Шинэ жилийн сонирхолтой уламжлалууд
Христийн шашинтай орнууд Зул сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг бол дэлхийн бусад орнууд Шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Гэхдээ орон бүрт өөр өөр сонирхолтой уламжлалын дагуу энэ өдрийг өнгөрүүлдэг юм байна. Ингээд шинэ жилийн хамгийн сонирхолтой долоон уламжлалыг сонирхоно уу.
 
Ирландчууд цагаан борз /mistletoe/ дэрэн доороо хийдэг

Хэрэв та ирэх жил шинэ хайр дурлалыг хүсэж байгаа бол Ирландчуудын шинэ жилийн уламжлалыг туршаад үзээрэй. Тэд арванхоёрдугаар сарын 31-ний орой унтахдаа дэрэн доороо цагаан борз эсвэл саваа мод хийж унтдаг юм. Энэ нь мөрөөдлийн хайртайгаа учрахад тус болно гэж тэд итгэдэг ажээ.
 
Бразилчууд тэнгисийн бурхан Еменжад хүслээ шивнэдэг

Бразилчуудын  хувьд шинэ жилийн баярын хамгийн чухал, түгээмэл уламжлал нь тэнгисийн бурхан Еменжад хүслээ шивнэх юм. Шинэ жилийн шөнө хүслээ шивнэснээр биелэнэ гэж үздэг ажээ. Тэд ингэхдээ тэнгисийн усанд цагаан өнгөтэй цэцэг хөвүүлдэг гэнэ. Харин хүсэл нь биелвэл эмэгтэйчүүд өөрийн хэрэглэдэг гоо сайхны зүйлээсээ тэнгист өргөдөг байна.
 
Шотландад хар хувцастай, өндөр эр аз авчирна гэж итгэдэг


Шотландчууд шинэ оны эхний өдөр гэрт нь хар хувцастай, өндөр, царайлаг эр орж ирвэл аз ирнэ гэж итгэдэг ажээ. Хэрэв ийм дүр төрхтэй эр орж ирж байгаа тохиолдолд ирэх 12 жилийн турш аз жаргалаар бялхана гэж үздэг байна.
 
Италичууд хуучин тавилгаа цонхоор гаргаж хаядаг

Халуун цуст италичуудын шинэ жилийн баяр сонирхолтой уламжлалаар баялаг. Үүнээс хамгийн сонирхолтой нь тэд өнгөрснөө мартаж шинэ зүйлийг бэлгэдэл болгож гэрийн хуучин тавилгуудаа цонхоор гаргаж хаядаг байна. Иймээс Италид шинэ жилийн үеэр гудамжинд хаясан тавилгатай их тааралдах ажээ.
 
Филиппинчүүд полка хээтэй хувцас өмсдөг


Тэдний итгэдгээр бөөрөнхий дүрс нь баян чинээлэг байдлыг авчирдаг ажээ. Тиймээс филиппинчүүд шинэ жилийн баярын өдөр полка хээтэй хувцас өмсөж, жүрж идэж, бөөрөнхий зоосоор халаасаа дүүргэдэг гэнэ. Энэ нь ирэх ондоо улам баян чинээлэг болохыг билэгддэг юм байна.
 
Чиличүүд шинэ жилийн орой оршуулгын газарт очдог

Эртний уламжлал биш ч гэлээ сүүлийн 15 жил Чиличүүд шинэ жилийн оройгоо оршуулгын газарт өнгөрөөдөг болжээ. Учир нь ингэснээр тэд хайртай хүмүүстэйгээ ахин уулзаж байна гэж үздэг. Мөн энэ зан үйл нь амьдралын үнэ цэнийг мэдрүүлэхийн зэрэгцээ сэтгэлд амар амгалан бий болгодог гэнэ.
 
Испаничууд усан үзэм аз авчирна гэж итгэдэг


1909 оноос хойш Испанид бий болсон нэгэн сонирхолтой уламжлал бий. Тэд шинэ жилийн орой хонх дуугарахаас өмнө 12 ширхэг усан үзэм иддэг. Энэ нь ирэх 12 сарын турш азтай байхыг билэгддэг ажээ.
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine