
Суудлаасаа буусан Су.Батболдын оронд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Мөнхбаатар томилогдох магадлал өндөр байна.
Түүнийг УИХ-ын дарга М.Энхболд зүтгүүлж, НИТХ-ын төлөөлөгчид дэмжихээ илэрхийлжээ.
Бэгзжавын Мөнхбаатар нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр 2016 оны есдүгээр сард томилогдсон. Тэрээр 2008-2012 онд Улаанбаатар хотын захирагчийн орлогчоор ажилласан. Үүнээс өмнө Б.Мөнхбаатар нь Баянзүрх дүүргийн Засаг даргаар болон, төрийн байгууллагад удирдах албан тушаалд тус тус ажиллаж байв.
Ер нь бол түүний талаар хэвлэлд “…“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар томилогдоод буй Б.Мөнхбаатар нь МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын хүн гэгддэг, нийслэлийн орлогч даргаар ажиллаж байсан нэгэн. Дунд сургуулиа Төв аймагт дүүргэн, ШУТИС-ийг төгсөж, хими технологич мэргэжил эзэмшжээ. МУИС-ийн улс төр судлалын ангид суралцаж төгссөн. Нийслэлийн МАН-ын хороонд ажиллаж, удалгүй БСШУЯ-ны Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын орлогч дарга болсон. Дараа нь тус яамны гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллажээ. 2004-2005 онд Зүүн Лондонгийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж ирээд, НЗДТГ-ын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажилласан байна. МАН-ын хорооны дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдын албан тушаал хашиж байв” гэж бичдэг юм.
Б.Цогт