Эмийг амттан шиг сурталчлах нь зөв үү

Манай улсад хүчээ авч байгаа бизнесийн нэг нь эм үйлдвэрлэгч, борлуулагч аж ахуйн нэгжүүд. Нийслэлд хаа таарсан газраасаа хүссэн эм тариагаа авч, өөрийн дураар эмчилгээ хийлгэж болно. Хэвшил болчихсон зүйл. Саяхны нэгэн судалгаагаар Монгол Улс антибиотикийн хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт бичигдэж байгааг дурдсан байна. Иргэдийн олонх нь эрүүл мэндийн байгууллагад очиж мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахаас илүүтэй өөрөө болон өөрт ойрхон хэн нэгний зөвлөсний дагуу эмийг хоол хүнс шиг хэрэглэдэг. Эмийн сан ч жор нэхдэггүй. 

Уг нь эмийн сангийн стандартад эмийн сан антибиотикийг жороор олгоно гэсэн заалт бий. Гэвч энэ заалт болон бусад хууль дүрэм журмууд манайд үйлчилдэггүй. Үүний нэг жишээ бол сүүлийн жилүүдэд FM радио болон телевизүүдээр эмийг яг л амттан эсвэл хоол шиг сурталчлах болж. Тэд эмийг жороор хэрхэн зөв хэрэглэхийг сурталчлан таниулахаас илүүтэй төгс чанартай, хосгүй бүтээгдэхүүн мэтээр нийгэмд ойлгуулдаг. Энэ талын реклам ч хүчээ авч байна. Хуулийн дагуу жороор олгодог эмийн сурталчилгаа явуулахыг хориглодог байна. Харин жоргүй олгох эмийг л олон нийтийн дунд сурталчилж болох тухай зохицуулалт бүхий хууль бий. Гэтэл худалдааны байгууллагууд хуулийг мөрддөггүй. Эмээ борлуулахын тулд гайхамшигтай үйлчилгээ үзүүлэгч, цор ганц эм хэмээн өдөр шөнөгүй мэдээллийг хэрэгслүүдээр сурталчилдаг.

 Хуулийн дагуу эмийн болон биологийн идэвхт бүтээгдэхүүний сурталчилгааны агуулгыг эрх бүхий байгууллагаар хянуулж, дүгнэлт авах ёстой. 

 Хуулийн дагуу эмийн болон биологийн идэвхт бүтээгдэхүүний сурталчилгааны агуулгыг эрх бүхий байгууллагаар хянуулж, дүгнэлт авах ёстой. Гэтэл агуулга нь хянагдаагүй сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх тохиолдлууд өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Мөн зар сурталчилгааг хийж байгаа болон түгээж байгаа аж ахуй эрхлэгчдийн зар сурталчилгааны үнэн бодит эсэхийг тодорхойлсон мэдээллийг шаардан баталгаажуулдаггүй байгаа зөрчлүүд ч нэмэгдсээр байгаа аж. 

Тэгэхээр эмийг гайхамшигт үр дүнтэй, давтагдашгүй сайн нөлөөтэй мэтээр ойлгуулж байгааг холбогдох байгууллагууд хяналтандаа авахад илүүдэхгүй биз. Үгүй бол өдөр шөнөгүй зөвхөн эмийн сурталчилгаагаар бөмбөгдүүлж эмийг хоол шиг хэрэглэсэн ард түмэн болох нь байна. Мэдээж энэ замбараагүй хэрэглээг дагасан сөрөг нөлөөг тоочиж барахгүй. Монголд давхардсан тоогоор 6 000 гаран эм бүртгэгдсэний 600 нь антибиотик байдаг байна. Энэ хэрээр замбараагүй, зохицуулалтгүйгээр эм бэлдмэлийг сурталчлах үйл ажиллагаа газар авч байна. Үүнд мэргэжлийн байгууллагууд анхаарч, хариуцлагыг тогтолцоог сайжруулахгүй бол бид удахгүй эм бэлдмэлийн өмнө хүчгүйдэх цаг ирэхийг үгүйсгэх аргагүй юм. 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.