Арванхоёрдугаар сард 4598 хүн эрүүлжүүлэгдсэн гэв
Цагдаагийн ерөнхий газар, ОБЕГ, Мэргэжлийн хяналтын байгууллагаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, шинэ жилийн арга хэмжээтэй албаны бэлэн байдалд ажиллаж байгаа талаар мэдээлэв.

Арванхоёрдугаар сар гарснаас хойш 23 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад 31900 дуудлага мэдээлэл 1175 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс 637 гэмт хэргийг илрүүлжээ.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хагаалах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат "Энэ сар гарсаар хүний амь нас хохирсон 165 хэрэг бүртгэгдсэний 13 нь архины хордлогын улмаас, долоо нь осгож нас барсан бол зургаан иргэн амиа хорлож, бусад 105 тохиолдол үйлдэгдсэн. Мөн 4598 хүн эрүүлжүүлэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс шинэ жилийн баярын арга хэмжээ өргөн дэлгэр зохион байгуулагддаг үеийг угтан "Шинэ жил-2018" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, нийт бие алба хаагчид болон сонсогчдыг дайчлан ажиллаж байгаа" гэлээ.

ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн "Өнгөрсөн долоо хоногт л гэхэд хоёр хүн шинэ жилийн баярын арга хэмжээний дараа осгож нас барсан хэрэг гарсан.  

Тиймээс шинэ жилийн баяр тэмдэглэж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол хамт олондоо анхаарал тавьж, биеэ хянах чадвараа алдсан, согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн нэгнээ ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхийг зөвлөе. Мөн шалгалтаар явж байхад шингэрүүлсэн хий хэрэглэх нийтлэг зөрчил их илэрч байгаа. Мөн цахилгааны угсралтын дүрмийг зөрчсөн байдаг. Тиймээс иргэдийн гар дээрээс зөвшөөрөлгүй газраас пиротехникийн гал, цацруулагч худалдаж авахгүй байх ёстой. 11 хүн пиротехникийн хэрэгслийг буруу хэрэглэснээс болж эрүүл мэндээрээ хохирсон. Галын аюулгүй байдлаа хангах үүднээс сүлд модны гэрлэн чимэглэлээ олон цагаар асаалттай орхиж явахгүй байхыг анхааруулъя. Мөн гол мөрөний мөс хөлдөөгүй байхад дээгүүр нь тээвэрлэлт хийж явахгүй байхыг сануулъя" гэв.

МХЕГ-ын хэлтсийн дарга Д.Баярболд "Шинэ жилийн баяртай холбогдуулан урьдчилан сэргийлэх шалгалтыг таван чиглэлээр хийж байгаа. Шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулж байгаа газруудад урьдчилан сэргийлэх хяналт, мөн худалдаа үйлчилгээний газруудад зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүн, хүүхдийн бэлэг, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд, бялууны үйлдвэрүүдэд хяналт шалгалтыг хийж байна. Нийтдээ 312 зөрчил илрүүлсэн. Хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнийг илрүүлж, худалдаанаас татаж авсан. Мөн 22 нэр төрлийн бүтээгдэхүүнийг устгалд оруулсан. ААН-үүдэд хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөмж сургалт хийсэн. Ил задгай зарагдаж байгаа бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг онцгой анхааруулъя. Мөн баяр ёслолын үеэр хариуцлагатай жижүүр хийж байгаа" гэлээ.

Шинэ жилийн баярын үеэр амар хялбар аргаар мөнгө олох зорилготой этгээдүүд дээрэм хийх тохиодол нэмэгдэж, архидан согтуурсан үедээ  ялихгүй зүйл дээр маргалдан, нэг нэгнээ гэмтээх, улмаар амь насанд нь хүрэх тохиолдол гарсныг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-12-25 13:01:52
    эрүүлжүүлэх ажиллаж байгаа юм уу? эмнэлэгт л морилоод байгаа юм байх гэж боддог шүү дээ