Ихэнх нутгаар өвөлжилт хэвийн байна

2018 оны зуншлага, бэлчээрийн даац, ургамлын гарц, малын тоо, агаарын хэм, хур тунадасны хазайлт, одоогийн цасны бүрхэц, зузаан, нягт, цаг агаарын урьдчилсан мэдээ зэргийг харгалзан, зудын эрсдэлийн зургаас үзэхэд 11 дүгээр сарын 20-ны байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн ихэнх, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангайн зарим нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байсан. Энэ нь нийт нутгийн 20 гаруй хувьд тохиолдож болох эрсдэл бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувь цасан бүрхүүл тогтоод байгаагаас Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Говьсүмбэр, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Баянхонгор, Архангай, Хэнтий аймгийн зарим сумын нутгаар 0-5 см, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 18 суманд 6-10 см, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган аймгийн 9 суманд 11-18 см зузаан цастай байна. 

Энэ жилийн хувьд мал сүргийг эргэлтэд оруулах, махны экспортыг нэмэгдүүлэхэд нилээд анхаарч ажилласны үр дүнд 2018 оны эхний 10 сарын байдлаар манай улс нийт 43.2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн, үүнээс 27.2 мянган тонн мах, 16 мянган тонн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн экспортлоод байна. Энэ нь өмнөх жилүүдээс 5-6 дахин их өссөн дүн юм.

Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан, өвс, тэжээлийг өмнөх жилүүдээс илүү бэлтгэсэн, мах бэлтгэл сайн явагдаж байна гээд нийт дүнгээр нь харвал байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл тохиолдохгүй бол эрсдэл харьцангуй бага байх төлөвтэй байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus