
СЗХ-ны ББСБ-ын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Итгэлсүрэнтэй ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар манай улсад хэчнээн ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар СЗХ-ноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа 540 ББСБ байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 32.7 хувиар өссөн ба 2018 оны эхний гурван улирлын туршид гучаас дээш хувийн өсөлтийг үзүүллээ. Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж, 217 мянга, харилцагчдын тоо 1.5 саяд хүрсэн дүнтэй байна.
- ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2021 он хүртэл 2.5 тэрбум төгрөгт хүргэж, үе шаттай нэмэх тогтоол гарсан. Үүний үр дүнд ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?
-Энэ салбарт хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн шийдвэр гаргаснаас маш олон эерэг үр дүн гарч байгаа. Үүний нэг нь зээлийн хүү буурсан. 2016 онд банк бус санхүүгийн салбарын жигнэсэн дундаж хүү 4.2 хувь байсан бол 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар 3.3 хувь болж буураад байна.
- ББСБ-уудын чанаргүй зээлийн хэмжээ хэр төвшинд байна вэ?
-Гуравдугаар улирлын байдлаар чанаргүй зээлийн хэмжээ 8,5 тэрбум төгрөг буюу нийт зээлийн 10,7 хувьтай байна. ББСБ байгууллагаас зээл авч байгаа иргэдийн хувьд харьцангуй эрсдэл өндөр. Тодруулбал, харилцагчдын хувьд орлого багатай, банкны шаардлагыг хангаагүй, яаралтай санхүүгийн хэрэгцээ гарсан, бичил бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бизнесээ дөнгөж эхлүүлж байгаа ААН-үүд байдаг. Эдгээр иргэдэд ББСБ зүгээс хүү өндөр ч ард иргэдэд шаардлагатай зээлийг нь богино хугацаанд судалж, шуурхай, олон шат дамжлагагүй олгодог. Энэ хэрээрээ эрсдэлийн түвшин өндөр.
-Цаашид ББСБ-уудын хүү болон чанаргүй зээлийг бууруулах тал дээр ямар бодлого барьж байгаа вэ?
-Хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэртэй холбоотойгоор нийт зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа. Тэгэхээр нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ багасна гэсэн үг. Хуучин бол 400 сая төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй ББСБ байлаа гэхэд нэг хоёр зээл чанаргүй зээлийн ангилалд ороход үйл ажиллагаа нь доголдоод ирдэг байсан. Хувь нийлүүлсэн хөрөнгийг хэмжээг нэмээд шинэ хувьцаа эзэмшигчид оруулаад ирэхээр тодорхой хэмжээний эрсдэлийг даах чадвартай мэргэжлийн байгууллага болж байгаа. Салбарын жигнэсэн дундаж хүү тогтмол буурч байгаа.
-ББСБ байгууллагууд ямар ямар үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог вэ?
-Тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх, өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хий, мэдээлэл өгөх, иргэн хуулийн этгээдээс хадгаламж авах, хадгаламжийн данс нээх, чек, карт вексель зэрэг төлбөрийн хэрэгслээр хадгаламж авах, ББСБ-ын тайлан тэнцэлд тусгаагүй эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашиглах, ББСБ, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг Банкны тухай хуулийн 7,2-т зааснаас бусад тохиолдол гаргаж өгөх, задлах, ашиглахыг ББСБ хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтанд хориглоно.
- ББСБ-ын тайлан тэнцэлд тусгаагүй эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашиглахыг хориглодог юм байна. Сүүлийн үед ЖДҮХС-аас улс төрчдийн хамаарал бүхий компаниуд зээл авсан асуудлаас үүдэн ББСБ-ууд мөнгө угаах хэрэгсэл болгож байна гэх шүүмжлэл гарах боллоо?
-ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгө буюу дүрмийн санг СЗХ маш нарийн шалгадаг. Журмын дагуу зээлийн хөрөнгө байж болохгүй гэх мэт шаардлагууд байгаа. ББСБ-д орж ирж байгаа мөнгө нь хууль ёсны орлого уу, бохир мөнгө үү гэдэг дээр СЗХ нарийн хяналт тавьдаг.
-ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгө хуулийн дагуу олсон орлого гэдгийг яаж шалгаж нотлох юм бэ?
-Тухайн хувь нийлүүлэгч нь ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлж, түүнээсээ ногдол ашиг хүртсэн, өөрийнхөө ашиглаж байсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөө зарж орлогыг хууль ёсны орлого мөн байна гэдгийг нь нотолдог. Ийм учраас ЖДҮХ сангаас авсан зээл энэ салбар луу орж ирэх боломжгүй. Яг өнөөдрийн байдлаар ББСБ мөнгө угаасан гэх батлагдсан мэдээлэл байхгүй. Ер нь мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуулийн хүрээнд ББСБ-ууд мэдээлэх үүрэгтэй этгээд гэж явдаг. Тэр утгаараа Монгол банкны санхүү мэдээллийн алба руу хуулийн дагуу мэдээллээ өгөөд ажиллаж байгаа.
-Ярилцсан танд баярлалаа.
П.ГОО
Оллоо.мн