Тойм:Долоо хоногийн онцлох үйл явдал
Өнгөрсөн долоо хоногт улс төрийн үйл явдал арвин байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилж, өргөн мэдүүлсэн хуулийн төслийг парламент баталж, Элчин сайдаар томилогдсон сайдуудыг эгүүлэн татаж, эх оронд нь ирүүлэхээр боллоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий прокурорынхонтой уулзаж, нэр бүхий иргэдийг шалгуулах саналаа гаргаж өглөө.
Мөн хотын шинэ даргатай болж,  Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болж, 21 аймгийн Засаг дарга нар Засгийн газрын сайд нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн Засгийн газрын хуралдаанаар цалин тэтгэвэр нэмэхээр болов.

УИХ дахь АН-ын бүлгийн санаачилсан УИХ-ыг өөрөө татар тогтоолын төсөлд 14 гишүүн гарын үсгээ зурлаа. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Л.Болд нарын маргаан, УИХ-ын дарга М.Энхболд, Ж.Батзандан нарын чуулганы танхимд нэгнээ шүүмжилж хэлсэн үг олон нийтийн анхаарлыг татав.  

Хотын экс дарга Э.Бат-Үүл нарыг шүүх хурлын тов хойшлов. ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбал нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг ч хойшллоо.

Ингээд онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
 
Хотын даргаар С.Мөнхчулууныг сонголоо
 
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан болж, хуралдаанд оролцсон НИТХ-ын төлөөлөгчдийн 55.8 хувийн саналаар С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонголоо. 

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжээд байсан бол нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийн нэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлсэн байсан юм.

Ийнхүү дээрх хоёр нэр дэвшигчийн төлөө нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 43 төлөөлөгчийн олонхийн саналыг С.Мөнхчулуун авав.  Одоо НИТХ-ын санал хураалтын дүнг Ерөнхий сайдад хүргүүлж батламжлуулах юм.
“Богд” банктай холбоотой баримтуудыг дэлгэлээ


УИХ-ын гишүүн Л.Болдыг өөрийн эзэмшлийн “Богд” банкиндаа Хөгжлийн банкнаас НАЙМАН сая ам.доллар гаргуулж авсан ба ямар нэгэн хүү төлдөггүй гэж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл хийв.
Тодруулбал, Л.Болд Хөгжлийн банкнаас “Богд” банкинд гаргуулсан 30 орчим тэрбум төгрөгийн баримтыг дэлгэсэн юм.
 
Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр иргэнийг шалгуулах хүсэлт гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга Улсын ерөнхий прокурорын удирдах ажилтны зөвлөгөөнд очиж, прокурорын байгууллагад гаргаж өгсөн 178 хуудас нотлох баримт бүхий гомдлыг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлснийг Нийслэлийн Прокурорын газраас мэдээллээ.

Энэ сарын 16-нд Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр, Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий прокурорт иргэний хувиар хандаж, “Монгол Улсад ашиггүй байдлаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар батлах гэж байсан үйлдлийг шалгуулах”-ыг хүсч, дээрх нотлох материалуудыг өгсөн. Харин уг хэргийг харьяаллын дагуу АТГ шалгахаар хэрэг бүртгэл нээсэн байна.
 
УИХ-ын тараахаар Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн хоёр гарын үсэг зурав
 

УИХ-ыг тараах тогтоолын төсөлд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар үсгээ зурав. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг, АН-аас санаачилсан УИХ-ыг өөрөө татах тогтоолын төсөлд АН-ын долоо, МАН-ын долоон гишүүн гарын үсгээ зураад байгаа аж.  

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Д.Мурат, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Б.Наранхүү, Я.Санжмятав, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Хаянхярваа, Х.Нямбаатар, Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нарын 14 гишүүн гарын үсгээ зураад байгаа юм.
 
Элчин сайд нарыг эргүүлэн татахаар болов

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Австрали, Тайланд, Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Элчин сайд Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь, Б.Хурц нартай холбоотой асуудлыг хэлэлцсэн билээ. Учир нь эдгээр хүмүүсийн томилгооны асуудал жил гаруй саатаж байгаа тул Гадаад харилцааны сайдын саналаар буцааж татах асуудлыг бүлгээр хэлэлцэн дэмжсэн байна.
 
Цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гарлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. 
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 269 мянган төгрөг болж байна. 408 мянга гаруй иргэний тэтгэвэр 24-30 мянган төгрөгөөр нэмэгдэж, дундаж тэтгэвэр 372 мянган төгрөг боллоо.
Мөн хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр 155 байсныг 174 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 76 мянган төгрөг байхаар тогтлоо.
 
Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарыг шүүх хурлын товыг тогтоосонгүй


Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хотын дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, Хотын ерөнхий менежер асан Ё.Гэрэлчулуун нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч ирэх хоёрдугаар сар хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Учир нь өмгөөлөгч болон шүүгдэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Мөн ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбал болон түүний хамсаатан н.Лхагвасүрэн нарт холбогдох хэргийн  урьдчилсан хэлэлцүүлэг ч болоогүй хойшилсон байгаа юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.