СЗХ-ны дарга С.Даваасүрэн мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсад бие даасан санхүүгийн зохицуулагч байгууллага үүсгэн байгуулагдсаны 25, Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсаны 13 жилийн ойн баярын мэндийг тус байгууллагын тулгын чулууг тавилцаж, хөгжлийн түүхийг бүтээлцсэн ахмад буурлууд, үе үеийн удирдлага, хамт олон, одоо ажиллаж шинэ түүхийг бүтээж буй нийт ажиллагсад, тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон хэрэглэгч харилцагчид, иргэд Та бүхэндээ өргөн мэндчилье!

Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих шилжилтийг эхлүүлсэн Монгол Улсад өмч хувьчлалын үйл явц өрнөж, улмаар анхны хувийн өмч болсон хувьцаагаа эргэлтэд оруулах гарцыг нээсэн Үнэт цаасны тухай хууль тэртээ 1994 онд батлагдсанаар энэ зах зээл, түүнийг зохицуулж хяналт тавих төрийн байгууллага бий болж, өнөөдрийн хөгжил дэвшилд хүрэх үндэс суурийг тавьсан юм. Үнэт цаасны хороо бол банкнаас бусад санхүүгийн салбарыг бие даан зохицуулах чиг үүрэгтэй манай улсын анхны санхүүгийн зохицуулагч байгууллага юм. Улмаар 2006 онд Санхүүгийн зохицуулах хороо Үнэт цаасны хорооны үндэс суурин дээр Монголбанкны чиг үүргээс банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны салбарыг, Улсын мэргэжлийн хяналтын газрын эрхлэх асуудлаас даатгалын салбарыг тус тус татан авч үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд эдүгээ зохицуулалтдаа эдгээр зах зээлийн нийт 2600 гаруй оролцогчийг багтаасан, олон улсын санхүүгийн зохицуулагчдын эгнээнд нэгдэн орсон томоохон институц болон төлөвшөөд байна.

Улсын өмчийн даатгалын байгууллагыг эс тооцвол ганц банкны тогтолцоотой явж ирсэн Монгол Улсын санхүүгийн салбар зах зээлийн эдийн засагт шилжсэнээр бүрнээ өөрчлөгдөж, үнэт цаасны, даатгалын зах зээл бизнесийн харилцаанд орж, бичил санхүүгийн зах зээл үүсэн, эдүгээ улс орны хөгжлийг нөхцөлдүүлэх томоохон салбар болон өргөжсөөр байна.

Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, эрх зүй, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, зах зээлийн хөгжлийн оновчтой чиг хандлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хөрөнгө оруулагч үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахад Хорооны зорилго, зорилт чиглэж ирсэн юм. Бид 25 жилийн ололт амжилт, алдаа оноо, ахиц дэвшлээсээ туршлагажин, өмнөх амжилтаа бататган ахисаар өнөөдрийг хүрлээ. Бидний туулсан замд алдаа оноо, бартаа нугачаа багагүй байлаа. Тэр бүхнийг няцаж шантралгүй даван туулж, өнөөдрийг хүрсэн Санхүүгийн зохицуулах хорооны бүтээлч, чадварлаг хамт олон, нийт санхүүч, эдийн засагчдынхаа үйл хэргийг бахархан тэмдэглэх учиртай. Зохицуулалтын хууль эрх зүйн орчныг төгөлдөршүүлэх, шударга, чөлөөт өрсөлдөөний таатай орчин бий болгох ажилд салбарын үйлчилгээ эрхлэгчид, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, мэргэжлийн байгууллагууд маань бидэнтэй нэгдэн, хамтран ажиллаж, хамтдаа шинэчлэгдэж байгаад талархал илэрхийлье.

Сүүлийн жилүүдэд Хорооны явуулж буй бодлого, хяналт, зохицуулалтын үйл ажиллагааны үр дүнд санхүүгийн зах зээлд чамлахааргүй ахиц дэвшил гарч буйг 25 жилийнхээ түүхт ойн босгон дээр онцлон дурдахыг хүсэж байна. Саяхныг болтол ердөө 5-6 хувьд хэлбэлздэг байсан санхүүгийн зах зээлийн ДНБ-д эзлэх хэмжээ 2018 онд 15 хувь болж өслөө. Үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2.5 их наяд төгрөгт хүрч, түүхэн дээд амжилтаа тогтоосон бол банк бус санхүүгийн зах зээлд финтек буюу дэвшилтэт, цахим технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтэрснээр нийт харилцагчдын тоо 1.5 саяыг давлаа. Хадгаламж, зээлийн хоршооны салбарын нийт хөрөнгө 34.8 хувиар, даатгалын зах зээлийнх 30 хувиар тус тус өслөө.

Санхүүгийн зах зээлд гарч буй өсөлтийг урт хугацаанд тогтвортой хадгалах, иргэд, харилцагчдад хүртээмжтэй, сонголттой боломжуудыг олгох, нийт санхүүгийн салбарыг олон тулгууртай, зохистой бүтэц бүхий хөгжлийн сектор болгон өөрчлөх нь Хорооны гол зорилго юм. Амжилт ололтоо бататгаж, улмаар ахиулан, зорилго зорилтоо хангахын тулд бид зах зээлийнхээ нөөц боломжийг дайчлан, чадавх чадварыг нэмэгдүүлэх, хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн үйл ажиллагаа бүхий зах зээлийн оролцогчдыг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, бодлого зохицуулалтаа чиглүүлж байна. Цаашид Монгол Улсын санхүүгийн салбарыг эн тэнцүү, харилцан биенээ дэмжсэн хүчирхэг зах зээлүүд бүхий тогтвортой тогтолцоо болгохын төлөө чармайн ажиллаж, бодит үр дүнд хүрч чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол Улсын санхүүгийн салбарын үе үеийн зүтгэлтэн, мэргэжилтнүүд, санхүүчид, нийт харилцагч, үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагч, иргэддээ 25 жилийн ойн мэндийг хүргэж, хөгжил дэвшлийг цогцлоон бүтээх бидний хамтын үйл хэрэг үргэлж өөдрөг байхын ерөөлийг Хорооны гишүүд, хамт олныхоо өмнөөс болон хувиасаа дэвшүүлье!
 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА С.ДАВААСҮРЭН

2018.01.25

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уймраа 2019-01-25 11:10:36
    Мэндчилгээний огноог нь харахад өнгөрсөн оны мэндчилгээ юм байна л даа. kkk