“Буянт-Ухаа 2” хорооллыг иргэдэд түрээслүүлэхийг хүсч байна

Утаанаас салах нэг шийдэл бол гэр хорооллыг орон сууцжуулах явдал юм. Тиймээс ч төрөөс шат дараалалтай орон сууцуудыг барьж айл өрхүүдийг байранд оруулж эхэлсэн. Түүний нэг нь “Буянт-Ухаа 1” хороолол бөгөөд “Буянт-Ухаа 2”  хорооллыг нь өнгөрсөн 2016 онд эхлүүлсэн юм. Гэвч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулж чадаагүй байгаа уг барилга санхүүжилтийн асуудлаас болж цаг хугацаа алдаж, царцсан гэж хэлж болно.
 
Засгийн газраас хэрэгжүүлж буй Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд орон сууцыг түрээслүүлэх журмаар, худалдан борлуулах зорилтын хүрээнд дээрх барилгуудыг барьсан юм.
 
Уг нь “Буянт-Ухаа-2” хороололд баригдаж буй 972 айлын орон сууцны барилгын ажил энэ онд дуусах төлөвлөгөөтэй ажилласан ч амжихааргүй болсон юм.  Тиймээс ирэх нэгдүгээр сард ашиглалтад оруулж, айл өрхүүдийг оруулна хэмээн салбарын сайд болон ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй хэлсэн юм.  
 
ТОСК-ийн захиалгаар баригдсан энэ орон сууцыг түрээслүүлэх үү, эсвэл худалдаалах уу гэдгийг Засгийн газрын хуралдаанаар шийдэхээр болсон юм. Мөн ирэх онд Улсын комисст хүлээлгэж өгөхөөр болжээ.

Анх ТОСК-иас барихаар болсон ч санхүүжилтээс шалтгаалан Хөгжлийн банкинд шилжүүлжээ. Хөгжлийн банкнаас энэ орон сууцанд 33 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд санхүүжилтийг ЗГ-аас шийдэж өгвөл, түрээсийн орон сууцын хөтөлбөрийн дагуу иргэдэд ашиглуулах юм байна. Хэрвээ дээрх мөнгийг Засгийн газраас гаргаж өгөх боломжгүй бол банк зарцуулсан мөнгөө гаргаж авахын тулд худалдаалах юм.
 
Өмнөх нэгдүгээр хорооллыг тодорхой шалгуураар иргэдэд түрээслүүлсэнд иргэд ам сайтай байна.
 
Тиймээс ч энэ удаад мөн түрээслүүлэхийг иргэд хүлээж хүсч байна. Гэхдээ Хөгжлийн банкны санхүүжилтээр барилгын ажлыг нэг мөр дуусгаж байгаа учраас тус банкнаас байрыг худалдаж мөнгөө гаргаж авна гэсэн албан бус мэдээлэл бий.

Салбарын сайд  Х.Баделхан болохоор өрхийн амьжиргааны түвшинтэй уялдуулдж, залуу гэр бүл, өндөр настан, өрх толгойлсон эмэгтэй, ам бүл олууллаа айлуудад түрээслүүлэх саналыг Засгийн газарт тавина гэдгээ мэдэгдсэн юм.
 
Харин барилгын 50 хувийг түрээслүүлж, 50 хувийг нь худалдаалах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ гэсэн байр суурьтай байгаа ажээ.

Хэрвээ ингэх юм бол иргэд бэлэн урьдчилгаагаа хийж худалдаж авах нь хэр олон байгаа бол. Тодорхой шалгуур нь ямар байгаа билээ. Тэгэхээр урьдчилгаа 30 хувиа бүрдүүлж, худалдаж авах боломжтой иргэд байхгүй болов уу.

Ж.Хичээнгүй дарга түрээсийн орон сууцанд орох айлыг цахимаар бүртгэж, шалгуурын дагуу эрэмбээр сонгоно гэсэн юм. Энэ бол зөв шийдвэр хэмээн иргэдэд дэмжиж байгаа аж.
 
Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй байгаа иргэд ТОСК-ийн үүд хаалгаар эргэлдэж, сураглаж байна.
 
Өндөр настан Г.Сүхээ “Би ганцаараа амьдардаг хүн. Настай хүн дулаахан тохитой байранд орчихвол сайхан л байна. Энэ түрээсийн орон сууцын талаар зурагтаар л мэдээлэл сонссон. Баригдаж дуусч байгаа гэсэн шүү. Тиймээс ямар шалгуураар яаж бүртгэхийг мэдэхгүй байна. Уг нь өндөр настан орох боломжтой гэж хэлсэн шүү дээ. Сураглаж байна. Иргэдийг бүртгэж эхлэнгүүт бүртгүүлнэ дээ”.
 
Иргэн Ч.Мөнхцэцэг “Би эмээтэйгээ, олон дүү нартайгаа амьдардаг. Энэ 972 айлын орон сууцны талаар баригдаж эхлэнгүүт л сураглаж байгаа юм. Ямар шалгаруураар яаж бүртгэхийг мэдэхгүй байгаа ч бүртгэл нь явагдчихвий, мэдэхгүй хоцорчихвий гэж их айж байгаа шүү. Уг нь иргэдэд түрээслүүлсэн чигээр нь түрээслүүлвэл их сайн байна” гэв.
 
Иргэн Б.Өсөхбаяр “Манайх залуу гэр бүл. Би барилгын компанид ажилладаг. Байрны урьдчилгаа цуглуулж байранд ортол 20 жилийн хугацаа байна. Тэгэхээр энэ түрээсийн орон сууцыг их дэмжиж байгаа шүү. Иргэдэд түрээслүүлэх шийдвэрийг гаргаасай гэж хүсч хүлээж байна” гэлээ.
 
Дашрамд дуулгахад, 2015-2021 онд Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд 20 мянган өрхийг орон сууцанд оруулахаар Засгийн газрын тогтоол 2015 онд гарснаас хойш эдүгээ 3000 орчим орон сууцыг түрээсийн орон сууцны зориулалтаар барьж, 1500 орчим айл түрээсийн орон сууцанд орсон тооцоо байна.

Үүнээс 500 гаруй өрх айл зохих журмын дагуу орсон судалгаа байгаа ажээ. Тиймээс цаашид зорилтод бүлгийн айл өрхийг түрээсийн орон сууцанд хамруулахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад Өргөдлийн байнгын хорооноос тавьжээ.
 
О.Гэрэл
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.