Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав.
Хуулийн төсөл санаачлагчид 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр УИХ-аас баталсан сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрийнхээ төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлөх талаар зохицуулсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр байсныг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгож, хуулийн үйлчлэлийг хойшлуулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуульд өөрчлөлт оруулснаар улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Мөн өнөөдрийн чуулганаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлаас Инновацийн тухай хуулийг анх 2012 онд батлан мөрдөж эхэлснээс хойш 2012-2016 онд 6 удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар инновацийн үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхой болж, нэр томьёо олон улсын жишигт нийцэх, оролцогч талуудын уялдаа холбоо хамтын ажиллагаа сайжрах, төрөөс олгож байгаа санхүүжилтийн дэмжлэг оновчтой болох, төр, аж ахуй нэгжийн хамтын түншлэлийг өргөжүүлэх, инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгох зэрэг асуудлыг тодорхой болгох ач холбогдолтой юм байна.  
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.4 нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Шуудангийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Дараа нь Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
 
Төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав.
Хуулийн төсөлд шуудангаар үйлчлэгч нь шуудангийн үйлчилгээний чанар, үндэсний стандартыг хангаж байгаа тухай мэдээллийг үйлчлүүлэгчид гаргаж өгөх буюу мэдээлэх, сүлжжэнд нь бусад үйлчлэгч холбогдоход өөрийн сүлжээг нээлттэй байлгах үүрэг хүлээх бол шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч нь шуудангийн үндсэн сүлжээ, түүний хэрэгслийг зохих журмын дагуу бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр түрээслүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан байна. 
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Н.Учрал, Б.Баттөмөр нар асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болов

Мөн Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав.
Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, үйл ажиллагааг нь олон улсын жишигт нийцүүлэх, хэмжил зүйн үйл ажиллагааны чадамж, үр дүнг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, шинэ техник, технологи эзэмших боломжийг бүрдүүлэх, худалдаан дахь саад тотгор, техникийн хүндрэл бэрхшээлийг багасгах, ингэснээр эдийн засгийг хөгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ.
 
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд  хуралдаанд оролцсон гишүүдийн 60.7 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилүүллээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.