Долоо хоногийн онцлох үйл явдлууд

Хуучин оны төгсгөл шинэ оны эхний өдрүүдэд улс оронд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

Нийслэлүүд шинэ оноо төв талбайд угтлаа

Нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо угтдаг. Өнөө жил ч мөн ч энэ уламжлалын дагуу нийслэлчүүд шинэ оноо төв талбайдаа угтлаа. “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан,нарын албаны хүмүүс оролцлоо. Цэнгүүний аюулгүй ажиллагааг хангаж нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар зэрэг олон байгууллага ажиллаж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. 

Бөхийн өргөөний асуудал дахин гацаанд орох уу

Өнгөрсөн хавраас эхтэй бөхийн өргөөний маргаан он дамжин үргэлжилж байна. Уг нь оны өмнө Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ хоёр уулзаж  Бөхийн өргөөг нээж, үйл ажиллагааг хэвийн явуулахаар болсон тухай мэдэгдэл хийсэн.

Улмаар хоёр аварга Улсын заан Б.Сайнбаярт Бөхийн өргөөг хүлээлгэж өгөх хүсэлтийг Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан юм. Гэтэл Л.Чинбат тэргүүнтэй холбоо Х.Баянмөнх аварга ганцаараа манай холбоог төлөөлөхгүй. Шүүхийн шийдвэр эцэслэн гартал ямар нэг шийдвэр гаргах боломжгүй гэсэн бичиг Баянзүрх дүүргийн шүүхэд хүргүүлээд байна.

Тиймээс бөхийн өргөөний асуудал тодорхойгүй хугацаагаар хойшлоход хүрээд байна. 

УИХ-ын дэгийн тухай хуулийг өөрчилнө

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн барилаа. 

Энэхүү хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийн олонх Улсын Их Хурлын даргыг огцруулах тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьбал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудлыг тусгаж, дагаж мөрдөх хугацааг заасан байна.

“Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын үйл ажиллагаа гацаанаас гарах, хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн асуудлууд шийдвэрлэгдэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно.

Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, холбогдох бусад хуультай нийцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан болно” хэмээн төслийн танилцуулгад дурджээ.

УИХ гацаанд орсон хэвээр байна

Эрх баригч хүчний хуваагдлаас үүдэн парламент гацаанд орсон хэвээр байна. УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг “60 тэрбум”-ын асуудалтай холбоотой гэж үзээд чуулган хуралдах ёс зүйн эрхгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Иймээс чуулганы хуралдаан сар шахам хугацаанд хуралдсангүй. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв баасан гарагийн чуулганы хуралдаан эхлэхээс өмнө УИХ-ын дарга УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, намын бүлэг хуралдах шаардлагатай байгаа тул чуулганы хуралдааныг түр хойшлуулах хүсэлт  гаргасан. Гэсэн ч намын бүлэг хоёр талд хуралдсаар хоёр өдрийн чуулганыг тасалдуулав. 

Энэ талаар    Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  баасан гарагт “Өчигдөр гишүүдийн ирц хүрээгүй учраас бүлэг хуралдаж чадсангүй. Гишүүдийн зарим нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа учир ээлжит хуваарийн дагуу Даваа гарагт намын бүлгийн хуралдаан болно” гэсэн юм. Ийнхүү намын  ирэх даваа гараг хүртэл чуулганы нэгдсэн хуралдааныг  хойшлуулав.

 УИХ-ын даргын зүгээс гишүүдэд хандаж дараа дараагийн хуралдаанд ирцээ бүрдүүлж, чуулганы нэгдсэн хуралдаан дөрөв дэх долоо хоногийн турш гацаанд ороод байгаад гишүүд үнэлэлт, дүгнэлт хийхийг сануулсаар байна. 

 

П.ГОО

Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2019-01-06 13:46:56
    Abilgal absan toriin humuus,business erhlegchided hezee yl ogoh be
    24.46.102.95
    Мэдэгдсэн Хариулах