2018 оны улс төрийн онцлох үйл явдлууд
Оллоо.мн мэдээллийн сайт 2018 онд улстөрийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд Монгол Улсын есөн дүүрэг, 21 аймгийн иргэдтэй уулзалт хийв. Харин албан ёсоор дараах айлчлалуудыг хийсэн байна.

Зургадугаар сар
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Чиндао хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар оролцлоо. БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон зарим улсын төр, засгийн тэргүүн нартай Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр талын уулзалт хийсэн юм.
 


Есдүгээр сар

 
ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцсон  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцлоо. Энэ үеэр Дорнын эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нартай ганцаарчилсан уулзалт хийлээ.



Аравдугаар сар

 
Ерөнхийлөгч Бельги улсын Брюссель хотноо болсон Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцов. Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцох үеэрээ  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эхний хоёр талт уулзалтаа Германы Канцлер Ангела Меркельтэй уулзалт хийв.

УЛСЫН ИХ ХУРАЛ
 


Парламент 75-уулаа боллоо
 
УИХ-ын хамгийн залуу гэгдэж байсан Д.Гантулга  бүрэн эрхээс нь чөлөөлөх тухай хүсэлтээ өнгөрсөн хавар УИХ-д хүргүүлсэн. Улмаар ангийн нөхөд нь түүний хүсэлтийг хүлээн авч, УИХ-ын гишүүнээс чөлөөлөв. Ингэснээр УИХ 75 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
 


М.Энхболд даргын суудал ганхаж эхэллээ
 
Энэ онд өрнөж буй онцлох үйл явдлын нэг бол спикер М.Энхболдыг тойрсон асуудал. Он гарснаас хойш Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах санаачлага гаргаж, “УИХ тарахгүй өлсгөлөн зарлана” хэмээн мэдэгдэж олны анхаарлыг татлаа. Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс М.Энхболдыг сайн дураараа ажлаа өгөхийг шаардав. Ерөнхий сайдын зүгээс “60 тэрбум”-ын асуудлыг өршөөж чадахгүй гэдгээ мэдэгдлээ. Харин оны төгсгөлд УИХ-ын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг сайн дураараа ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсаар байна. Өнөөдрийн байдлаар УИХ-ын 40 гишүүн УИХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зураад байна. Харин УИХ-ын дарга энэ бүхнийг хууль бус хэмээн үзэж байгаа учраас сайн дураараа УИХ-ын даргын албан тушаалаас буухгүй хэмээн мэдэгдээд байгаа билээ.
 


ЗАСГИЙН ГАЗАР

 
УИХ-аас 100 хувь бүрдсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Нэг жилийн босгон дээр намын нөхөд нь ЖДҮХ сангаас зээл авсан сайд нарын асуудал болон бусад таван үндэслэлээр У.Хүрэлсүхийг унагахаар гарын үсэг цуглуулсан ч УИХ-аас дэмжлэг авсангүй. Ингэснээр У.Хүрэлсүхийн “бяр”-тай гэгддэг Засгийн газар үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулах эрхтэй боллоо.
 



Сайд нарын халаа сэлгээ
 
Энэ оны наймдугаар сард ЗТХЯ-тай холбоотой олон хэрэг гарлаа. Тодруулбал, ЗТХЯ-ны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Мөн Улаанбаатараас Сайншанд явж байсан галт тэрэг хүчтэй борооны улмаас дөрвөн вагон замаасаа гарсан зэрэг асуудлууд нэгэн зэрэг өрнөв. Үүнээс үүдэн ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ. Дэд сайд Б.Цогтгэрэл нар ажлаа өглөө.


Ингээд ЗТХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар томилогдлоо. Харин үүний дараа ЖДҮХ сангаас өөрөө болон өөрийн хамаарал бүхийн хүмүүс нь зээл авсан асуудлаар хоёр сайд ажлаа өгөх шийдвэр гаргалаа. Хамгийн түрүүн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ажлаа өгөхөө мэдэгдэв. Түүний оронд УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилохоор болсон ч өнөөдрийг хүртэл УИХ хэлэлцээгүй байна.

 

Одоогоор  ЖДҮХ сангийн асуудлаар болж  Я.Содбаатар ажлаа өгөхөө мэдэгдээд байгаа. Мөн Засгийн газраа огцруулахаар кноп дарсан Ц.Цогзолмаа сайдыг чөлөөлөхөөр болсон. Гэвч УИХ-ын байнгын хороо, чуулганы ирц бүрдэхгүй байгаагаас үүдэн сайд нарын халаа сэлгээний асуудал гацаанд ороод байна.


Хотын дарга ажлаа өглөө




Монгол Улсын Ерөнхий сайд энэ сард захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэж байна.

ЖДҮХ сангийн асуудал дуулиан дэгдээв


Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХ сангаас өөрөө болон өөрийн хамаарал бүхий хүмүүс нь зээл авсан асуудал өнгөрсөн энэ онд дуулиан дэгдээв. Одоогоор ЖДҮХ сангаас зээл авсан асуудалд 14 гишүүн, хоёр сайд, нэг дэд сайд болон төрийн албан хаагчид холдбогдоод байна.

Үүнтэй холбогдуулан албан тушаал эрх мэдлээ ашиглан өөрийн болон хамаарал бүхий компаниудад ЖДҮХ сангаас зээл авсан  асуудалд холбогдож, ёс зүйн алдаа гаргасан сайд нар болон төрийн өндөр албан тушаалнтууд ажлаа хүлээлгэн өгсөөр байна Хамгийн түрүүн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг уучлалт гуйж ажлаа хүлээлгэн өгөх шийдвэр гаргасан юм. Мөн Үүний араас Ерөнхий аудитор  Д.Хүрэлбаатар, ТӨБЗГ-ын дарга Ням-Осор нарын хүмүүс албан тушаалаасаа буугаад байна.
 

Ж.Батзантан, С.Баярцогт нарын хүмүүс АН-аас хөөгдөв




 
АН гишүүддээ халгаатай жилийг үдэж байна. Энэ онд Ардчилсан намын дарга С.Эрдэнийн тушаалаар С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хаслаа. Учир нь С.Баярцогт Швейцарийн банкинд Рио-Тинтогоос дамжуулан 10 сая америк долларын гүйлгээ хийсэн  гэсэн дуулианд холбогдсон учраас С.Эрдэнэ дарга дээрх шийдвэрийг гаргасан юм. Үүний дараа Баянзүрх дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа нарын хэд хэдэн хүнийг намаасаа хөөх шийдвэр гаргасан. Тэгвэл хамгийн сүүлд АН-д Баянзүрх дүүргээс сонгогдож УИХ-д суусан Ж.Батзанданг намаасаа хөөлөө. Ж.Батзандангийн хувьд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжих намаас өгсөн чиглэлийг дагаагүй учир ийнхүү АН-аас хөөгдлөө. Энэхүү үйл явцтай зэрэгцэн УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарах өргөдлөө өгсөн ч хүлээж авсангүй. Учир нь Л.Болдыг намаас гарвал УИХ-д АН бүлэггүй болох эрсдэлд орох юм.


Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хорооны дарга боллоо




Нийслэлийн МАН-ын хорооны бага хурал есдүгээр сард болж удирдлагаа сонголоо.  Бага хурлын 333 төлөөлөгчдийн дунд санал хураалт явуулахад 167 нь УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт саналаа өгч, нийслэлийн МАН-ын хороог тэргүүлэхээр болов.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-12-19 02:31:30
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо