Түлэгдэж, хөлдөхийг хориглоно
Монголчууд бид өдөр ирэх тусам л эрхээ хасуулж байгаа. Бүр өвдөх ч эрхгүй болчихсон. Өвдлөө гэхэд мөнгөгүй л бол үхэхээс өөр сонголт байхгүй гэхэд хатуудахгүй. Эмэгтэйчүүд жирэмсэн боллоо гэхэд мөн л мөнгөгүй бол эрүүл саруул, эвтэйхэн төрнө гэдэг асуудал хундрэлтэй. Ийм л эрүүл мэндийн салбартай улсад бид амьдарч байна. Ер нь өвдөх, жирэмслэх, санаатай, санамсаргүй байдлаар түлэгдэх, гар хөлөө хөлдөөх энэ тэрийг ч хоригломоор байгаа юм. Учир нь Монголдоо ганцхан байдаг Түлэнхийн төв нэр төдийхөн эмнэлэг болоод удаж байна. Уг нь Түлэнхийн төв гээд тусдаа байртай, тэндээ өвчтөнүүдээ хүлээж авдаг эмнэлэг байлаа.
 
Харамсалтай нь Түлэнхийн төвийн орох орон болсон барилгыг олон жилийн настай хэмээн Мэргэжлийн хяналтын газраас акталсан. Гэхдээ хуучин барилгын суурин дээр шинэ байшин  барихаар болж, 2012 онд найман тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг.  Түүнээс хойш хоёр жил өнгөрхөд  Түлэнхийн төв ч байхгүй, шинэ барилга ч үгүй л байна. Xарин  Түлэнхийн төв нэрээ авч яваа хэдэн эмч нар нь “Мөнгөн гүүр”  гэдэг хувийн эмнэлэгт нүүж очсон.  Гэтэл одоо хөөгдөж туугдаад  муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэдгийн үлгэр болов. Энэ сарын 15-ны өдөр гэхэд Түлэнхийн төвийг нүүхийг шаардсан байсан. Учир нь улсын эмнэлэг  хувийн байгууллагатай холилдож нэг байшинд байхаар хэцүү бололтой юм. “Мөнгөн гүүр”  эмнэлгийн удирдлагууд тэгэж үзсэн,  мөн өөрсдийн үйл ажиллагаагаа ая тухтай явуулах үүднээс шийдвэр гаргасан биз.  Тэр нь ч зөв шүү дээ.
 
Хувийн эмнэлэг гэдэг мөнгө төгрөгөө тушаагаад, төлөрөө төлчихвөл ая тухтай үйлилж,  амар сайхан жаргаах ёстой газар.  Гэтэл улсын эмнэлэг, тэр дундаа  Түлэнхийн төвтэй хутгалдчихаар хэчнээн түрээсийн мөнгө гэж олон  сая төгрөг авч байгаа ч ямар л олиг  байв гэж. Одоо Түлэнхийн төвийг ГССҮТ-ийн нэгдүгээр даварт байрлуулахаар болж байгаа юм  гэсэн. Ер нь бол яваандаа ГССҮТ-ийн  өргөтгөл рүү Түлэнхийн төв  орох юм уу даа. Тэр өргөтөл хэзээ ч ашиглалтад орж,  Түлэнхийн  төв орох оронтой болох юм бүү  мэд. Тэр болтол тэртэй тэргүй  ачааллаа дийлэхээ больсон ГССҮТ-ийнхөн байшингаа задлах шахан  чихэлдэхээс өөр сонголтгүй болж  байх шиг байна. Монгол Улсын  Засгийн газар, Эрүүл мэндийн яам нэг иймэрхүү л ажиллаж байна шүү дээ. Хувийн эмнэлгээс дор байна гэсэн үг.
 
Уг нь Түлэнхийн төвийн  барилга байсан уу гэвэл байсан. Одоо ч газар нь байгаа. Шинэ барилга барих гээд найман тэрбум төгрөг төсөвлөчихсөн атлаа яагаад ийм байдалд хүргэв. Өнөөдөр барилга, газар, мөнгө ч  үгүй л болчихоод байгаа юм биш үү. Нэг хэсэг Түлэнхийн төвийн газар эрх мэдэлтнүүдэд хэрэгтэй болсон бололтой гэх утгатай мэдээллүүд хэвлэлээр олон гарсан. Тэр нь үнэн болж, ийнхүү батлагдаж байх шиг. За яах вэ, эрхтэн дархтан, эвэртэн тууртнуудад газар нь хэрэг болсон л юм байгаа биз. Тэгвэл дарга нарт тийм ч их хэрэг болохооргүй,  А зэрэглэлийн бүсэд биш газар олж өгөөд, төсөвлөсөн мөнгөөр нь эмнэлэг барьчихад болохгуй юмгүй шүүдээ. Эмнэлэгтэй л болж байвал хаана ч байрласан яах вэ дээ. Аргаа барсан л хүний үг л дээ. Гэхдээ одоогоор өөр гарц, гэрэл гэгээ, сайн сайхан зүйл харагдахгүй байна. Ер нь бол төр засаг иргэдийг ямар нэг байдлаар, санамсар болгоомжгүйгээр ч хамаагүй түлэгдэх, хөлдөхийг хориглочихлоо, энэ үйлдлээрээ. Түлэнхийн төв, газар нь, төсөвлөсөн мөнгө нь ч газрын гаваар оров бололтой. Юутай харамсалтай, иргэд минь юутай өрөвдөлтэй.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цэцэрлэггүй хүүхэд 2014-09-08 06:14:15
    Оны эхний саруудад секс хийхийг хориглоно, гай болж хүүхэд олчихвол дараа нь 9-р сараас хойно төрсөн тул цэцэрлэгт авахгүй нигууртай болно гэж...
    202.131.232.179
    Мэдэгдсэн Хариулах