УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн УИХ-ын болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч, саналаа илэрхийллээ.
Дараагаар нь зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.
Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Сүүлийн үед хууль хэрэггүй гэдэг үгийг дээр дооргүй ярьж байна. Энэ буруу. Улс орны цаашдын хувь заяа, иргэдийн амьдрал ахуй нийгмийн байдалтай холбоотойгоор Монгол Улс дэлхий нийтэд яаж харагдах вэ, гэдэгтэй холбоотой яриа. Төрийн өндөр алба хашиж байгаа УИХ-ын гишүүн, хууль тогтоох байгууллагад ард түмний мандатаар сонгогдсон хүмүүс нь хууль хэрэггүй гэж ярьдгаа зогсоох хэрэгтэй. Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой. Өнгөрсөн долоо хоногт М.Энхболдыг огцруулах хэрэгтэй гээд энэ танхимд нэг хүн дуугарч байхад өчигдөр 60 тэрбумтай холбоотой УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр оруулаад ирээч ээ гээд тэнд нэг хүн ярьж байх жишээтэй. Ер нь намайг гэр бүлийн хүнтэй минь хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна л даа. Манай гэр бүлийн хүний эсрэг Оюунцэцэг нарын эмэгтэйчүүд жагсаж, шаардлага тулгалт өгсөн. Манай эхнэр тэр шаардлагаар яахын. Миний улс төрийн амьдралын 10 гаруй жилд манай гэр бүлийн хүн юунд оролцож байгаагүй. Улс төрд ажиллаж байх хугацаанд намайг дагаж хотын захиргааны шинэ жилд л ордог байсан байх. Энд сууж байгаа олонх нь мэднэ. М.Энхболдын эхнэр Туяацэцэг архины зөвшөөрөл олгодог байсан гэж сүүлийн гурван өдөр ярьж байна. Харин тэр архины зөвшөөрлийн намайг хотын дарга байхад Ц.Нямдоржийн авгай олгодог байсан. Андуураад байна уу, зориуд гүтгээд байна уу? Олон түмэнд өгч байгаа мэдээллээ үндэстэй болго. Ж.Батзандан гишүүнд хандаж үг хэлмээр байна. Хамгийн чанга дуутай, хамгийн том түрүүнд чүдэнз зурдаг, яг асуудал үүсэхээр зугтаадаг хүн. ЖДҮ-ийн тухай асуудал яръя гэхэд картаа хийгээд алга болсон. Хэлэлцээд дуусахад ороод ирсэн. Манай намын байрыг шатаахад оролцож л явсан хүн. Одоо манай намын зарим нэг залуучуудтай дөрөө харшуулаад л яваа. 2020 онд энэ хүн манай намаас нэр дэвшинэ гэж хэлж мэднэ шүү. Ахынхаа тухай яриад өөрийнхөө намын эсрэг гарын үсэг зурж л явсан хүн. Манай намын залуучууд хэнтэй нөхөрлөж байгаагаа бодоорой. 60 тэрбумын ургийн модыг зуръя, Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулъя гэхээр л чимээгүй болчхоод байгаа. Халдашгүй байдлын дэд хороо бүлэг олонхоороо ЖДҮХ сангийн асуудалд холбогдсон гишүүдээ хамгаалаад үлдлээ. Одоо ямар ёс зүй яриад байгаа юм. Ёс зүйтэй байвал бүгд ёс зүйтэй байх хэрэгтэй” гэлээ.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн УИХ-ын болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
П.ГОО
Оллоо.мн