Т.Ганболд Ерөнхий прокурор М.Энх-Амгалантай холбоотой юу

-Сергей Паушокийн Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргасан өргөдөлд юу өгүүлэв-


Найман жилийн өмнө “Алтан дорнод Монгол” компанийг ОХУ-ын иргэн Сергей Паушокоос худалдаж авсан Т.Ганболд гэх эрхмийг өнөөдөр Монголд танихгүй хүн үгүй болжээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхдаа “Эрдэнэт”-д ган бөмбөлөг шахсан дуулианд холбогдохдоо ч, хожим Хөдөлмөрийн үндэсний намыг хувааж, сонгуульд оролцуулахгүй болгох үедээ ч тэр ийм нэр алдартай байсангүй. Харин телевизийн дараалсан хоёр ярилцлага өгөөд л тэр өнөөдөр ардын баатрын хэмжээнд үнэлэгдэж, Сүхбаатарын талбайд болсон МАНАН-г тараах улс төрийн жагсаалд “урилга”-аар үг хэлэх хэмжээнд тодорч ирлээ. Тэгвэл “Алтан дорнод Монгол” компанийн захирал Тордайн Ганболд гэж чухам хэн бэ? Тэр үнэхээр ярьж байгаа шиг шударга хүн мөн үү?

Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокурор байхад нь 4 сая ам.долларын авлига өгч байсан гэж телевизээр зарлаж тодорсон Т.Ганболдтой холбоотой нэгэн ноцтой мэдээлэл ОХУ-ын “Коммерсантъ” сонинд (https://www.kommersant.ru/doc/3854651?fbclid=IwAR06G0pW1lH3m9vRoZRDU5awWFAeYNvzhY_kyZ5h1xxOVQDF2sDX7BhoU4c) нийтлэгджээ. “Алтан дорнод Монгол” компанийн эзэн асан Сергей Паушок “Газпромбанк” болон тус банкны топ менежерүүдээс 2.25 тэрбум ам.доллар нэхэмжлэн Нью-Йорк мужийн Дээд шүүхэд хандсан тухай энэ нийтлэлийн мөрөөр манай сурвалжлах хэсэг зарим баримт олсноо хуваалцъя. Учир нь, Сергей Паушок “Газпромбанк”-ийг Монгол Улсын Засгийн газартай хуйвалдан өөрийнх нь бизнесийг унагасан, энд Т.Ганболд оролцсон гэх маш ноцтой баримтуудыг Нью-Йоркийн Дээд шүүхэд 2019.01.08-нд



(http://iapps.court.state.ny.us/nyscef/ViewDocument?docIndex=gUUpnWZc4A6MPMpX5t10pw) гаргаж өгсөн байна.  Мөн энэ хэрэгт Монголын хууль, хүчний байгууллагуудын одоогийн удирдлага ч холбоотой гэдгийг тэр өргөдөлдөө онцлон тэмдэглэжээ.

Юун түрүүнд энэ нэхэмжлэлийн талаар өгүүлэхээс өмнө “Алтан дорнод Монгол” компани ОХУ-ын иргэн Сергей Паушокоос Монгол Улсын иргэн Т.Ганболдод шилжсэн түүхийг цухас өгүүлэх нь зөв биз ээ. Учир нь, энэ талаарх мэдээлэл одоог хүртэл зөрүүтэй байсаар ирсэн бөгөөд Т.Ганболд болохоор 300 сая ам.долларын өртэй компанийг 18 сая ам.доллараар нийт өр төлбөрийнх нь хамт худалдаж авсан гэдгээ удаа дараа ярьсан байдаг. Харин Сергей Паушок Монголд үйл ажиллагаа явуулж буй алтны хоёр дахь том компани болох “Алтан дорнод Монгол”-ыг Т.Ганболдод 23 сая ам.доллараар шилжүүлж өгсөн тухайгаа арай өөрөөр тайлбарладаг юм.  Тодруулбал, 5 ил уурхайд үйл ажиллагаа явуулж, 52 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, 1500 орчим ажиллагсадтай байсан олон тэрбум ам.долларын үнэлгээтэй “Алтан дорнод Монгол” компанийн нөхцөл байдал Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хуулийг УИХ баталснаар хүндэрч эхэлсэн гэдэг. Энэ бол 2007 оны үе юм. Тухайн үед Сергей Паушок уул уурхайн хөрөнгө оруулалтад зориулж “Газпромбанк”-наас 30,000,000 ам.долларын зээл авч, барьцаанд нь хамгийн багаар бодоход 55 сая ам.доллараар үнэлэгдэх уул уурхайн лиценз болон тоног төхөөрөмжөө тавьсан ажээ. Харин үүний дараа дээр өгүүлсэнчлэн Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын тухай хууль батлагдаж, нөхцөл байдал хүндэрсэн учраас “Алтан дорнод Монгол”-ыг Т.Ганболдод бүх өр төлбөрийнх нь хамт зарахаар тохирчээ.

Монгол Улсын Засгийн газраас уурхайг нь төдийгүй Улаанбаатар хот дахь оффиссыг нь битүүмжилж, дотоодын цэрэг хамгаалалтад гарч, асар өндөр татварын өр төлбөрт унагасан учраас Сергей Паушок бизнесээ бусдад шилжүүлэхээр болсон гэдгээ Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргасан өргөдөлдөө дурджээ. Иймээс ч 2011 оны 08-р сарын 04-нд "Phoenix Sino Limited" компанийн захирал Т.Ганболдтой Санамж бичиг байгуулж, 2011 оны 09-р сарын 09-нд “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээг байгуулсан юм байна.  Ийнхүү 23 сая ам.доллараар “Алтан дорнод Монгол” компанийг Т.Ганболдод шилжүүлж өгсөн бөгөөд хамгийн сонирхолтой нь компаниа зарах тохиролцоонд хүрэнгүүт нь Монгол Улсын Засгийн газраас түүнд тохож байсан хэргүүдээ эхнээсээ хаасан байна. Иймээс л Сергей Паушок бизнесийг нь булаахын тулд Монгол Улсын Засгийн газар зохиомол хэргүүд өөрт нь тохож, бизнесийг нь Тордайн Ганболдод булааж авч өгсөн гэж үзэж байгаа аж. Гэхдээ энэ талаар нуршилгүй Сергей Паушокийн Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргасан гол үндэслэл рүү оръё.

“Алтан дорнод Монгол”-ын эзэн асан Сергей Паушокийн “Газпромбанк”-ийг шүүхэд өгсөн гол үндэслэл нь 4 сая ам.долларын хэргээр тодроод буй Тордайн Ганболдын хууль бус үйлдэлтэй холбоотой бололтой. Учир нь харилцан гэрээ байгуулж, бүх өр төлбөрийнх нь хамт “Алтан дорнод Монгол” компанийг маш хямдхан үнээр өөрийн болгосон Т.Ганболд тохиролцооноосоо буцаж Сергей Паушокоор “Газпромбанк” дахь “Алтан дорнод Монгол”-ын өрийг төлүүлэх гэж ажиллажээ. Ингэхдээ “Газпромбанк”-ныхантай хуйвалдаж, өөрийнх нь бизнесийг үнэгүйдүүлж аваад зогсохгүй өр төлбөрт унагалаа гэж буруутгаж байгаа юм байна. Тиймдээ ч хуйвалдаанд оролцсон “Газпромбанк", тус банкны дэд захирал Александр Муранов, үнэт металлын зах зээл хариуцсан захирал Олег Титаренко, асуудалтай актив хариуцсан хэсгийн ажилтан Владимир Протасов нарын эсрэг Нью-Йоркийн Дээд шүүхэд гомдол гаргасан юм байна. “Коммерсантъ”-д энэ тухай бичихдээ “Энэ удаагийн Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гаргасан шинэ заргадаа Сергей Паушок "Монголын Засгийн газрын гэнэтийн ашгийн шинэ татварын дараа "Газпромбанк"-ны төлөөлөгчид лиценз, тоног төхөөрөмжийг барьцаа болгон хадгалахад оролцоогүй, Монголын Засгийн газар бүх активийг хураан авсан тул олон тэрбум ам.долларын бизнесээ 23 саяхан ам.доллараар зарахаас өөр аргагүй болсон. "Газпромбанк" нь "Phoenix Sino Limited" компанийн захирал Т.Ганболдтой үгсэн хуйвалдаж, надаас 25 сая ам.доллар луйвардан авах гэж оролдсон" гэж тайлбарлажээ” гэж бичсэн байна.

Эндээс л Т.Ганболдын ярьж буй зарим мэдээлэлтэй зөрж эхэлж байгаа юм. Тэр “Ам нээвэл”-д орохдоо ч, “Цензургүй яриа”-гаар гарахдаа ч “Алтан дорнод Монгол”-ыг бүх өр, төлбөрийнх нь хамт 18 сая ам.доллараар худалдаж авсан, өрөө төлж дууссан гэж удаа дараа мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээр 23 сая ам.доллараар “Алтан дорнод Монгол”-ыг худалдаж авсан бөгөөд магадгүй тухайн үеийн Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавд 4 сая ам.долларын хахууль өгсөн гэх мөнгөн дүнгийн тайлал нь ч энэ байж болох талтай аж. Өөрөөр хэлбэл, тэр 18 сая ам.долларыг нь Сергей Паушокт, үлдэгдэл 4 сая ам.долларыг нь “Алтан дорнод Монгол”-ыг худалдаж авах хэлцэл хийгээд урьдчилгаа төлсөн байсан компанийн данс руу буцааж хийсэн байх талтай. Д.Дорлигжав ч тэгж мэдэгдсэн. Тэгэхээр Сергей Паушок, Тордайн Ганболд хоёрын хэн нь үнэн, хэн нь худал ярьж буй нь “Алтан дорнод Монгол”-ын “Хувьцааг худалдах, худалдаж авах” гэрээнээс тодорхой болох буй за. Учир нь, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өгсөн ярилцлага, Сергей Паушокийн Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргаж өгсөн тайлбар хоёр яг мөргөж байгаа юм. Харин Т.Ганболд л ганцаар өөрийг ярьж байна. Ямар боловч Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргаж өгсөн өргөдөлдөө Сергей Паушок 23 сая ам.доллараар бизнесээ зарсан гэсэн бол “Цензургүй яриа”-нд орохдоо Т.Ганболд 18 сая ам.доллараар худалдаж авсан гэдгээ дурдсан гэдгийг дахин тодотгоё.

Сергей Паушокийн Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргаж өгсөн өргөдөлд дурдагдсан бас нэгэн ноцтой баримт бол Монголын хууль, хүчний байгууллага, тэр дундаа Улсын ерөнхий прокурор Л.Энх-Амгалантай холбоотой байж болох хэсэг юм. Тодруулбал Сергей Паушок өргөдлийнхөө 15 дугаар хуудасны 66-р зүйлд “... 2018 оны 03-р сард ноён Т.Ганболд надад аливаа хуулийн хэрэгжилтийн үйл ажиллагаагаатай холбоотой “БҮХ АСУУДАЛ”-ыг би шийднэ. Монгол Улсын Ерөнхий прокурор болон Нийслэлийн прокурорын шийдвэрт би нөлөөлнө гэж хэлсэн...”,


мөн 16 дугаар хуудасны 67-р зүйлд “...Миний бодлоор Ерөнхий прокурор болон Нийслэлийн прокурор нь намайг луйвардсан хэргээр олон нийтэд ил тодоор ямар нэгэн мөрдлөг шалгалт явуулаагүй...” гэж онцлон бичсэн байна.



Үүнээс үзэхэд хууль хүчний байгууллагаас айсандаа өнөөг хүртэл дуугүй байсан гэх Т.Ганболд хууль, хүчний байгууллагын хамгаалалтад орсон учраас “Ардын баатар” болтлоо тодорч буй юм болов уу. Тэр үнэхээр Сергей Паушокийн хэлсэнчлэн Улсын ерөнхий прокурортой холбоотой юу?

Ямар боловч Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргасан Сергей Паушокийн зарга хэрхэн шийдэгдэхээс “Ардын баатар”-аар тодроод буй Тордайн Ганболдын үнэн төрх улам тодорч мэдэх нь. Харах л үлдлээ...

Өдрийн сонин
Г.Хэрлэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нүд чих 2019-01-17 17:53:05
    Шоронгоос захиалсан зохион бичлэгийн уралдаан байна.СЕРГЕЙ Паушокт их санаа зовоод байгаа юм байна зайлуул Дорлигжав.Паушокыг дарамталаад 50%ийг нь эзэших гэж
    64.119.22.68
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-01-17 15:55:42
    Дорлигжав шорон дотроос чулуу шидэж байна даа. 23 саяаар зарсан ч гэх шиг. Гэрээн дээр нь 18 сая гэж л байна лээ ш дээ.
    32.97.110.60
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-17 08:17:14
    Бузар Дорлигжавын хийж буй ажил...адгийн шаар бузрууд хон шаарууд яаж ингэж худлаа ярьж чадаж байнаа....өөрийнхэн нүүр царайг үнэнгээр нь хэлсэн юун буруу юм
    178.165.131.80
    Мэдэгдсэн Хариулах
  • gggg 2019-01-17 08:12:04
    Дорлигжав Ганболд Энх Амгалан гурвуулаа л холбоотой юм бна наад бичсэнээр чинь
    112.72.11.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Энх 2019-01-17 06:16:57
    Энэ Ганболд худлаа гар шүү гэж хэлсэн байх аа
    66.181.160.9
    Мэдэгдсэн Хариулах
  • gan60ld 2019-01-17 05:19:20
    ene oligtoi emitan bishee
    73.134.123.200
    Мэдэгдсэн Хариулах
  • Ноцтой юм алга. Эсрэг гутгэлэг 2019-01-17 05:16:38
    Ганболдын эсрэг Дорлигжавын Монгоор хийж Буй монгоний Бичвэр. Оросын толоо Дорлигжав санаа зовоод Ганболдыг хэрэгт холбогдуулж монгол хуныг ялалах Зуйл Бичээд к...
    64.119.16.139
    Мэдэгдсэн Хариулах
  • Ж 2019-01-17 04:31:08
    Нөгөө дорлигжавыг өмөөрөгчид янз бүрийн юм гаргаад ирлээ юу ч гэж харлуулсан эхлээд мөнгө авсан этгээд л буруутай шүү тэр бизнесийн нарийн ширийн юм хэнд хамаат...
    117.111.1.26
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-17 03:43:15
    МАК-аас ч олон лицензтэй юм. Ийм л нөхдүүд МАНАН-гийн эсрэг жагссан гэхээр өөрсдөө БУДАН болж таарах нь дээ.
    66.181.176.92
    Мэдэгдсэн Хариулах