2018 оны эдийн засгийн онцлох үйл явдлууд
2018 Монгол Улсын эдийн засагт ямар ямар онцлох үйл явдлууд болж өнгөрсөн тухай эргэн сануулъя.
 
ХӨГЖЛИЙН БАНК 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОНД АРИЛЖЛАА

 

 
Хөгжлийн банк олон улсын зах зээлд Засгийн газрын баталгаагүй, 500 сая ам.долларын бонд арилжааллаа. Тодруулбал, энэ оны аравдугаар сард Хөгжлийн банк гадаад санхүүгийн зах зээл дээрээс 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатай жилийн 7.25 хувийн хүүтэйгээр амжилттай босгов. Засгийн газрын баталгаагүйгээр энэ мөнгийг босгосон явдал бол манай гадаад валютын улсын нөөцөд учрах байсан дарамтуудыг тодорхой хэмжээгээр бууруулж өгч байгаа хэрэг гэж албаныхан мэдээлэв.
 
 “ИРЭЭДҮЙН ӨВ САН”-Д ЖИЛ БҮР НЭГ ИХ НАЯДЫГ ХУРИМТЛУУЛНА

 

 
Засгийн газар анх удаа байгалийн баялгийн орлогоос хуримтлал үүсгэж, ирээдүй хойч үедээ өвлүүлэх шийдвэр гаргалаа. Хүний хөгжил сангаас засаг засаг дамжин уламжлагдан ирсэн өрийг барагдуулж, ирэх онд  “Ирээдүйн өв сан”-д 553 тэрбум гаруй төгрөг хадгалах төлөвлөгөө гаргав.  Цаашид жил бүр нэг их наяд төгрөг хуримтлуулахаар төлөвлөөд байна.
 
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ НЭМЭГДЭВ


 
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 320,000 төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гарсан билээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажил гүйцэтгүүлсний цалин хөлсний хамгийн доод хэмжээ бөгөөд үүнийг хоёр жил тутам шинэчлэн тогтоож байх хуультай. Одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөгийг 2016 онд шинэчлэн тогтоож  2017 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөж эхэлсэн байдаг. Тиймээс хоёр жил тутамд нэгээс доошгүй удаа шинэчлэн тогтооно гэсэн  хуулийн дагуу гурван талт Үндэсний хороо хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан юм.

 
ЧИНГИС БОНДЫН 500 САЯ ДОЛЛАРЫН ӨРИЙГ БАРАГДУУЛАВ
 
 


Монгол Улсын Засгийн газар “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр буюу эргэн төлөгдөх хугацаанд нь барагдууллаа. 2012 онд тухайн үеийн Засгийн газар энэ онд 500 сая, 2022 онд нэг тэрбум ам.доллар төлөх нөхцөлтэйгөөр 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээлд арилжаалсан юм.
 
 
 “ЦАЛИНТАЙ ЭЭЖ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

 


 "Цалинтай ээж” хөтөлбөр 2018 оноос эхлэн хэрэгжиж эхэллээ. Энэ хөтөлбөрийн дагуу 0-3 насны хүүхдээ асран гэртээ суугаа эхэд сар бүр 50 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгохоор баталж, үүнд нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. 
 
 
ТЭТГЭВЭР НЭМЭГДЭЖ, ЗЭЭЛИЙН ХҮҮ НЬ БУУРЛАА


 

 
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг ирэх хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгохоор боллоо. Ингэснээр 393 орчим мянган иргэний тэтгэвэр нэмэгдэж байна.

Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо. 2018 оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн тэтгэвэр авагч ХААН болон Төрийн банкнаас 12 хүртэл сарын хугацаатай тэтгэврийн зээл авах бол сарын 1.0, жилийн 12 хувийн хүүтэй

 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЛЭЭ
 


 
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 155 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг сард 72 мянган төгрөг байхаар тогтоолоо. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэвэр 15 мянга, асаргааны тэтгэмж зургаан мянган төгрөгөөр нэмэгдэж байна.

Нийгмийн халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг халамж шаардлагатай 61 мянга гаруй хүн авдаг байна. Байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 59 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж авчээ. Энэ оны Төсвийн тухай хуульд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэврийн хэмжээг нэмэхэд зориулж 17 тэрбум гаруй төгрөг баталсан юм.
 
ХАР ЖАГСААЛТААС ГАРЛАА

 
 


Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын Зөвлөл өнгөрсөн нэгдүгээр сард Брюссель хотноо хуралдаж, “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас” Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэсэн.

Тус Зөвлөл өмнө нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хуралдаж уг жагсаалтад бусад 16 орны хамт Монгол Улсыг оруулаад байсан юм. Улмаар Монгол Улсын Засгийн газар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар тогтоолыг баталж татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүргийг хүлээсний үндсэн дээр тус жагсаалтаас гараад байна.

Ингэснээр Монгол Улсын чухал “Гуравдагч хөрш” Европын Холбоотой болон түүний гишүүн 28 оронтой манай улс түншлэл, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээлгүй боллоо.
 
 
ДОЛЛАРЫН ХАНШ ОНЫ ТӨГСГӨЛД ЭРЧИМТЭЙ ӨСЛӨӨ


 

Өнгөрсөн наймдугаар сарын эхэнд 2450 төгрөг байсан ам.долларын ханш сүүлийн саруудад эрчимтэй өслөө. Өнөөдрийн байдлаар долларын ханш 2600 даваад байна. Ам.доллар ийнхүү эрчимтэй өсөж байгаа нь хөгжиж буй орнуудад ам.долларын ханш чангарч байгаа аж.
 
Мөн эдийн засгийн идэвхжил, улирлын онцлогоос шалтгаалан валютын эрэлт богино хугацаанд нэмэгдсэн нь сүүлийн саруудад валютын ханш өсөхөд нөлөөлсөн тухай эдийн засагчид онцолж байна.

 
ШАТАХУУНЫ ҮНЭ 100 ТӨГРӨГӨӨР БУУРЛАА




Он гарсаар шатахууны үнэ зургаан удаа нэмэгдэж АИ-92 1985 төгрөгт хүрээд байсан юм. Харин энэ сарын эхээр шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа. Ингэснээр АИ-92 1885 төгрөгөөр зарагдаж эхэлсэн юм. Мөн цаашид шатахууны үнийг үе шаттайгаар бууруулна гэж салбар яамнаас мэдэгдээд байгаа. Учир нь сүүлийн хоёр сарын хугацаанд дэлхийн зах зээлд нефтийн үнэ огцом буурч байгаа юм. Тухайлбал, энэ сарын байдлаар өргөн хэрэглээний Брент газрын тосны үнэ баррель нь 59.39 доллар байна. Мөн Оросын Роснефть компаниас нийлүүлж буй шатахууны энэ сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 доллараар буурчээ. 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.