо зөрчилдөж буй энэ  бүх зүйлийн  алтан дундажийг хэрхэн тааруулж яваа талаар нь сонирхов. Энэ асуултад тэрээр “Хэцүү зүйл алхам тутамд тохиолддог.

Улстөрч хүн өөрийнхөөрөө байх уу, олонхийг дагах уу” гэдэг сонголт байнга тулгардаг. Тухайн асуудлаар хэдийгээр өөрийн итгэл үнэмшлээр хандъя гэвч олонхийн байр суурийг дагахаас аргагүй байх нь бий. Тэр болгонд нарийн ухаан зарж, өөрийгөө зөв ойлгуулж явахгүй бол болохгүй. Бүх зүйлд өөрийгөө тодруулан сүр бадруулж гол баатарт тоглох гээд эсвэл хэт бөөрөнхийлөөд байвал ард түмэн харж байна. Хэрэгтэй үед  байр сууриа зөв илэрхийлж ноён нурууг барьж явах нь улстөрч хүнд чухал.  Гэхдээ миний ард дан ганц Бакей гэх хувь хүн бус өвөрмөц онцлогтой Баян-Өлгийн казах түмэн, түүнчлэн тува, урианхай, дөрвөд гээд өвөрмөц онцлог бүхий ард түмний эрх ашиг давхар  байдаг учраас яах аргагүй олонхийг сөрж  сонгогч түмнийхээ төлөө тодорхой байр суурь илэрхийлэх үе гардаг” хэмээн хариуллаа.

А.Бакей гишүүнтэй хуучилсан “Амьдралын тойрог” булан энэ хүрээд өндөрлөж байна. Цаст Алтайн бүргэд өндөрт нисдэг шиг Алтай Таван Богдод төрж өссөн эрхэм гишүүний ажил үйлс өөдрөг байх болтугай.

Зууны мэдээ
Ч.Үл-Олдох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.