Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөрсөнтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа.

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 12 дугаар 05-ны өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцээд санал нэгтэй дэмжиж, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлахыг дэмжив.

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулав.
Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2018 оны 12 дугаар 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм. Уг хуулийн төсөл нь хоёр зүйл, хоёр хэсэгтэй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө; ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөө хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлтээ гаргаж энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна.”, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө; ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөөс ажлын 5 хоногийн дотор хүсэлтээ гаргаж төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна.” гэж тус тус өөрчлөн найруулахаар тусгажээ.
 
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Нямдорж нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь Байнгын хорооны саналыг дэмжсэнээр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.