Өнөөдрийн байдлаар 18 орчим сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан гэв
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар  Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

Мал аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувь, экспортын орлогын 8.4 хувийг бүрдүүлж байна. Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл жилээс жилд өсч, 2017 онд 3.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 5.9 хувиар нэмэгджээ. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт 2018 онд 580.0 сая ам.долларт хүрч, өмнөх оны экспортоос 263.5 сая ам.доллар буюу 1.8 дахин өссөн байна. Мал аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 30.0 хувь ажиллаж, манай улсын нийт өрхийн 25.9 хувь нь малтай байна. Жилийн дөрвөн улирлын туршид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байгаа малчин өрх 169.7 мянга, малыг амьдрал ахуйдаа туслах чанартайгаар өсгөн үржүүлж буй мал бүхий өрх 59.2 мянга байгаа аж.

Малчин өрхийн тоо 2018 онд 230.9 мянгад хүрч өмнөх оноос 1.9 мянган өрхөөр нэмэгджээ. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй малчид 2018 оны эцэст 288.7 мянга болж, 16 хүртэлх насны малчид 0.3 хувь, 16-34 насны малчид 33.0 хувь, 35 наснаас тэтгэвэрт гарах хүртэлх насны малчид 54.2 хувь, тэтгэврийн насны малчид 12.5 хувийг тус тус эзэлж байгааг Шадар сайд танилцуулгадаа дурдав.

  Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаарх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, тус бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж танилцууллаа. Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Пүрэвдорж, С.Эрдэнэ нар асуулт асуусан юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад махны 52 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2018 онд 15.1 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн. Дээрх тооны үйлдвэр нь жилд 4.3 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүчин чадалтай, өнөөдрийн байдлаар 18 орчим сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулаад байгаа. 4.3 сая толгой малаас бусад 13.7 сая толгой малыг гар аргаар буюу хээрийн бойгоор тухайн орон нутгийн Засаг даргын хяналт дор боловсруулах ажил хийгдсэн. Махны үйлдвэрүүд жилд 180 хоногийн хугацаанд ажилладаг. Одоо мах бэлтгэлийн ажил дууссан учир цөөн тооны үйлдвэр ажиллаж байгаа аж.

  Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл О.Баасанхүү гишүүний тодруулсны дагуу вакцинжуулалтын нөхцөл байдал, малын эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл танилцууллаа. 2018 онд 32 сая толгой малыг вакцинжуулсан бол энэ онд 46 сая толгой малыг вакцинжуулахаар хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн байна. Вакцин худалдан авах ажиллагаа холбогдох журам, зохицуулалтын дагуу явагдаж олон улсын чанар, стандарт хангасан бүтээгдэхүүн худалдан авахад анхаарч байгаа гэв. Дотооддоо 20 нэр төрлийн вакцин үйлдвэрлэж, шаардлагатай бусад төрлийг ОХУ-аас импортолж байгаа талаар танилцууллаа. 
П.ГОО
ОЛлоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.