Оны онцлох есөн бүсгүй

“Зууны мэдээ” сонин 2018 онд Монголдоо болон  тив, дэлхийд нэрээ дуурсгасан  салбар салбарын онцлох бүсгүйчүүдийг танилцуулж байна.
 

ДЭЛХИЙН ДЭЭВРИЙГ ЭЗЭГНЭСЭН  Б.ГАНГААМАА



 

Монгол Улсын гавьяат тамирчин, “Seven summit”-ийн эзэн, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа Эверестийн оргилоос эхлээд дэлхийн долоон тивийн долоон ноён  оргилд төрийн далбаагаа мандуулсан туршлагатай уулчин билээ.  Тэрээр  Монголын  төдийгүй дэлхийн бахархал болж “Оргилын бүсгүй”, “Цаст уулыг эзэгнэгч” хэмээн алдаршив. Б.Гангаамаа 2018 онд “Алуурчин уул” хэмээн нэршсэн дэлхийн хоёр дахь ноён оргил К2 ууланд амжилттай авирсан анхны монгол хүн болсон юм. Дэлхийн топ оргилуудыг их 8000, бага 8000 гэж олон улсад ангилдаг. Түүний хувьд   цаашид  дэлхийн  их 8000 буюу дэлхийн топ таван оргилд гарах зорилго тавиад байна.
 

ЗУРГААН НАСТАЙ ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА


 

Хөвсгөл аймгийн Далай ван сургуулийн нэгдүгээр  ангийн сурагч  зургаан  настай Лхагвадэмбэрэлийн Батжаргал охин  Малайз улсын Куала Лампур хотод  болсон дэлхийн цээж тооллын 23 дахь удаагийн тэмцээнд түрүүлж Дэлхийн аварга боллоо.

Тус тэмцээнд 40 орны 3000 хүүхэд өрсөлдсөнөөс монгол охины ур чадвар, ой тогтоолт тэмцээний шүүгчдийг гайхшруулаад зогсохгүй дэлхий нийтэд шуугиан тариад байна.
 

МОНГОЛЫН БОДИБИЛДИНГИЙН  НЭРИЙН ХУУДАС


 

Олон улсын хэмжээний мастер, бодибилдингийн тамирчин Б.Угалзцэцэг хэмээх содон нэртэй  бүсгүй  олон улсын тэмцээн, уралдаанд оролцож,  Монголынхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаад удаж байна. Саяхан Тайланд улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж  Бодибилдингийн дэлхийн дөрөв, Азийн гурван удаагийн аварга болсноор энэ төрөлд хэн хүний бий болгож чадаагүй амжилтын эзэн болж Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан “Алунгоо-2018” наадмын спортын салбарын оны шилдэг эмэгтэйн шагналыг хүртэв.

 

ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭЛХИЙД СУРТАЛЧЛАХ ЭЛЧ-МИСС


 

Вьетнам улс болон Тайландын  Засгийн газраас зохион байгуулсан тэмцээнд  монгол бүсгүй амжилттай оролцож,  “Дэлхийн аялал жуулчлалын элч мисс”-ээр тодорсон нь  “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч  Б.Гүнзаяа билээ. Энэ тэмцээнд дэлхийн  57 орон оролцсон юм. Тэрээр Монгол Улсаа сурталчилж, миссийн  титэм  авч дэлхийн аялал жуулчлалын элчээр тодорхойлогдон  нэг жилийн гэрээ байгуулж ирсэн нь чухал үзүүлэлт юм.

 

ПЕРМИЙН ТАЙЗАНД МОНГОЛ  БҮЖИГЧИН ГОЦОЛНО



Монгол балетчин Р.Булган ОХУ-ын Пермь хотын Дуурь, бүжгийн театрын гоцлол бүжигчин боллоо. Тэрээр ХБНГУ-д төрж, балетын суурийг  гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэгээр заалгаж, Р.Булган Вагановын урлагийн тусгай мэргэжлийн сургуулийг төгссөн юм. Сургуулиа төгсөөд Пермийн балетын гоцлоочоор уригдаж, анхны тоглолтоороо суут П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын хар, цагаан хунгийн дүрийг амжилттай бүтээжээ. Р.Булган энэ оны тавдугаар сард балетын хот Пермьд болсон 15 дахь удаагийн олон улсын “Арабеск” уралдаанаас мөнгөн медаль хүртсэн билээ.

 

ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ


 

Монголд газар авсан хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэргээс  сэргийлэх, хохирогчдыг хамгаалах, нэгдэж тэмцэхэд нийгмийн дуу хоолой болж, олон нийтийг уриалж, санаачилга гаргаж ажилласан хүн бол хуульч Р.Булгамаа юм. Тэрээр  хүчирхийлэлд өртсөн  охид, эмэгтэйчүүдийн асуудлаар дагнан  өмгөөллийн туслалцаа үзүүлж ирсэн. “Очир” төвд 13 настай охиныг хүчирхийлж, амийг нь хөнөөсөн хэрэгт үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа үзүүлж, жил гаруйн хугацаанд хөөцөлдөн  шударгаар шийдвэрлүүлсэн нь  нийгэмд  шударга ёсны дохио болов. Мөн шүүхийн практикт төдийлөн хэрэгжиж байгаагүй хохирогчийн сэтгэл санааны хохирлыг шүүхээр тогтоолгон  хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг хөндөж, сайн жишгийг бий болгов. Хүний эрх, эрх чөлөөний төлөө оруулсан хувь нэмрийг АЭХ-ноос үнэлж,  “Эрх чөлөөний одон”- гоор шагнаж, баяр хүргэжээ.
 

ХОТЫН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОГЧ ШИЛДЭГ МАНЛАЙЛАГЧ


Нидерландын вант улсын Роттердам хотод байдаг Ирасмусын их сургуулийн дэргэд 60 жилийн түүхтэй Орон сууц, хот байгуулалтын хүрээлэн буюу институт байдаг.  Тус байгууллагаас зохион байгуулсан  “Urban professional award 2018” ёслолын үеэр энэ оны “Хотын хөгжлийг тодорхойлогч шилдэг манлайлагч”-аар монгол эмэгтэйг тодруулан шагналаа. Олон улсын нэр хүндтэй шагналыг хүртсэн энэ эрхэм бол Хот байгуулалт, мэдээлэл, судалгааны төвийн тэргүүн, “Ачит-Ихт” компанийн үйл ажиллагаа, үйлдвэр эрхлэлт хариуцсан  захирал Ц.Энхбаяр юм. Тэрээр орон сууцны бодлого, эрх зүйн орчин, санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд 1990-ээд оноос ажилласан. Сүүлийн үед уул уурхайн салбарт урилгаар ажиллаж байна.
 

МОНГОЛЫН БАЛЕТЫН БУУХИАГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭГЧ  



УДБЭТ-ын  гоцлооч, 23-хан насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин болсон хосгүй авьяастан О.Анужин Монголын балетын буухиаг энэ цагт үргэлжлүүлж яваа шинэ цагийн тод од, шилдэг бүжигчдийн нэг билээ. Тэрээр 21 насандаа дэлхийн 20 орны 150 бүжигчин оролцсон наадмаас хүрэл цом, БНСУ-д болсон “Korea international ballet competition” Олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанд амжилттай оролцож хүрэл цом, тусгай шагнал хүртэж байв. 2018 онд тэрээр  Шанхайн олон улсын балетын VI уралдаанд оролцож  хүрэл медаль хүртсэн юм.

 

ДАШТ-ИЙ  МЕДАЛЬТ  ЭМЭГТЭЙ БОКСЧИН



 

Боксын спортод эмэгтэй хүн байтугай эр хүн тэр бүр зүрхэлж хүч сорьдоггүй. Тэгвэл шавилхан биетэй жаахан охин боксын рингэнд анх гарч, дасгалжуулагч Л.Энхбаатарын удирдлагад хичээллэж эхэлснээс хойш 15 жил өнгөрчээ. Хүнд  хэцүү энэ замаас тэр шантарч буцсангүй. Харин ч Улсын аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа түрүүлж,  Азийн АШТ-ий мөнгө (2010), хошой хүрэл (2015, 2017), Азийн наадмын хүрэл (2014) медаль хүртэж, ОУХМ болсон амжилтаар олондоо танигдсан юм. Үндэсний шигшээ баг, “Хангарьд” клубын тамирчин, ОУХМ М.Нандинцэцэг 2018 онд  ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр дэлхийн  дэвжээнээс медаль авсан Монголын ес, эмэгтэйчүүдээс анхны боксчин болж, Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал  “Бөртэ Чоно-2018”-ын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар шалгарсан юм.


Зууны мэдээ
Ч.Үл-Олдох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nergyu  2018-12-27 12:17:25
    Oni 10emegteid ter neg oron suuc yarisan huuhen chin ardchilsan namin cagaani ehner u erdenetin lyuwarchin cagaan bas ter bulgamaa g eronhiilogch oruulj dee y...