Ганц нүдэт...
-Юугаа хийгээд алгаа хавсраад суучихдаг юм бэ? Алив холдоотхооч. Цаанаас чинь цүнхээ авъя. Залуугийн хахирган дуу насны аясаар хатуурч байгаа чихнийх нь хэнгэргийг цоолчих нь уу гэлтэй тасхийж, үүрийн залбирлыг нь тасдуулав. Түвшин гуай ганц хүүгийнхээ сайн сайхны төлөө өдөр бүр ингэж үүрийн гэгээтэй уралдан босч, өвдөг сөхрөн залбирч цаг шахам суудаг заншилтай. Залбирч дуусаад цай хоолыг нь зэхэж халуун дээр нь идүүлэх гэж, ажлаас нь хоцроолгүй явуулах гэж зүдэрч байж сэрээдэг хүү нь энэ өдөр ингэж эртлэн боссон нь харин сонин.

...Ханиа өөд болсон тэр жил гэдсэнд нь хоцорсон хүүгийнхээ ирээдүйд хийж чадах зүйл нь ганц л байв. Хүүгээ төрүүлж ээж дээрээ орхиод гадаад явж ажиллан, хүүгээ өсөх үед юугаар ч дутахааргүй их хөрөнгийг өвлүүлнэ гэсэн бодолдоо хөтлүүлж нутгаасаа гарсан. Өөрийнх нь төлөө амиа тавих ээждээ бүх төлөвлөгөөгөө ярьж, жаахан л тэсэх юм бол удахгүй ирээд хамт амьдарна гэж хэлээд үнэгчлэн унтах хүүгээ үнсээд явсан тэр өдөр тодхон санагдана. Виз тийз гээд юм юм хурдан бүтсэнд “хүүгийн минь заяа түших нь, миний хүү амны хишигтэй байжээ” гэж бодсоноос өөр мууг санасангүй.

“Виз гарчихдаг л юм бол бусад нь болно. Би ямар архи дарс ууж бүтэлгүйтэх биш. Юу чадахаа хийж, шөнө өдөргүй ажиллан, жаахан мөнгө хураагаад хурдхан эргэж ирэх минь”. Түвшин өөртөө дэндүү итгэдэг байж. Харин хичнээн зөв явлаа гээд өөдгүй санаат хэн нэгэнд насаараа чадуулна гэж яахан төсөөлөх.

Гаалиар саатах юмгүй гарч онгоцондоо суухдаа ээж хүү хоёроо яана уу гэмээр санах нь тэр. Буцаад үсэрчихмээр. Гэвч оройтжээ. Онгоц газардах болж харь нутгийн содон үнэртэй салхи үлээхтэй зэрэгцэн гэнэт хүү нь часхийн уйлах нь сонстох шиг болжээ. Гэнэт хачин түгшиж, юу юугүй уйлмаар боллоо. Цагдаа нар гарыг нь хүлээд аваад явжээ. Онгоцонд ороход хэн нэгэн түүний гар цүнхэнд хар тамхи нуусан байж...

Түвшин ээж хүү хоёртойгоо холбоо барьж амжилгүй хүний нутгийн шоронд 20 жилийн ял эдэлж, суллагдаж гарч ирээд ганзага хоосон буцахгүй гэсэндээ дахин хэдэн жил ажиллаж овоо мөнгөжөөд нутагтаа ирсэн аж. Ингэж ажиллах хоорондоо нутаг руугаа холбогдон хүүгийнхээ сургийг гаргаж. Хүүг гурван нас хүргээд ээж нь хорвоог орхисон байв. Шоронгоос гарснаас хойш багын найздаа бүх үнэнээ хэлж, Монголд очтол хүүгээ харж байхыг, бас энэ хэргийн талаар хэнд ч хэлэхгүй байхыг гуйгаад нэг өрөө байр авч өгсөн байж. Заавал санасандаа хүрч байж нутаг буцна гэсэн ганцхан бодлоор хэдэн жил өдөр шөнөгүй сунаж унатлаа ажиллаж чамгүй зоос олох зуураа өөрийгөө ч бас тойлон өнгө зүс оржээ. Сүүлийн жилүүдэд найзаараа дамжуулан Америкаас ориг пүүз хүүдээ явуулж энэ төрлийн бизнес эхлүүлж дөнгөсөн. Хаа очиж ориг пүүз гэдэг залуусын ганц эрэлт байж бизнес нь амархан томорсон ч хүү нь покер тоглоод үрчихдэг байж. Ингээд Монголдоо ирэхэд хүү нь архи тамхи аль муу зуршлын эзэн болсон байв. Байр машинаа хүртэл тавиад алдчихна. Түвшин жоорлосон сүүлийн мөнгөөрөө дахин гурван өрөө байр авчээ...

-Та миний ээж биш шүү дээ. Миний ээж байсан бол хар багад минь хаяж, асрамжийн газарт хадах байсан уу? Тийм л үнэн байсан юм бол өнөө маргаашгүй үхэх гэж байж өөрийнхөө нэр дээр байраа авах байсан уу? Худлаа шүү дээ. Үхсэн хойно оо ээж бол. Чи миний ээж биш за юу. Биш гэж байна.

Нөгөө өрөөнөөс агсрах хүүгийнх нь энэ үг үдшийн залбирлаа хийж байсан Түвшингийн аньсган завсраас том том дуслууд болон гарч, хацрыг нь даган хагаран урсавч тэрээр хоёр алгаа огтхон ч салгасангүй.

Эхийн залбирал

Юугаа ч мэдэхгүй гомдоллох хүүг минь өршөө Бурхан минь. Өвөр дээрээ эрхлүүлэн өсгөх ганцхан жаргалыг бодсон бол хүний нутгийн шоронд хөхөө ширгээхгүй байсныг минь мэдрэх дусалхан ухаан хайрла, миний хүүд. Харах нүдээ баясган өхөөрдөж суухын оронд хараагүй ирээдүйнх нь төлөө ам.доллар цуглуулан чичирч суусан тэнэг ээжийгээ уучлах мэлмий хайрла, үрд минь.  Нуруу тэнэгэр үзэсгэлэнт насандаа хүүгээ үүрч чадаагүйг минь өршөө. Тэнгэрт тулам торнисон сайхан хүүгээ үсэн буурал үзэмжгүй төрхөөр ичээхгүй байхад минь туслаач, Бурхан минь. Гарт баригддаг юмсыг л хайрлах энэхэн орчлонд халамж гэж эндүүрсэн хөрөнгийн төлөөх шуналыг минь уучил. Нэг олдох насаа золиослон байж хайрласан хайр минь юмсан, уг нь.  Хоёр нүднийхээ харж чадах юмсаас бусдыг олж үл харах “ганц нүдэт” хүүг минь өршөө. Ээжийгээ танилгүй хараан зүхэх нүглийг нь би үүрье. Ирэх төрөлд нь хүүг минь диваажинд багтааж өгөөч, сүсэглэн гуйя.

Зууны мэдээ
Ч.Өлзийням

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.