
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын 2019 оны төсөвт Төрийн албан хаагчдын цалинд зориулан 267 тэрбумын эх үүсвэрийг тусгуулсан. Засгийн газар эдийн засгийн өсөлтийг үр шимийг ард иргэддээ хүргэх нь зүйтэй гэж үзсэнээс 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс 191,000 төрийн албан хаагчийн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан найман хувиар нэмэгдүүлнэ.
Мөн өмнөх оны есдүгээр сарын 1-ээс багш, эмч нарын цалинг эхлэн нэмэгдүүлсэн. Харин энэ цалингийн нэмэгдэлд ороогүй 17.2 мянган албан хаагчийн цалинг мөн найман хувиар нэмэгдүүлнэ.
Түүнчлэн эрүүл мэнд боловсролын салбарт ажиллаж буй хүмүүсийн цалинг зөрүүтэй байдаг. Иймээс боловсролын салбарт ажиллаж байгаа иргэдийн цалинг 12.3 хувь нэмэгдүүлж байна. Төрийн албан хаагчдын дундаж цалин 2018 оны жилийн эцсийн байдлаар 804 мянга байсан бол цалин нэмэгдүүлснээр 2019 онд дундаж цалин 916 мянга боллоо.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нийгмийн даатгалын сангаас 408 мянган ахмад тэтгэвэр авч байна. 107.5 тэрбум төгрөгийг тэтгэврийн нэмэгдэлд төсөвлөсний дагуу бүрэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянгаар нэмэгдүүлнэ. 2019 оны хоёрдугаар сарын 1-ээс тэтгэврийн дундаж нь 372.5 мянга болж байна.
Мөн халамжийн тэтгэврийг 155 мянга төгрөг байгааг 174 мянган төгрөг болголоо” гэсэн мэдээллийг өглөө.
П.ГОО
Оллоо.мн