Бяцхан үрсийн талархлаар бүү шоуд

Нийслэлийн захын дүүрэгт зутруухан амьдрах  ээж хүү хоёр. Тэднийх шинэ жил болон хүүхдийн баярын өдрүүдэд хүн хөл ихтэй. Эмзэг бүлгийн гэх тодотголтой ээж хүү хоёрыг баярлуулахаар зорин ирэгсдийн цуваа тасрахгүй. Уут дүүрэн бэлэг, уран цэцэн үгтэй ах эгч нарыг ч бяцхан хүү хүлээдэг байж....

...Харин одоо бол хүү тэднээс зугтдаг. Учир нь түүнийг “сайн ах эгч” нараас бэлэг авч буй зураг сошиал орчинд тархсаныг ангийнхан нь олж харснаас эхлэн түүнийг шоглож,  шоолж эхэлсэн байна. Иймээс хүү дахин бэлэг авахаар татгалзах болж. Учир нь дахин зураг нь олон нийтэд хүрч ангийнхандаа шоглуулахаас эмээсэн хэрэг. Яг энэ хүү шиг байдалд орж буй хэчнээн хүүхэд байгааг бид мэдэхгүй. Ямартай ч томчууд бидний бас нэгэн бодлогогүй алдаанаас тэд сэтгэлдээ шархтай үлдэнэ гэдгийг мартаж болохгүй.

Хуучин оноо үдэж шинэ оноо угтах энэ өдрүүдэд бэлэг тараах аян үргэлжилсээр байна. Ингэхдээ тэд ихэнхдээ асрамжийн төвүүд болон гэр хорооллын хүнд хэцүү амьдралтай гэгдэх хүүхдэд бэлэг тараадаг. Бараг ийм “мода” дэлгэрсэн гэвэл буруу хэлсэн болохгүй. Уут дүүрэн бэлэг гардсан бяцхан хүүхдүүдийн юу болоод байгааг  ойлгож ядсан харц бүхий зураг сошиал орчинд хайр найргүй тархсаар байна. Хүүхэд болсон хойно өчүүхэн зүйлд баярлах ч тэдний сэтгэл бас тэр хэмжээгээрээ эмзэг гэдгийг мартаж болохгүй.  Үүнийг эрхэм төрийн түшээд сайд дарга нар илүүтэй анхааруулмаар санагдах. Тэд өөрсдийн үрсээ өндөг шиг дарж, бусдын харцанд сэвтэх вий гэдгээс болгоомжилдог. Харин бусдыг бяцхан үрсийг эмзэг, ядуу, өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хэмээн тодотгон зургаа татуулж хайр найргүй олон нийтэд цацахдаа тэд болгоомжилдоггүй. Тэр зураг маргааш ямар үр дагавар авчрахыг ч тооцоолдоггүй. 

Хүүхэд хөгшид баярлуулах нь энэ насны бас нэгэн буян л гэлцдэг. Гэвч хэрэв та хэн нэгнийг баярлуулахаар зэхсэн бол олон нийтэд тухайн хүүхэд зургийг харуулж, “сурталчилгаа” хийхээ түр азнаарай. Өгсөн авснаа бусдад дэлгэхгүйгээр баяр хөөр түгээж болох шүү дээ. Бяцхан үрсийн талархлаар  шоу хийх нь талархал хүлээх зүйл биш гэдгийг хэлэхэд илүүц биз.

 

П.УНДРАЛ

Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-01-02 04:06:39
    Ер нь бол ҮНЭН. Сайн хэдий ч ... Би лав аав, ээжгүй, амьдрал хэцүү гэдгээ нууж явсаар 10 дугаар ангиа төгсөж билээ. Шоолдог юм.
  • иргэний хуулийн 21-р зүйл 2018-12-27 03:42:05
    21.5.Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэ...