
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт H1N1 вирусээс шалтгаалсан нас баралт их байгаа тухай мэдээлэл олон нийтийн дунд тараад байна. Энэ асуудлаар УНТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Цэцгээ өнөөдөр албан ёсны тайлбар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Худлаа мэдээлэлд залруулга хийе. Өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр H1N1 вирусээр тэгж нас барсан хүн байхгүй. Ер нь амьсгалын замын өвчин буюу томуу, томуу төст өвчин ихсэж байгаа. Энэ үед эмнэлгийн ачаалал ч ихэссэн. Шөнөдөө яаралтай тусламжаар 80-100 хүн ирж байна. Энэ байдлаас болоод бид эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэдэг журмаар дотооддоо зохицуулалт хийж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тухайлбал, нэмэлтээр яаралтай тусламжийн эмч ажиллуулж байгаа.
Өвчлөлөөр нас бараагүй, харин дархлаа дарангуйлах, эм уусан байдалтай, хагалгаа хийлгэсэн хүн, чихрийн шижинтэй, цусны өвчтэй гээд эмгэг архаг хууч өвчтэй хүмүүс ханиад хүрэхээрээ нилээд хүнд хэлбэрээр өвчилж байгаа тохиолдол байгаа.
Харин төлөвлөгөөт хагалгаагаа багасгасан байгаа. Учир нь хөл хөдөлгөөн ихтэй байгаа учраас тодорхой хувиар тоог нь бууруулсан байгаа. Түүнээс төлөвлөгөөт хагалгаагаа больж, яаралтай хагалгаа оруулсан зүйл байхгүй. Манай эмнэлэг гуравдугаар шатлалын эмнэлэг учраас өвчлөл нь хүндэрсэн хүмүүс ирдэг" гэв.
Уламжлалтын тасгаа уушгины тасаг болгон ор нэмэгдүүлжээ
Тус эмнэлэг 520 ортой бөгөөд орны ачаалал хэтэрсэн байдалтай байна. Мөн он гарснаас хойш 50 дээш насны гурван хүн хатгаа нь хүндэрсэн гэдэг шалтгаанаар нас барсан байна. Түүнээс Н1N1 вирусээр өвчлөөгүй гэдгийг албаныхан хэлж байна. Ачаалал их байгаа учраас уламжлалтын тасгаа уушгины тасаг болгон өргөтгөж, ор нэмэгдүүлсэн байдалтай ажиллаж байна.
Тиймээс хөл хөдөлгөөн хорьсон газраар хүүхдүүдээ авч явахгүй байх. Томчууд нь өөрсдөө ариун цэврийг сайн сахиж байхыг анхааруулав.
Харин ЭМЯ-наас дараах тайлбарыг хийлээ.
H1N1 вирусын улмаас өдөрт олноороо хүн нас барж байгаа тухай ташаа мэдээллийг цахим орчинд зарим хүмүүс тарааж байна.
H1N1 вирус 2009 онд анх бүртгэгдэж дэлхий дахинд цар тахлын хэмжээнд тархан хүн амын ихэнхи хувийг өвчлүүлсэн билээ. Тухайн цаг үеэс хойш энэхүү вирус нь жил бүрийн томуугийн эргэлтэд орж хүн амын хүнд тархсаар байгаа юм. Энэ нь анх тархаж байсан шигээ нийт хүн амыг өвчлүүлэхгүй, хоруу чанар багассан юм.
Хэдий тийм боловч энэ вирус нь хувьсамтгай учир өмнө өвдсөн хүн өвдөж болох ба хөнгөн хүрч болох юм. Харин бага насны хүүхэд, нэн ялангуяа 0-6 сар хүртэл хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүдийг анхаарч, дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, витаминлаг, илчлэг хоол хүнс өгөх, 0-3 хүртэлх насны хүүхдийг сайн хөхүүлэх, амны хаалт маск хэрэглэх, гэр орон байранд чийгтэй цэвэрлэгээ хийх, гадагшаа гарсан бол ам хамар хоолойгоо содын 1%-н уусмалаар зайлах, олон нийтийн газар очихгүй байх, гараа сайтар савандаж угааж хэвшвэл ханиад томуу хүрэхгүй байх боломжтой.
Томуугийн тандалтын албаны мэдээллээр 2019 оны 2 дахь долоо хоногийн байдлаар 235 сорьцонд хийсэн шинжилгээгээр 95 сорьцонд A H1N1 вирус, RS вирус 13 сорьцонд, А H3N2 вирус 4 сорьцонд, аденовирус 1 сорьцонд тус тус илэрсэн байна.
О.Гэрэл
Оллоо.mn