Алт арвижуулах сан буюу Үнэт металлын сорьцын төвийн тоог нэмнэ
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын дор үнэт металлын сорьц тогтоох чиг үүрэг бүхий лабораторийг Төвийн бүсэд Дархан-Уул, Баруун бүсэд Баянхонгор аймаг дахь хэлтэст нээсэн.

Тодруулбал, Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газар, Монгол банк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор Дархан-Уул аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулсан юм.

“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас алт олборлолтыг нэмэгдүүлж, бичил уурхай эрхлэгчдийн олборлосон алтыг худалдан авах эрхзүйн орчныг сайжруулах зорилготой.

Бичил уурхай эрхлэгч иргэн олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банканд тушаахад үнэт металлын сорьцын хяналтын газраар сорьц тогтоолгох шаардлагатай болдог.

Алтны олборлолт ихтэй орон нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эхэлснээр алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасах, бичил уурхайн алтыг газар дээр нь худалдан авах, алтны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах тогтолцоог бүрдүүлэхийн дээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдсэн юм.

Цаашид ийм төвүүдийн тоог нэмэгдүүлснээр хууль бус хилийн худалдааг бууруулах, Монгол банканд тушаагдах алтны хэмжээг нэмэгдүүлэх гол ач холбогдолтой. 

Дархан-Уул аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс дээрх алт болон бусад үнэт зүйлсийн сорьц тогтоох лабораторид одоогоор гурван мэргэжилтэн ажиллаж байна. Тэднийг сонгон шалгаруулж авчээ.

Уг лаборатори нь Австрали улсад үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн алт хайлуулж, гулдмайлах гурван зуухтай. Зуухнууд нь 10 грамм алтнаас 3 кг хүртэлх алт хайлуулах, 3 кг-аас 10 кг алт хайлуулж, гулдмайлах тус тусын хүчин чадалтай ажээ.

Лаборатори нээгдсэнээс хойш нэг сарын хугацаанд нийтдээ гурван аж ахуй нэгж, 12 иргэнээс 99.8 кг алт /бохир жин/ хүлээн авч цэвэршүүлжээ. Хайлалтын өмнөх жин нь 99.8 кг байсан бол хайлалтын дараагийн цэвэр жин нь 98.2 кг болж, сорьцын жингээр 95.8 кг буюу 64 гулдмай болсон байна. Энэ алтны дийлэнхийг иргэд буюу бичил уурхай эрхлэгчид тушаасан болохыг лабораторийн эрхлэгч Ч.Бархас хэлж байв.

Тус аймагт дээрх лаборатори ашиглалтад орсноор алт тушаадаг иргэдэд их илүү амар болсон талаар ам сайтай ярьж байна.
 
99 кг алтны дийлэнхийг иргэд тушаасан
 

Дархан-Уул аймаг дахь үнэт металлын сорьцын лабораторийн эрхлэгч Ч.Бархас “Байгалийн алтны сорьц өөр өөр байдаг. Тухайлбал нэг килограмм алт байхад 999 сорьц рүү шилжүүлэхэд жин нь өөр болно. Алтыг дагаад мөнгө, зэс зэрэг байгалийн олон төрлийн металууд явдаг.

Түүнийг сорьцлоод 999 рүү шилжүүлэхээр хэд болох вэ гэдгийг тодорхойлдог юм. Дархан, Сэлэнгийн бүсийн манайд сорьцлуулсан алтны сорьц нь 850-930-ын хооронд байсан. 99 кг алтны дийлэнхийг иргэд тушаасан. Байгууллагын нууцтай холбоотой учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

 
Лаборатори нээгдсэнээс хойш 33 кг алтыг Монголбанк хүлээн авчээ
 


Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирал Б.Жавхлан “Лаборатори нээгдсэнээс хойш 33 кг алтыг Монголбанк хүлээн аваад байна. Мөн арилжааны банкнаас Капитрон банк иргэд, аж ахуй нэгжээс алт хүлээж авч байна. Капитрон банк Монгол банкны ханшаар алт худалдан авч байгаа. Эргээд эцсийн тушаалтыг манай банкинд нийлүүлдэг. Монголбанк ч мөн Улаанбаатарын ханшаар алтыг хүлээн авч байгаа. Иргэд, аж ахуй нэгжийн зүгээс алтыг орон нутагт сорьцолж, хүлээж авдаг болсонд нэлээд талархалтай хандаж байна. Учир нь албан ёсны лицензтэй талбайгаас олборлолт хийгээд, заавал Улаанбаатар руу явалгүйгээр, дундын зуучлагчгүйгээр Улаанбаатарын ханшаар орон нутагтаа өгч байна. Монголбанкны эрдэнэсийн санд алтаа тушаах нь эргээд Монгол Улсын эдийн засагт оруулж буй том хөрөнгө оруулалт юм” гэв.

 
Алт хайлуулах үйл явцыг хажуугаас нь харж зогсдог болохоор хардлага байхгүй
 

Тухайлбал, алтны ченж гэх эмэгтэйтэй /аюулгүй байдал талаасаа нэрээ хэлэхийг хүсээгүй/ асуухад “Миний хувьд тавдугаар сараас 11 сараас хойш хугацаанд 10 килограмм алтыг Монголбанкинд тушаасан. Энэ лаборатори байгуулагдахаас өмнө Улаанбаатарт очиж Монголбанкинд алтаа тушаадаг байхад чирэгдэл ихтэй, өглөө үүрийн 04 цагт очиж оочерлодог байсан. Утсаар оочер авна. Гэтэл 12.00 цагаас оочер авахад таван минутын дараа оочер дуусчихсан байх зэрэг хүндрэл ихтэй байсан. Айдас хүйдэс ч ихтэй байсан.

Энэ лаборатори байгуулагдсанаар дуртай цагтаа ирээд өгч байна. Ханшаа хажуу дахь Капитал банкнаас харж байгаад эрсдэл ихтэй байх юм бол өгөхгүй маргааш нь өгчихөж болж байна. Алт хайлуулах явцыг цонхоор хараад зогсож байдаг болохоор алтнаас минь авчих вий гэх хардлага байхгүй” хэмээн ярилаа.

Ийнхүү иргэд ам сайтай байгаа бөгөөд эх орныхоо үнэтэй баялагийг эрдэнэсийн сандаа тушаадаг болсон нь их сайшаалтай санагдаж байв.

Дээрх лабораторийн үйл ажиллагаатай танилцах явцад иргэн 249 грамм алтаа хайлуулж, цэвэршүүлэхээр ирсэн байв. Уг алтыг 1200 градусын халуун зууханд хайлуулж, цэвэршүүлж гулдмайлаад гурван граммыг нь дээжинд авч үлдэв. Энэхүү дээжийг тодорхой хугацааны дараа буцаан иргэнд олгодог байна.

Өдөрт зарим үед 5 хүртэл кг алт, дунджаар 1-2 кг алтыг хүлээн авч хайлуулж, цэвэршүүлдэг байна. Хайлж, гулдмайлсны дараа дээжийг авч сорьцолдог. Сорьцлуулах үйл ажиллагаа гурван цаг орчим явагддаг байна. Энэ хугацаанд иргэн банкинд хандаж алтны мөнгөн дүнгийн 60-70 хүртэлх хувийг урьдчилааад авч болдог аж.

Өмнө нь Улаанбаатар хотод очиж төв лабораторид  дугаарлаж байж алтаа цэвэршүүлдэг байсан. Энэ үед цаг хугацаа, замын нөхцөл байдал зэргээс хамааран олон асуудал тулгардаг байсан. Орон нутагт маань лаборатори нээгдснээралт тушаах хялбар болсон гэдгийг бичил уурхайчид хэлж байлаа.

Дашрамд дуулгахад, Монголбанк болон Тогтвортой бичил уурхай төслөөс нийт 395 сая төгрөгийн санхүүжилтээр алтны сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг Дархан-Уул аймгийн үнэт металлын сорьцын лабораторид хандивласан байна. Цаашид ийм лабораторийн тоог орон нутгуудад нэмэх ажээ. Ингэснээр ганцхан Монголбанкинд үнэт металл сорьцолдог байсан ачаала багасна гэж үзсэн байна.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • төмөр 2018-12-17 05:28:44
    usa брендийн лабораторийн АЛТ-ний чулуу бутлагч тоног төхөөрөмж зарна 89718018 үнэ10 сая