Тойм: Урлаг соёлын салбарт гарсан онцлох үйл явдлууд
Монголчууд бид 2019 онтойгоо учран золгоход хэдхэн хоног үлдсэн байна. Улирч буй 2018 онд урлагийн салбарынхан олон улсад болон эх орондоо их амжилтыг гаргасан байдаг. Ялангуяа үндэсний буюу сонгодог урлагаар дэлхийд нэрээ мөнхөлж, амжилтаа үнэлүүлсэн юм. Ингээд өнгөрч буй онд урлаг уран сайхны салбарт гарсан онцлох үйл явдлуудыг түүвэрлэн бичиж уншигчдад хүргэж байна.
 
Төрийн дээд шагналт, одон медалтнууд
 

Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд шагнал, одон медаль гардуулсан.

Тодруулбал, Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Отгонтөгсийн Анужин,  Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгээр жүжигчин, Монголын радиогийн нэвтрүүлэгч Гомбын Равдан,  Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр жүжигчин Цэгмидийн Төмөрхуяг,  Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр чөлөөт уран бүтээлч Самбуугийн Балданпүрэв, Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр “Маск” продакшны жүжигчин Пунцагийн Эрдэнэзаан нар энэ жил шагнагдсан нь яах аргагүй онцлох үйл явдал байлаа.



Харин өнгөрсөн хоёрдугаар сард цагаан сарын өмнө Увс нутгийн уугуул дуучин М.Бямбажавт гавьяат цолыг хүртээсэн юм.
 
 
Уран нугараач хүүхдүүд олон улсын наадмын Гранпри шагналын эзэд болов



Буриад улсын Улаан-Үд хотод болсон “Дэлхий ертөнц ба циркийн ялалтууд” наадамд Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Буриад улсын Төрийн шагналт Ц.Сэлэнгийн удирдсан Монголын цирк хөгжлийн төвийн уран нугараачид “Аватар” үзүүлбэрээрээ Гранпри шагнал хүртсэн. Мөн “Модерн цирк” төвийн уран бүтээлчид амжилттай оролцож,  хоёрдугаар байр эзэлсэн билээ.
 
"Нүүдэлчдийн эмч" баримтат кино оюутны Оскар хүртэв




Энэ жил 49 дэх жилдээ зохиогдсон “Student Academy Awards” уралдаанд олон улсын 122 коллеж, их сургуулиас 1582 оюутан бүтээлээ ирүүлжээ. Кино уралдаанд Монголын кино найруулагч Б.Мартын бүтээл “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино академийн дээд шагнал хүртсэн юм.  Дундговь аймгийн Өндөршил сумын Эрүүл мэндийн төвийн дарга, их эмч Д.Эрдэнэчулууны тухай өгүүлэх “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино нь монгол эмчийн ур чадвар, нүүдэлчдийн ахуй соёлыг харуулжээ. Тус бүтээл нь Холливуд болон Хюстоны олон улсын кино наадамд мөн түрүүлж, Каннын кино наадмын дэлгэцнээ гарсан билээ.
 
"Би эндээс явахгүй" жүжгийг дахин тайзнаа амилуулав
 

Энэ онд Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, театрын найруулагч, урлаг судлалын ухааны доктор Эрдэнэбатын Оюуны мэндэлсний 100 жилийн ой тохиолоо.

Э.Оюун нь шинэ Монголын анхны орчуулагч эмэгтэй юм. Тэрээр “Шарай голын гурван хаан”, “Амарсанаа” зэрэг олон дуурь, жүжиг найруулж, В.Гоголийн зохиолууд, У.Шекспирийн “Лир ван” зэрэг дэлхийн сонгодог жүжгийн зохиолуудыг орчуулж, “Талын баатрууд”, “Ах дүү нар”, “Гарва” зэрэг олон зохиол, бүтээл туурвижээ. Түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулан Улсын драмын эрдмийн театр “Би эндээс явахгүй” драмын жүжгийг дахин тайзнаа амилуулсан.

Жүжгийн найруулагчаар драмын театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар драмын театрын Т.Ганхуяг, зохиолыг шинэтгэсэн драмын театрын утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан Гол дүрүүд болох Дорлигт жүжигчин О.Гэрэлсүх, Дулмаад жүжигчин Н.Баярмаа нар тоглосон юм.
 
Г.Ариунбаатар улаан талбайд дуулав
 

Сонгодог урлагаар дэлхийд гайхуулж яваа хэд хэдэн дуучин бий. Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан гавьяатай дуучдын нэг бол яах аргагүй Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар. Тэгвэл тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Улаанталбайд дуулав.

Тодруулбал, Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар ОХУ-д уригдан хэд хэдэн тоглолтод дуулсан.

Наймдугаар сарын 30-нд Москвагийн Улаан талбайд болох тоглолтод ОХУ болон Абхазын ардын жүжигчин, алдарт сопрана Хибла Герзмаватай хамт “Подмосковные вечера” дууг дуулсан юм байна. Харин маргааш нь Кремльд, дараа нь П.И.Чайковскийн консерватурт тоглолтоо толилуулсан билээ. 

Дуурийн дуучин Э.Анхбаяр олон улсад түрүүлэв
 

Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн Олон улсын дуурийн залуу дуулаачдын XI уралдаан энэ сарын 13-19-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус уралдаанд соёлын тэргүүний ажилтан, дуурийн дуучин Э.Анхбаяр дуурь болон романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж, тэргүүн байрын эзэн болжээ. Дэлхийн хэмжээний Б зэрэглэлийн уралдаанд 20 гаруй орны 270 орчим мэргэжлийн дуучин оролцсон байна.

Э.Анхбаяр тус уралдаанд хөгжмийн зохиолч Б.Шаравын "Монголын тал нутаг" дуугаар тэргүүн байр эзэлжээ. Тэрбээр өмнө нь олон улсын А, Б зэрэглэлийн өндөр чансаатай хэд хэдэн уралдаанд амжилттай оролцож,  тэргүүн, дэд байрт шалгарч байсан юм. Тэмцээнээ амжилттай өндөрлүүлсэн тэрбээр өчигдөр эх орондоо иржээ.

Н.А.Римский-Корсаковын нэрэмжит уралдаанд дуурийн дуучин Б.Монголхүү мөн дуурийн болон камерный төрлийн аль алинд тусгай байр эзэлж, өөрийн үндэстний дууг хамгийн сайн дуулсан уран бүтээлчээр шалгарсан юм. Тэрбээр нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын "Хайрхан уулын бараа" дуугаар тусгай шагнал хүртжээ.
 
Ч.Бадрал дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүлэв
 

ЦДБЭЧуулгын гоцлол дуучин, МУСТА Ч.Бадрал олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгажээ.

Тодруулбал, тэрбээр Италийн алдарт CHIGIANA академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition-2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрт шалгарч, “Golden Star-2018” шагналын эзэн болсон амжилттай хуучин оноо үдэж байна.

Зургаан сарын турш үргэлжилсэн тус уралдаанд нийт 1870 дуучин оролцож, финалын шатанд зургаан дуучин ур чадвараараа шалгарч үлджээ. Үүнээс хоёр байр шалгаруулсан бөгөөд тэргүүн байрын “Golden star-2018” шагналыг МУСТА Ч.Бадрал хүртжээ.
 
Отгон гавьяат О.Анужин
 


Энэ онд жинхэнэ гялалзаж чадсан нэгэн бол Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин О.Анужин юм. Монголын сонгодог урлагийн нүүр царай болж яваа тэрбээр өдгөө дөнгөж 23 настай. Балетын урлагаар 13 жил хичээллэж, дуурийн театрт наймдахь жилээ ажиллаж байна.

О.Анужин энэ жил Монголд анх удаа зохион байгуулагдсан "Олон улсын балетын наадам"-аас гранпри шагнал хүртсэн билээ. Түүний амжилт үүгээр зогссонгүй. Энэ зөвхөн эхлэл нь байлаа.

Тэрбээр эх орноо төлөөлөн “Korea International Ballet-2018” олон улсын тэмцээний насан хүрэгчдийн ангилалд өрсөлдөж, алтан медаль хүртэв. Өмнөд Солонгос улсад 11 дэх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд нийт 14 орны 200 гаруй бүжигчин оролцож, 12 орны шүүгч ажиллажээ. “Korea International Ballet” олон улсын тэмцээн нь балетын урлагийн "А" зэрэглэлийн тэмцээн гэдгээрээ онцлогтой юм. Мөн өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулагдсан Шанхайн олон улсын балетын VI уралдаанд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн авьяаслаг, хөдөлмөрч, бүтээлч О.Анужин 2018 онд сонгодог урлагийн жинхэнэ манлайлагч байв.
 
Чөлөөт бүжгийн дэлхийн аваргатай болов



UB DANCE чөлөөт бүжгийн шилдэг оролцогч Ч.Дөлгөөн 2018 оны арванхоёрдугаар сард Тайвань улсад зохион байгуулагдсан "Taipei BBoy City" буюу "UNDISPUTED"-д Монгол Улсаа төлөөлөн оролцож, Дэлхийн аварга боллоо. Тус тэмцээн жил болгон дэлхийн өнцөг булан бүрт брейкданс төрлөөр зохиогддог ба орон орны шилдгүүдээс зөвхөн 16 шилдэг залуусыг Тайвань улсад цуглуулж, аваргын төлөө өрсөлдүүлдэг юм.

 
Монгол охид амжилтаа Гиннесийн номонд бичүүлэв
 

БНХАУ-ын Шэньжэнь хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд Монголын оюун ухааны академийн дөрвөн эмэгтэй тамирчин өрсөлдөж, хоёр нь Гиннесийн номд амжилтаа бүртгүүлсэн.
 
Дээрх тэмцээнд Монгол Улсаас олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар насанд хүрэгчид болон өсвөр насны ангилалд оюун ухаанаа сорьсноос дэлхийн таван дээд амжилтыг шинэчилжээ.
 
Мөн насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын гаргасан хоёр дээд амжилтыг "Гиннесийн ном"-д бичсэн байна.
 
Дэлхийн шилдэг 300 гаруй тамирчин оролцсон тус тэмцээний гурван өдрийн дараах дүнгээр манай тамирчид нас насны ангилалдаа эхний байрт шалгаран шагналын сангийн дийлэнхийг авч, Н.Мөнхшүр 8035 оноогоор тамирчдыг ардаа орхин тэргүүлсэн юм.
 
Миссүүд дэлхийд нэрээ гаргав
 


“Miss World 2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн гоо бүсгүй 20 настай Э.Энхриймаа оролцов.  Тэрбээр Орхон аймгийн харьяат, СЭЗИС-д олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг, орос, англи хэлтэй аж. Мөн тэрбээр өнгөрсөн долдугаар сард Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос зохион байгуулсан “Монголын сайхан бүсгүй-2018” тэмцээний тэргүүн миссээр шалгарч байсан юм. Өнгөрсөн жилийн Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Ц.Энхжин титмээ Э.Энхриймаад шилжүүлэн өгсөн.
 
Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 68 дахь удаагаа тодруулах гэж буй "Miss World 2018" тэмцээний финалын шатны шалгаруулалт 12 дугаар сарын 08-нд БНХАУ-ын Саньяа хотноо болсон бөгөөд манай мисс шилдэг гурван бэлгийн нэгээр шалгарсан юм.

 
Мисс Ц.Аззаяа “Miss Asia 2018” тэмцээнд түрүүлэв
 
 
Энэтхэг улсад өнгөрсөн арваннэгдүгээр сарын 10-нд болсон "Miss Asia-2018" тэмцээнд жүжигчин, загвар өмсөгч Ц.Аззаяа  түрүүлж ялагчийн титмийг зүүв. Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүй оролцсон тус тэмцээнд тэрбээр амжилттай оролцон "Miss Personality", "Miss Fitness"-ээр мөн шалгарсан байна.
 
"MISS Mongolia 2015" тэмцээний тэргүүн  мисс Ц.Аззаяа Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн бөгөөд өдгөө "Андра Модел  Агентлаг"-ийн загвар өмсөгч, УДЭТ-ын жүжигчнээр ажилладаг. 
 
Мисс Г.Содгэрэл олон улсын тэмцээнийг "өнгөлөв"
 

 
 
БНХАУ, ОХУ, Монголын миссүүд оролцсон олон улсын гоо бүсгүй шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн энэ сарын 23-ны өдөр Өвөр Монголын өөртөө засах орны Манжуур хотод хаалтаа хийжээ. 60 гоо бүсгүй өрсөлдсөн уг тэмцээнд Монголын мисс Г.Содгэрэл үзэсгэлэнт элчээр тодорчээ.

БНХАУ-ын Сычуань мужийн гоо бүсгүй Ма Жуй авьяаслаг мисс өргөмжлөлийг хүртжээ. Энэ удаагийн гурван орны миссийн тэмцээнд оролцогч бүсгүйчүүд өндөр боловсролтой байсныг тэмцээн зохион байгуулагчид онцолсон байна.


О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Baletiin yrlag bol agyy ikhe tebcheer hy 2019-01-12 09:42:42
    HYniig yahaaraa ingej myylaj chaddag bnaa!Balletchin hyn bol agyy gabyatai baij haragddag belen yildel tyynii byjig ni ynelegdej baigaam?Teneg ataarhagch aa!!mu...
  • zochin 2018-12-28 06:02:28
    Baletchin Anujin zugeer l bugsnii gavyat
  • Gu mun shaah umaa 2018-12-26 16:09:28
    Biti ingej hudlaa sagsuur. Ta nar delhii deer suragchgui bga shuu umbuunuudee