УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудал дээр анхаарах шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан байна. Тодруулбал, томуугийн вакцины хүрэлцээ, хангамжийг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Үүнд 10 орчим тэрбум төгрөг шаардагдана. Мөн эмнэлгийн орны хүрэлцээг сайжруулах шаардлагатай гэх асуудал дээр байр сууриа нэгтгэсэн байна.
Энэ асуудалтай холбогдуулан Д.Сарангэрэл сайд томуу, томуу төст өвчний эзлэх хувь улсын хэмжээнд 8.4 хувьтай байгаа бөгөөд энэ нь 14 хоногийн өмнөх үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй буурч байгааг онцлов. Мөн тэрбээр “Сар шинийн баяраар томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх магадлалтай. Дүүргүүдийн эмнэлгийн орны ачаалал 3.6 хувиар нэмэгдсэн. Бид сүүлийн хоёр жил эмнэлгийн коридорт шалан дээр хүүхэд авахгүй байгаа. Ор тавьж авч байгаа. Зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Цаашид бид томуу, томуу төст өвчин дэгдсэн үед арга хэмжээ авах биш урьдчилан сэргийлье” гэлээ.
Мөн өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 700-1000 ортой хүүхдийн эмнэлгийг барих шийдвэр дээр гишүүд санал нэгдсэн байна. Салбарын сайдын зүгээс оны төсөвт тодотгол хийхгүйгээр нөөц хөрөнгөөс эмнэлэг барих асуудлыг шийднэ хэмээн мэдэгдэв.
П.ГОО
Оллоо.мн