Украинд сөргөлдөгч талууд гал зогсоожээ

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, Оросын төрийн тэргүүн Владимир Путин нарын санаачилсан Энхийн төлөвлөгөө хэрэгжиж, Украины зүүн нутагт гал зогсчээ. Сөргөлдөгч талууд галаа зогсоож, улс төрийн хэлэлцээнд шилжихээр тохиролцоод байна. Эвлэрэл зарласны дараа 12 заалтыг мөрдөж байгаа тухай мэдэгдсэн юм.

Украин, ОХУ болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид Минск хотноо уулзаж, гал зогсоох хэлэлцээний заалт, нөхцлийг хэлэлцээд дараахь алхмуудыг авах ёстой хэмээн үзжээ. Гал зогсоох, мөргөлдөөний бүсэд хүмүүнлэгийн тусламжийн зам гаргах, Украины дотоодын хүчнүүдийн хооронд улс төрийн хэлэлцээг эхлүүлэх, сөргөлдөгч талууд барьцааны хүмүүсээ солилцох зэрэг тодорхой заалтуудаас гадна Орос-Украины хил дээрх нөхцөл байдлыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хянах, дайн байлдааны ажиллагаанд оролцсон хүмүүст өршөөл үзүүлэх, хэлэлцээнд оролцогчдын, тэр тусмаа тусгаар тогтнолоо дангаар зарласан бүгд найрамдах улсуудын лидерүүдийн аюулгүй байдлыг хангах ёстой хэмээн тохиролцлоо. Мөн Украин улс Донбассын эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг боловсруулах үүрэг хүлээжээ. ОХУ салан тусгаарлагчдад зэр зэвсгийн тусламж үзүүлсэн гэдгийг няцааж байгаа ч босогчдын эгнээнд Оросын иргэд тулалдаж байгааг хүлээн зөвшөөрсөн юм.

Гал зогсоох хэлэлцээ есдүгээр сарын 5-ны шөнөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн ч хэлэлцээг зөрчиж гал нээсэн мэдээллүүд гарах болов. Украины сайн дурын “Айдар” батальоны командлагч Роман Романовичийн мэдэгдэж буйгаар, есдүгээр сарын 6-ны шөнө түүний отряд отолтод орж 11 хүнээ алдсан байна.

Украины тал гал зогсоох хэлэлцээг хатуу чанд мөрдөж байна хэмээн Батлан хамгаалахын сайд Андрей Лысенко мэдэгдлээ. Гэвч дангаараа тусгаар тогтнолоо зарласан Донецкийн бүгд найрамдах улсын Ерөнхий сайд Александр Захарченко “Украины цэргийнхэн Новоазовск, Амвросиевск дахь салан тусгаарлагчдын байрлалыг довтолсон” хэмээн буруутгав. Луганскт буудалцаан болж буйн улмаас хүмүүнлэгийн тусламж хүргэх боломжгүй байна хэмээн Олон улсын Улаан загалмай нийгэмлэг мэдээлж байна. Мөн гал зогсоох хэлэлцээг мөрдөж эхэлсний дараа Мариуполь хотод их бууны дуу гарсан гэж байгаа ч дэлгэрэнгүй мэдээлэл алга.

Гэвч Владимир Путин, Петр Порошенко нар уржигдар утсаар ярилцахдаа “Гал зогсоох хэлэлцээ амжилттай мөрдөгдөж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Зууны мэдээ
Н.Мөнхжин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.