Долоо хоногийн онцлох үйл явдлууд
МАН парламентын түүхэнд хараар бичигдэх өдрүүд үргэлжилж байна. УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр олонх болсон МАН-ын бүлгийнхэн хоёр тийшээ хараад суучихлаа. Үүнээс үүдэн парламентын үйл ажиллагаа доголдоход хүрээд байна.
МАН-ын бүлгийн энэ “зодоон”-оос үүдэн ХХААХҮ сайдгүй энэ өвлийг үдэх нь. Дэд хороо, байнгын хороо, чуулганы ирцийн талаар ярих ч хэрэггүй. Нэг ёсондоо парламентын үйл ажиллагаа зогсонги байдалд орчихлоо. Энэ зуур хоёр хуваагдсан гишүүд ээлж дарааллан мэдээлэл хийж, бие биенээ буруутган хэвлэлээр “дайтсаар” байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы танхимд хаалттай горимоор мэдээлэл хийхээр товлосон байсан нь ч цуцлагдав. Ийнхүү дээрээ гүйдлээ олохгүй самуурсан долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
Ерөнхий сайд Японд айлчиллаа
 
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад энэ сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ. 
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын парламентын удирдлагад бараалхаж, Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлага, гишүүд, Япон, Монголын найрамдал, олон нийтийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзана. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК) зэрэг байгууллагын удирдлага Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхав.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх  айлчлалынхаа үеэр Монгол, Японы төр, хувийн хэвшлийн IX зөвлөлдөх уулзалт, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ болон Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (ЖЕТРО)-аас хамтран зохион байгуулах “Монгол, Японы бизнес форум”-д оролцож, үг хэллээ.

Хотын дарга ажлаа өглөө

Даваа гарагт Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэж байна.

 “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд анхаарал татсан мэдэгдэл хийв

Өнгөрсөн долоо хоногт “25-р суваг” телевизийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт “Алтан Дорнод Монгол” компанийн захирал, Монголын алт  үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд уригдан оролцлоо. Ярилцлагын үеэр Т.Ганболд “Манай компанийн данснаас 4 сая ам.доллар тухайн үеийн Ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүүгийн дансанд шилжсэн нь үнэн” хэмээн мэдэгдэв. Одоогоор Д.Дорлигжав энэ талаар ямар нэг тайлбар өгөөгүй байгаа юм. Харин хууль олон нийт энэ асуудлуудыг хууль хяналтын байгууллага шалгаж үнэн мөнийг тогтоох ёстой гэсэн байр суурийг цахим орчинд илэрхийлж байна.
 
Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураав

Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлын нэг бол Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлын шийдвэр байлаа. Тодруулбал,  Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.
Итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир, улсын начин Ц.Бямба-Очир нарын Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсныг хүчингүйд тооцох шийдвэр гаргалаа. Мөн Улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир нарт олгосон “Хурц шаламгай” чимгийг хурааж, улсын баяр наадамд барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хаслаа. Мөн улсын начин Ц.Бямба-Очирын улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хасав.
Улмаар эдгээр бөхөд тавын даваанд өвдөг шороодсон аймгийн арслан Б.Эрдэнэхүү, улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын арслан Э.Оюунболд нарыг Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсанд тооцож, улсын арслан Э.Оюунболд, улсын начин Ч.Хөхчирэнгэр нарт “Өсөх идэр” чимэг олгохоор болов.

Ц.Бямба-Очирт олгосон улсын начин цолыг хасах, аймгийн арслан Б.Эрдэнэхүүд улсын начин шинээр цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.
 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.