Олон улсын олимпиадад өндөр амжилт гаргасан сурагчдыг анх удаа мөнгөн шагналаар урамшуулав

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар энэ жилээс эхлэн Олон улсын олимпиадад оролцож, амжилт үзүүлсэн сурагчдыг мөнгөн шагналаар урамшуулахаар болсон. Энэхүү тушаалын дагуу өнөөдөр Олон улсын олимпиадад өндөр амжилт гаргасан сурагчид урамшуулал, батламжаа гардаж авлаа. Батламжийг БСШУС-ын сайдын зөвлөх Б.Ганбат, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, мэргэжилтэн Ц.Чимэдлхам нар гардуулан өглөө.

Өмнө нь Олон улсын олимпиадад өндөр амжилт гаргасан суралцагчдыг зарим жилд тэдний хүссэн их, дээд сургуульд шалгалтгүй элсүүлдэг байсан бол энэ жил Олон улсын Мэдээлэл зүй, Хими, Биологи, Математик, Физикийн олимпиадад түүхэн амжилт гаргасан сурагчид, мөн ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээнд түрүүлж, Дэлхийн аварга болсон сурагчдыг нийт 34 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Олон улсын математикийн олимпиадад анх 1967 онд оролцож эхэлснээс хойшхи 49 жилийн хугацаанд энэ жил түүхэн дээд амжилтыг үзүүлээд байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд тогтмол оролцдог таван төрлөөр нийт дүнгээр алтан медаль 2, мөнгөн медаль 32, хүрэл медаль 93, тусгай байрын шагнал 86 удаа авч байсан бол энэ жил 20 гаруй хүүхэд Олон улсын олимпиадад оролцсноос 16 сурагч төрөл тус бүртээ медаль авч, байр эзэлжээ.

Ялангуяа Олон улсын математикийн олимпиадаар анх удаа багийн бүх гишүүд медаль хүртээд байна. Математикийн олимпиад Румын улсын Клуж-Напока хотод зохион байгуулагдсан бөгөөд 107 орны 594 суралцагч оролцсон юм. Химийн олимпиадад 95 орны 304, Мэдээлэл зүйн олимпиадад 87 орны 330, биологийн олимпиадад 70 орны 260, физикийн олимпиадад 90 орны 400 суралцагч оролцсноос монгол сурагчид бүх төрөлд медаль хүртсэн нь түүхэн дээд амжилт юм.

 Олимпиадад оролцсон суралцагч, багш нар ярихдаа бүх төрлөөр ийнхүү өндөр амжилт гаргахад эерэгээр нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг нь БСШУСЯ-наас анх удаа Олон улсын олимпиадын зардлыг бүрэн хэмжээгээр олгосон явдал хэмээн өгүүлж байна.
 

Цаашид Олон улсын олимпиадад оролцох зардлаас гадна сурагчдыг эх орондоо бэлтгэл хийх зардлыг ч яамнаас нэмж санхүүжүүлэх бодлого баримталж байна



Энэ тухай БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Ц.Чимэдлхам “Энэ жил Олон улсын олимпиад гурван онцлогтой боллоо. Юун түрүүн суралцагчид маань төрөл бүртээ медаль авч түүхэн дээд амжилтыг тогтоолоо. Хоёрдугаарт, өмнө нь олимпиадад амжилт үзүүлсэн хүүхдүүдийг мөнгөн шагналаар огт урамшуулж байгаагүй. Энэ жил анх удаа мөнгөн урамшуулал олгож байна. Гуравдугаарт, БСШУСЯ-наас анх удаа Олон улсын олимпиадад оролцож байгаа багуудын зардлыг бүрэн хэмжээгээр нь олгосон. Өмнө нь зардлын тодорхой хувийг нь олгодог байсан. Энэ жил өөрсдийнх нь төсөвлөж ирсэн зардлыг бүтэн олгож шуурхай зохицуулалт хийсэн нь амжилтад нөлөөлсөн гэсэн тайланг багш, суралцагчид маань өгөөд байна. Цаашид манай яамнаас Олон улсын олимпиадад оролцох зардлаас гадна эх орондоо суралцагчдын бэлтгэлийг өндөр хэмжээнд хангах зардлыг санхүүжүүлж дэмжих бодлого барьж байна” гэлээ.

Олон улсын олимпиадад сайн бэлтгэж, амжилт гаргах нь эцэг эх, сурагч, багш, сургуулийн нөр их хөдөлмөрийн үр дүн мөн. Тухайлбал, Олон улсын математикийн олимпиадаар суралцагчид 2 өдрийн турш, өдөр бүр 3 бодлого бодож оюун ухаанаа сорьдог, оюуны ачаалал их, хүнд хөдөлмөр юм. Ингээд Олон улсын олимпиадад амжилт гаргасан зарим сурагчдын сэтгэгдлээс хуваалцъя.
 

Б.Батмэнд: Олон улсын олимпиадад оролцох зардал өгч, мөнгөн урамшуулал өгч байгаад баяртай байна


- Би 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. Энэ жил Румын улсад болсон Математикийн Олон улсын олимпиадад оролцож хүрэл медаль авсан. Энэ жилийн онцлог нь Монгол Улсаас явсан баг бүгдээрээ медаль хүртсэн. Энэ бол Монголын математикийн олимпиадын хорооноос баримталсан бодлогын ач гэж би бодож байгаа. Мөн оролцох зардлыг яамнаас олгож байгаа явдалд бид маш их баяртай байгаа. Хэрвээ чи математиктаа сайн бол ямар ч мөнгө төгрөг зарахгүйгээр Олон улсын олимпиадад оролцоод эх орондоо эргээд ирж болно. Энэ бол үнэхээр том боломж. Амжилт гаргасныхаа дараа дахиад мөнгөн урамшуулал авлаа. Үнэхээр их баяртай байна.
 

С.Сувданчимэг: Багш нарт маань дэмжлэг үзүүлдэг бол илүү их амжилт үзүүлнэ



 

-Намайг С.Сувданчимэг гэдэг. Орхон аймгийн ШУТИС-ийн лицейд сурдаг. Олон улсын Химийн олимпиадад хоёр дахьжилдээ оролцож хошой Хүрэл медаль авсан. Юун түрүүн багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн энэ жилээс яам, улс маань биднийг дэмжиж, оролцох зардал олгож, мөнгөн урамшуулал өгч байгаа явдалд баяртай байна. Миний хувьд хоёр дахь жилдээ Мөнгөн медаль авах зорилготой байсан. Гэвч дахиад Хүрэл авсан. Тулгарч байгаа гол бэрхшээл нь багш нарт маань бидэнд хичээл заах цаг хомс байдаг. Үндсэн ажлаа хийх ёстой. Тиймээс багш нарт маань боломж олгоод дэмжээд өгвөл илүү их амжилт үзүүлэх болно. Энэ жилээс яамны зүгээс биднийг бүх талаар дэмжиж байгаад үнэхээр их баярлалаа.
 

МУИС-ийн багш, улсын Физикийн олимпиадын хорооны дарга Н.Ганбат: Физикийн Олон улсын олимпиадыг Монголд зохион байгуулахаар ярьж байна





-Өнгөрсөн онд Олон улсын Физикийн олимпиадад манай 5 хүүхэд явж мөнгө, хүрэл медаль, нийт гурван шагналтай ирсэн. Түүний өмнө жил тавуулаа Алтан медаль авчирч байлаа. Түүнтэй харьцуулахад энэ жил жаахан ухарсан ч гэлээ дажгүй. Энэ жилээс яамны зүгээс тал талын дэмжлэг үзүүлж мөн амжилт үзүүлээд ирсэн хүүхдүүдэд маань мөнгөн урамшуулал олгож байгаа явдал их зөв зүйтэй бодлого гэж харж байна. Цаашид багш нарыг тодорхой хэмжээгээр урамшуулдаг болох нь зүйтэй гэж бодож байна. Ер нь жилээс жилд олимпиадын цар хүрээ өргөжиж байна. Манай хороо хоёр жилийн дараа Олон улсын Физикийн олимпиадыг эх орондоо зохион байгуулах асуудлыг ярьж байна. 


Эх сурвалж: БСШУСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • S.Ganbaatar 2018-12-21 04:23:22
    Mundag huuhduudeeree baharhaj bna.Mon bagsh nart ny bayr hurgie. Amjilt gargasan huuhduud, tuunii bagshid mongon shagnal ogoh ny hamgiin sain demjleg bolno shu....
    150.129.140.83
    Мэдэгдсэн Хариулах
  • bas 2018-12-21 04:11:41
    bayr hurgie!
    202.126.89.193
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-20 15:03:32
    Овоош дээ. Энэ ажил юмаа. Сайд дарга нар өөрснөө зувчуулахаар Монгол нэрийг Дэлхийд гаргасан үр хүүхдээ ингэмээр юм даа. Ёстой хонгилын үзүүрт гэрэл гарч байнаа...
    202.21.102.138
    Мэдэгдсэн Хариулах