
МАН Бага хурлаа маргааш хуралдуулах тов гаргалаа. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дээрх товыг тогтоосон байна. Тус намын хувьд өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн дотоод зөрчил нь туйлдаа хүрсэн. Эрх баригч хүчний энэ байдлаас болж парламентын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байна. Тэгвэл МАН-ынхан маргааш дотоод зөрчлийн асуудлаа намын Бага хурал дээрээ ярих нь. Угаас үүнээс өөр гарц алга. Улс орны тулгамдсан олон асуудлыг шийдэхийн тулд эрх баригч хүчин дотоод хагарлын асуудлаа шийдэх ёстой.
Намын бага хурлын товтой зэрэгцэн нэр бүхий гишүүдийг намаас хөөх тухай асуудал яригдана хэмээн эх сурвалжууд бичиж байна. Тодруулбал өнгөрсөн сарын сүүлээр МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж таван гишүүнийг намаас хөөх тухай ярилцсан байдаг. Гэхдээ тухайн үед энэ яриа олонд түгсэн дариудаа няцаагдсан юм. Бага хурлаар дээрх асуудал эцэслэн шийдэгдэнэ. Угаас Ерөнхий сайд У. Хүрэлсүх намын даргын хувьд намдаа их цэвэрлэгээ хийнэ гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ “Төрийн их цэвэрлэгээ эхэлсэн. Цаашид би намаа цэвэрлэх ёстой. Надад хүч тэнхээ эрх зүйн орчин дутагдаж байгаа ч олон түмэнтэйгээ хийж чадна хэмээн итгэж байгаа. Төрийн мөнгө, газрын доорх баялгаар баяжсан хүмүүс амь тэмцэн зүтгэж байна. Тиймээс миний тэмцэл улам хатуурах болно. Би гудамж талбайд үймээн самуун болоосой гэж огт хүсэхгүй байна. Бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болжээ. Засгийн газрын тусгай сангуудад шалгалт хийсэн. Би намын даргын хувьд МАНАН бүлэглэлтэй ч хатуу тэмцэнэ” хэмээн мэдэгдсэн.
Нэг үгээр хариуцлага ёс зүйн асуудлыг хатуухан ярина гэдгээ анхааруулаад байгаа юм. Иймээс МАН Бага хурлаараа “их цэвэрлэгээ” хийх нь гэх яриа нийгэмд хүчтэй тархаад байна. Нийгэм ч У.Хүрэлсүхийн хэлэх үг хийх үйлдлийг анхааралтай хүлээж байна. 60 тэрбум, ЖДҮХ сан гээд сүүлийн үед өрнөж буй шударга бус асуудлууд МАН-тай холбогдож байна. Энэ асуудал ч МАН-ын Бага хурлаар яригдах нь ойлгомжтой. Ерөнхий сайд намын бус эх орны эрх ашгийн төлөө ямар төлөвлөгөө боловсруулж байгаа нь сонин. Иймээс улс төрийн ууган хүчний удирдах бүрэлдэхүүн маргааш ямар шийдвэр гаргахыг харах л үлдлээ.
П.ГОО
Оллоо.мн