
Монгол орноо олон улсад сурталчлах зорилготой англи хэл дээр дэлхийн өнцөг булан бүрт хүрэх МҮОНРТ-ийн “MNB WORLD” суваг өчигдөр албан ёсны нээлтээ хийлээ.
Өнөөдөр дэлхийн зургаан тэрбум хүн англи хэлээр ярьдаг. Улс орнууд англи хэл дээр суваг нээж өөрсдийгөө сурталчлахаас гадна, мэдээ мэдээллээ хүргэж ирсэн юм. Энэ нь улс орнуудын хооронд харилцаа, хамтын ажиллагаа, бизнес, хөрөнгө оруулалт гэхчлэн бүх салбарт том боломжийг бий болгож байдаг хөрс билээ. Тэгвэл МҮОНРТ энэ боломжийг судалж, хуульд заасан үүргийнхээ дагуу англи хэл дээр суваг нээхээр 2016 оноос шамдан ажилласан нь ийнхүү ажил хэрэг болж байна.
Олон нийтийн радио телевизийн тухай хуульд “Олон нийтийн радио, телевиз гадаадын сонсогч, үзэгчдэд зориулсан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын талаар мэдээлэх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлан таниулах чиглэлийн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэж түгээх” үүргийг заасан байдаг. МҮОНРТ-ийн хувьд энэ үүргээ 54 жилийн түүхтэй “Voice of Mongolia” олон хэлний радиогоороо дамжуулан хэрэгжүүлж ирсэн. Түүнчлэн 20-оод жилийн турш “MM Today” англи хэлээр телевизийн мэдээллийн хөтөлбөр тогтмол явуулж ирсэн юм. Энэ туршлагадаа үндэслэн МҮОНРТ “MNB World” төслийг санаачлан эхлүүлжээ.
МҮОНРТ-ийн удирдлагууд өнгөрсөн жил БНХАУ-д болсон Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 54 дүгээр Ерөнхий чуулганы үеэр “MNB World” төслийн бэлтгэл ажлын явцын талаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 200 гаруй төлөөлөгчид танилцуулжээ. Үүний дараа дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, мэргэжилтнүүд санал зөвлөгөө өгөн дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь “MNB World” төслийг эхлүүлэхэд томоохон түлхэц болсон байна.
Монгол Улсын болоод МҮОНРТ-ийн түүхэнд, ер нь телевизийн салбарт үндэсний хэмжээний англи хэлээр контент цацдаг суваг нээсэн туршлага байхгүй. Мөн ийм ажлыг сэдэж хэрэгжүүлэхэд, англи хэлийг төгс эзэмшсэн сэтгүүлч, телевизийн уран бүтээлч, боловсон хүчнийг бэлтгэх ажил МҮОНРТ-ийн өмнө тулгарсан нь ойлгомжтой. Тэгвэл тэд богино хугацаанд энэ бүхний ард гарч чаджээ.
МҮОНРТ-ийн захирал Д.Нинжжамц нээлтийн үеэр “MNB World” суваг эхний ээлжинд Монгол Улс даяар туршилтын эфирээ цацах бол цаашид олон улсын телевизийн суваг болох зорилготой ажиллаж байна. Олон улсад эфир цацахад өндөр зардал шаардагдана. Иймд хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, шаардлагатай төсөл хөтөлбөрийн судалгааг ирэх оны төгсгөл хүртэл хийнэ” гэдгийг онцоллоо.
Харин тус сувгийн захирал О.Тэгшгэрэл “Шинэ сувгийг нээхэд бидэнд амар байгаагүй. Гэвч саад бэрхшээл бүхнийг туулж, шийдэж ирлээ. Бид түүх бүтээж, дэлхийд улсаа сурталчлах үүргээ амжилттай биелүүлж чадах болно. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Скаймедиа, Юнивишн, Сансар, Эм Эн Би Си кабелын телевизийн 68 дугаар суваг нь манай сува байх бол дараагийн зорилго маань олон улсад эфирээ цацах билээ. Гэсэн ч бид гадаадын үзэгчдэд онлайн болон дижитал платформуудаар дамжуулан контентоо хүргэсээр байна. Манай сувгийн “Facebook”, “Youtube” хуудсаар аль ч орноос хандаж, тогтмол шинэ соргог мэдээ нэвтрүүлэг хүлээн авч үзэх боломжтой” гэсэн юм.
Г.Занданшатар: “MNB WORLD” МОНГОЛОО ДЭЛХИЙД ХӨТЛӨХ ГҮҮР БАЙЖ ЧАДНА
МҮОНРТ-ийн “MNB World” сувгийн нээлтийн ёслолд хэвлэл, мэдээллийнхэн, телевизийн салбарынхан, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар, Монголд суугаа дэлхийн олон орны Элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар “MNB World” сувгийг албан ёсоор нээж байгаад баяр хүргээд, Монголоо дэлхийд сурталчлахын төлөө хичээн ажиллаж буй тус хамт олны ажилд амжилт хүслээ. Мөн тэрээр МҮОНРТ-д ард түмний итгэл хэвээр байгаа. Сошиал медиа хөгжсөн өнөөгийн нөхцөлд та бүхний үүрэг үнэн шударга, бодитой, ил тод мэдээ, мэдээллийг хүргэх юм. Нийгэмд ил тод, шударга мэдээлэл чухал байна. ““MNB World” Монголоо дэлхийд хөтлөх гүүр байж чадна. Гэхдээ Монголын брэнд болж дэлхийд танигдах хүртэл таван жилийн хугацаа шаардагдана. Засгийн газрын зүгээс бүх боломжоороо дэмжиж, туслана” гэлээ.
Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус сувгийн хамт оЛонд мэндчилгээ ирүүлсэн юм. Тэрээр “Телевизийн салбар нийгэмд чухал байр суурьтай. Та бүхэн оновчтой бөгөөд бодит мэдээллийг дэлхийд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Телевизийн салбарт шинийг санаачилж, техник, технологийн дэвшил, олон шинэ контентыг бий болгосон олон эрхэм шинэ сувгийн талаар ямар сэтгэгдэлтэй байгаагаа үзэгчидтэй хуваалцсан юм.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат, Ш.Ёолк нар Монголоо дэлхийд сурталчлах “MNB World” сувгийн сэтгүүлчид англи хэлний төгс мэдлэгтэй байхаас гадна нүүдэлчин ард түмнийхээ түүх, соёлын талаар гүнзгий мэдлэгтэй байх нь чухал гэдгийг онцолж байлаа.
Дэлхийд Монголыг сурталчлах шинэ сувгийн туршилтын эфир ийнхүү өчигдрөөс орон даяар цацагдаж эхэллээ. Тус хамт олон 2019 онд Азийн чиглэлд, 2020 оноос Америк болон Европын чиглэлд эфирээ цацах зорилго тавьж, нарийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Гэхдээ төслийн хэрэгжилтийг урьдчилан төлөвлөх нь нэг асуудал. Төслөө хэрэгжүүлж, бодит хөрсөнд буулгах нь өөр тусдаа ажил гэдгийг тэд ярьж байна. Учир нь тавьсан зорилгодоо хүрэхэд нөлөөлөх гадны хүчин зүйл олон бий.
Тухайлбал, гадаад зах зээлд гарахад олон улсын харилцаа холбооны газар, оператор компани, IPTV, телевизүүдтэй олон улсын хэмжээний гэрээ хэлцэл хийх, хуулийн экспертүүд ажиллуулах шаардлагатай. Түүнчлэн үндэсний хэмжээний компаниудтай хөрөнгө оруулалтын яриа хэлцэл хийх, гадны экспертүүдийг авч ажиллуулах, тэднийг дагалдуулан сэтгүүлчдээ дадлагажуулах, сургалтын болон хөрөнгө шаардсан том ажлууд ч хүлээгдэж байгаа ажээ. Энэ бүхэнд хөрөнгө оруулалт татах ажил хамгийн тулгамдсан асуудал юм.
“MNB World” төсөл төгс төгөлдөр хэрэгжихэд доод тал нь таван жилийн хугацаа шаардлагатай. Төслийг тогтвортой хөгжүүлж чадвал 2020-2025 оны дараагийн таван жилийн урт хугацааны төлөвлөлтөд сувгаа олон хэлний телевиз болгох өргөжүүлэлтийг ч багтаасан байна. 2020-2025 онд зөвхөн “MNB World” төслийн баг бус Монгол Улсыг үндэсний хэмжээнд гадаадад сурталчилж байгаа “Voice of Mongolia” радио, “МОНЦАМЭ” агентлаг нийлж, нэгдсэн мэдээллийн платформ болсноор дараагийн төлөвлөлтийг цааш нь өргөжүүлэн хөгжүүлэх шаардлага зайлшгүй тулгарна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Ч.Үл-Олдох