Тойм: 2018 оны нийгмийн онцлох үйл явдлууд
Улиран одож буй 2018 онд нийгэмд болсон онцлох үйл явдлуудаас түүвэрлэж тоймлон хүргэж байна.  Нийгмийн анхаарал татсан олон асуудал байснаас хамгийн аюултай нь байгалийн гамшигт үзэгдэл байв. Мөн 60 жил хүлээсэн газрын тосны үйлдвэрийн шавыг тавьсан нь яах аргагүй энэ оны онцлох үйл явдлуудын нэг байлаа.

 
Ерөнхийлөгч зарлиг гаргаж, хоёр уяачийн цолыг хасав

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цол хураах зарлиг гаргаж, хоёр уяачийн цолыг хурааж хасав.
Тодруулбал, Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дагвадоржийн Улсын тод манлай уяач цолыг, ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгийн Улсын манлай уяач цолыг тус тус хураасан юм.

 
Нефть боловсруулах үйлдвэрийн шавыг тавилаа

 
 

Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шавь тавих ёслол өнгөрсөн зургадугаар сарын 22-нд болсон. Энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд болон бусад албаныхан, Энэтхэг улсын төлөөлөл оролцсон юм. Үйлдвэрийг 2022 оны сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар дэд бүтцийн ажил 80-90 хувьтай явж байгаа бол үйлдвэрийн ажил ирэх жил эхлэх ажээ.

Манайх тосны олборлолтын хэмжээнд нийцүүлэн жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулахаар төлөвлөжээ. Үйлдвэрийг Энэтхэг улсын нэг тэрбум ам.долларын урт хугацааны санхүүжилтээр барихаар тохиролцсон юм.

 
Нийслэл эрчим хүчний тэг зогсолт хийв
 

 

Өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр 09.40 цагийн үед “ДЦС -IV ТӨХК”-д гэмтэл гарч, нийслэл болон таван аймагт тог тасрав. Бүтэн 14 цаг тог цахилгаангүй байсан нийслэлийнхэнд том сануулга өгсөн үйлдэл болсон.

Тэг зогсолтын ослын шалтгааныг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компанийн буруутай үйлдэл гэж үзэж, зарим дулааны станцын удирдлагуудад хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөөд өнгөрсөн юм.  Гэмтэл аваараас үүдсэн хохирлыг барагдуулаагүй бөгөөд хариуцлага алдсан хэдэн алба хаагчийг ажлаас нь халж асуудлыг тухайн үед намжаасан юм.  Хэрвээ эрчим хүч үгүй бол амьдрал зогсоно гэдгийг XXI зуунд амьдарч байгаа иргэд ч ойлгосон юм.
 
Гамшигт үзэгдлээс болж цахилгаан дамжуулах тулгуур баганууд унав

 
 

Өнгөрсөн саруудад гамшигт үзэгдэл их болов. Тухайлбал, усархаг аадар бороо, хүчтэй салхи шуурганы улмаас цахилгаан дамжуулах тулгуур баганууд унаж,  таван аймгийн олон сум тог цахилгаангүй болов.

Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард  баруун аймгууд, Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын 4, Өмнөговь суманд 110 кВ-ын 9 нийт 13  төмөр тулгуур багана хугарч унасны улмаас Баян-Өлгий  аймгийн 12,  Говь-Алтай аймгийн 5, Ховд аймгийн 15,  Увс аймгийн 18, нийт 50 суманд цахилгаан тасарсан билээ.  Цахилгааны дамжуулах шугамыг босгохоор Эрчим хүчний салбарын 170 гаруй ажилтан ажиллаж тулгуур багануудыг босгож хэвийн ажиллагаанд оруулсан. Гамшигт үзэгдлийн улмаас улсад нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байна.

 
Төр ажлаа хийж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөв

 
 

Төр эзэнтэй гэдгээ харуулж, даварсан аж ахуйн нэгж компаниудыг дарж, өөрийн эзэмшлийн газраа буюу явган зорчигч явах газар дээр хууль бусаар барилга байгууламж барьсан газруудыг хүчээр албадан чөлөөлсөн нь онцлох үйл явдал байв.

Тухайлбал,  хууль зөрчин явган хүний замыг хааж, нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр шат, авто машины орц, гарц барьсан "Туушин" зочид буудал ХХК-ийн өмнөх газрыг албадан чөлөөлсөн. Гаргасан зөрчлөө арилгахыг удаа дараа сануулсан ч арилгаагүй учир ийнхүү хүчээр албадан нураасан юм. Үүнээс хойш нийтийн эзэмшлийн талбайг хумслаж хувийн эзэмшил болгосон аж ахуйн нэгжүүдийн барилга байгууламжийг албадан чөлөөлөв.

 
Яармагийн гүүрийг хэсэгчлэн ашиглалтад орууллаа

 

Өнгөрч буй онд нийслэл хотод ашиглалтанд орсон томоохон бүтээн байгуулалтын нэг нь "Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах" төслийн хүрээнд баригдсан нийт дөрвөн эгнээ шинэ гүүр, хоёр эгнээ хуучин гүүр, нүхэн гарц, рамп гүүр, авто зам, замын байгууламж байв.

Яармагийн шинэ гүүр нь 250.2 м урт, 20.5 м өргөн, хуучин гүүртэйгээ нийлээд зургаан эгнээтэй, доогуураа 50 метрийн өргөнтэй нүхэн гарцтайгаар баригджээ. Шинэ гүүрийн шавыг 2017 оны тавдугаар сард тавьж байсан бөгөөд БНХАУ-ын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөв өртгөөр баригдсан. Энэ гүүр ашиглалтад орсноор замын түгжрэл 50-60 хувь буурах боломжтой. Яармагийн хуучин гүүр нь 1960 оноос хойш шинэчлэгдээгүй бөгөөд байгууламжийг бүтнээр нь 2019 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 
Шүд, эрүү нүүрний төв шинэ байранд оров
 
 


Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг төв ганцхан байдаг. 1986 онд байгуулагдсан энэ төв жилдээ 100-120 мянга гаруй иргэнд нүүр амны нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм. Уг төв гурван жил зориулалтын бус, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд өнгөрсөн аравдугаар сард шинэ байрандаа нүүж оров.
 
Иргэдийн тав тухыг бүрэн хангасан, стандарт шаардлагад нийцсэн өрөө тасалгаа, тоног төхөөрөмжөөр хангагдсан төдийгүй тус төвийн хүчин чадал 2 дахин нэмэгдэж жилд 500 мянга гаруй иргэнд үзлэг оношлогоо, эмчилгээ хийх боломжтой болсон байна.
 
Худалдаа хөгжлийн банкныхан иргэдийн эрхэнд ноцтойгоор халдав

 
 
Хуулинд захирагддаггүй Худалдаа хөгжлийн банкны шинээр баригдах 30 давхар барилга нийгэмд нэлээд асуудал үүсгэв.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугчид Занабазарын музейн хамт олон, “Мах товер”-ын ажилчид удирдлагууд Худалдаа хөгжлийн банкны шинэ барилгын ажлыг эсэргүүцэж удаа дараа хэвлэлийн хурал хийж, мэдэгдэл гаргасан ч амжилт олоогүй юм.

Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст төрийн хууль үйлчилдэггүй гэдгийг тод харуулсан үйлдэл болсон бөгөөд барилга нь баригдсан хэвээрээ байгаа. Үндсэн хуулинд заасан онцгой эрхээ эдэлж чадахгүй байгаа оршин суугчдад хандаагүй, яваагүй газар гэж байхгүй. Гэвч тэд хүчин мөхөсдөж, асуудал аажмаар намжив.

 
Есдүгээр сарын 01-нд ардын багш нар ажил хаяв

 
 

Есдүгээр сарын 01-ний өдөр Ерөнхий боловсролын сургуулиуд нээлтээ хийж, ардын багш нар хичээлээ эхлүүлсэнгүй. Учир нь цалингаа голсон багш нар цалин нэмтэл хугацаагүй ажил хаялт зарласан юм. ЕБС-иуд түүхэндээ анх удаа есдүгээр сарын 01-нд ажил хаяж үзсэн нь энэ.

Нийтдээ 15  сургуулийн багш нар ажил хаяж, 20 мянган сурагч, 40 мянган эцэг эхчүүд хохирч, нийгэмд эмх замбараагүй байдал үүссэн. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй, салбарын сайд болон МҮЭХ, холбогдох албан тушаалтнууд багш нарын төлөөлөл хоорондоо харилцан тохиролцож, 10 гаруй хоногийн дараа ажил хаялтаа албан ёсоор зогсоосон билээ. Ингээд есдүгээр сарын 17 буюу даваа гарагаас эхэлж хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдсан юм.
 
Богд хааны ордон музейн газрын асуудал

 
 
Богд хааны ордон музей нь Монгол Улсын хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейд тооцогддог. Гэсэн ч удаа дараагийн тогтоол шийдвэрээр музейн эзэмшил газраас хувийн аж, ахуйн нэгжүүдэд шилжүүлж, Богд хааны ордон музейн газар багассаар 2.3 га нь хувийн эзэмшилд очсон байдаг. Энэ талаар музейн удирдлагууд ажилчид холбогдох газруудад өргөдөл гомдол гаргаж, өөрийн эзэмшлийн газраа эзэмшилдээ авахыг хүссэн байдаг.

Улмаар Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Ван трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргасан юм.  Уг компани нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд хааны ордон музейн хойд талд байрлах 16.000м2 газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчжээ.

 
Паркийн тоглоом эвдэрч, хүүхдүүд гэмтэв
 

 

Өнгөрсөн зургадугаар сард Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн паркийн тоглоом эвдэрч, тоглож байсан хүүхдүүд хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн. Тодруулбал, эргэлддэг пуужин буюу "Сансрын хөлөг" тоглоомыг ажиллуулах явцад эвдрэл үүсч, доош унаснаар хүүхдүүд унаж гэмтсэн байна.  Хүний амь нас эрсдээгүй ч, пуужинд сууж байсан хүүхдүүд толгойн тус газраа бэртсэн, гар хөлөндөө хүнд, хөнгөн гэмтэл авсан. Хүүхдүүдийн эмчилгээний зардлыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс гаргажээ.
 
Цахилгаан автобус үйлдвэрлэж, үйлчилгээнд туршиж байна

 
 

Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд туршиж эхэлсэн. 2-3 цаг цэнэглээд 180-200 км зам туулах энэхүү автобус монгол инженерүүдийн ур техникийг гайхуулав.  Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт Мон-30 автобусаар шинэчлэл хийх боломжтой эсэх талаар судалж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэгдэв.

Энэ нь байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 22-ны  122 тоот тогтоолын хүрээнд хийж буй ажил юм.  “Мон-30” загварын автобус нь жилд 6.6 сая төгрөгийн эрчим хүч худалдан авч, тус салбарын зардлыг 30-40 хувиар буулгах боломжтой аж.  
 
 
100 айлыг Налайх руу нүүлгэхээр болов
 

 
100 айлын 100 зовлонг цэгцлэх шийдвэрийг НИТХ-аас гаргав. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9,10,11 дүгээр хороо буюу 100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлыг судлан хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн байгаа. Хамгийн түрүүнд 100 айл орчмын нутаг дэвсгэрт худалдаа эрхэлж буй хашааны төмөр, чулуу, будаг, цонх, хаалганы үйлдвэрүүдийн газрыг шийдэх замаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах тухай дүүргүүдийн төлөөлөгчдөд үүрэг өгсөн. Ийнхүү хотоос гаргаж Налайх дүүрэгт нүүлгэн цогц үйлдвэр “IT PARK” нээх ажлыг ээлж дараалалтай хийж буй.
 
Дарханы замыг 60 сая ам.доллараар шинэчилж засварлана
 
 
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх зам засварын төсөл”-ийн 60 сая ам.долларын хөнгөлөлттэй  зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Уг хэлэлцээрийн хүрээнд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бүрдүүлэх өндөр ач холбогдол бүхий  Улаанбаатар-Дархан чиглэлд өргөтгөл шинэчлэлт, Дархан-Алтанбулаг чиглэлийн 310 км замыг өргөтгөн шинэчлэхээр болов.

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамд хамгийн их осол аваар гардаг есөн хар цэг тэмдэглэгджээ.  Эдгээр цэгт зам засвараас гадна өргөтгөх, нэмэлт эгнээ барих, үзэгдэх орчин, замын тэмдэг тэмдэглээг сайжруулах зэрэг ажлыг энэ 2019 оноос эхэлж хийнэ.

Галт тэрэг унаж, олон зорчигч бэртэв

 
 
 
Өнгөрөгч наймдугаар сарын 12-нд Улаанбаатар-Сайншандын чиглэлд хөдөлсөн суудлын галт тэрэг хотоос 300 км-ын зайд Дорноговь аймгийн Айраг сумын нутагт осолдсон.

Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286 дугаар галт тэрэг замаас гарч, улмаар галт тэрэгний зүтгүүр унаж, дөрвөн вагон замаас гарсан юм.

Осолдсон галт тэргэнд нийт 328 зорчигч явснаас 146 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, гэмтэл бэртэл авсан 56 хүнээс хүнд гэмтэлтэй хоёр, хүндэвтэр гэмтэлтэй гурван хүнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Хүний амь нас эрсдээгүй. Галт тэрэг осолдсон шалтгааныг говийн нутагт их хэмжээний бороо орсноос үүдэлтэй гэж албаны эх сурвалж мэдээлсэн юм.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.