Т.Ганболд: Усны хатуулагтай холбоотой өвчлөл их байна

Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Т.Ганболдтой ярилцлаа.

-Танай аймгийг эрүүл мэндийн салбарын хүрээнд нэлээд ахиц гарч байгаа гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Ажиллах боловсон хүчин хүрэлцээтэй байна уу?

-Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн систем олон жилийн түүхтэй. Үе үеийн олон сайчууд, эрдэмтэд ажиллаж байсан. Манай салбарт аймгийн хэмжээгээр нийтдээ 1400 гаруй боловсон хүчин ажилладаг. Аймгийн нэгдсэн эмнэлэг, 17 сумын Эрүүл мэндийн төв, гурван өрхийн эмнэлэг, хувийн хэвшлийн ортой болон үүдэн эмнэлгүүд, эмийн сангууд гээд эрүүл мэндийн салбарт ажиллаж байна.

Үүнээс 150 гаруй нь их эмч байдаг. Боловсон хүчний хангалтын хувьд Говь-Алтай аймгийг бусадтай харьцуулахад хамгийн өндөр юм. Яагаад гэвэл аймгийн төвд олон жилийн уламжлалтай анагаах ухааны дунд сургууль байсан.

Одоо анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа салбар сургууль болон өргөжиж хөгжсөн. Энэ салбар сургуульд их эмч бусад дунд мэргэжлийн бүх төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг учраас боловсон хүчний хувьд бүх салбартаа бүрэн хангагдсан гэж болно. Харин  нарийн мэргэжлийн зарим эмч аймгийн нэгдсэн эмнэлэгт дутагдалтай байгаа.

-Тоног төхөөрөмж хэр хангалттай байна вэ?

-2008 оноос хойш Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарт олон төсөл, хөтөлбөр хэрэгжсэн. Азийн хөгжлийн банкны III төсөл, Хүн амын сангийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн тав дахь хөтөлбөр, Мянганы сорилтын сангийн төсөл, Норвегийн тусламжийн байгууллагын анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх төсөл,

Дэлхийн зөн олон улсын байгууллагын эрүүл мэндийн салбарын төслүүд гээд 5-6 төсөл, хөтөлбөр хэрэгжсэний дүнд аймгийн эрүүл мэндийн байгууллагууд тоног төхөөрөмжөөр стандартын хэмжээнд хангагдсан гэж болно. Нөгөө талаар нарийн мэргэжлийн, сүүлийн үеийн технологи шингэсэн тоног төхөөрөмж дутагдалтай байсан. Энэ хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт саяхан Ерөнхий сайдын багцаас 11 тэрбум төгрөгөөр сүүлийн үеийн компьютер томографикийн дөрвөн төрлийн нарийн дижитал дуранг суурилуулж оношлогооны төв байгуулсан. Тоног төхөөрөмжийг ажиллуулах боловсон хүчин хараахан бэлтгэгдээгүй байсан. Тиймээс эмч, эмнэлгийн мэргэжилтэн, техникч, инженер бусад сувилагч мэргэжилтнүүдийг төрийн сангаар сургаж байна. Удахгүй төгсч ирнэ.

-Алслагдсан сумдын тоног төхөөрөмж, боловсон хүчин хэр хангалттай байна вэ?

-Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн хүрээнд мөн стандартад заасан зохих төвшиндөө тоног төхөөрөмжөөр сайн хангагдсан аймгийн нэг. Сумын эрүүл мэндийн төв хоёр их эмчтэй. Сум дундын эмнэлгүүд зургаан их эмчтэй ажиллаж байна. Дунд мэргэжилтнүүд, их эмчийг Говь-Алтайд бэлтгэдэг болсон учраас манай боловсон хүчний хангалт маш сайн. Сумын эрүүл мэндийн төвүүдийн тоног төхөөрөмж 90-ээс дээш хувь хангагдсан. Сумын эрүүл мэндийн төвшинд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ буюу нийгмийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх тоног төхөөрөмж, үйлчилгээний багаж хэрэгсэлтэй.

-Говь-Алтайд хүн амын өвчлөл ямар байна. Тухайлбал, ундны усны асуудал эрсдэлтэй аймгийн тоонд ордог. Энэ талаар тодруулахгүй юу?

-Манай аймаг эрүүл мэндийн өвчлөлийн хувьд онцлог байдаг. Яагаад гэвэл алслагдсан, усны хатуулаг өндөртэй аймгийн тоонд ордог. Аймгийн бүх сумын хоёроос бусад нь бүгд усны хатуулаг ихтэй. Нөгөө талаар цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Үүнтэй холбоотой манай аймгийн хүн амын дунд өвчлөлийн өвөрмөц онцлог байдаг. Нэгдүгээрт, зүрх судас, цусан хангамжийн эрхтэн тогтолцооны эмгэгүүд байна. Энэ нь улсын хэмжээнд гардаг өвчлөлтэй ойролцоо. Хоёрдугаарт, хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай байгаа. Нөгөөтэйгүүр зам тээвэр хөгжиж байгаатай холбогдуулан осол, гэмтэл ихсэх хандлагатай байна.

Мөн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд манай аймагт өндөр байдаг. 2014 оны хувьд алслагдсан аймагт дэд бүтэц сул хөгжсөн учраас өвчлөлийн гол асуудал бол нялхсын эндэгдэл. Нялхсын эндэгдэл улсын хэмжээнд өндөр байдаг.Үүнийг бууруулах, эх, нялхсын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр төр, захиргааны байгууллага болон бусад яам, тамгын газар, олон улсын хандивлагч байгууллагуудтай хамтран олон ажил зохион байгуулж байна. Гэвч нялхсын эндэгдэл тодорхой төвшинд буурахгүй улсын дунджаас нэлээд өндөр явдаг. Усны хувьд манай аймгийн Хөхморьт, Баянтооройгоос бусад нь фторын хэмжээ харьцангуй өндөр.

Бүх ундны усны хүрэлцээ хангамж хөдөөд муу байдаг. Байгаа ч хатуулаг өндөртэй ус байдаг учраас хоол боловсруулах системд буюу хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлдөг. Аймгийн төвд сүүлийн үед усаа зөөлрүүлэх тоног төхөөрөмж тавьснаар харьцангуй аймгийн төвийн ундны усны хэрэглээ хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээнд дөхөж нийцэж байгаа. Сумдын төвшинд цэвэрлэж, шүүх төхөөрөмж одоохондоо тавигдаагүй. Зөвхөн байгалийн ус ууж байгаа учраас хатуулгын хэмжээ хэвээр байгаа. Цаашид сумдад зөөлрүүлэх төхөөрөмжийг төвд нь тавих боломжийг хайж байгаа гэж ярьж байсан. Энэ боломж бүрдэх байх.

-Усны бохирдлоос үүдээд танай аймгийг шар өвчний голомт ч гэж ярьдаг. Багасгах боломж байна уу?

-Элэгний халдварт шар өвчин ундны ус, хоол тэжээлтэй холбоогүй. 2013 оноос хойш Говь-Алтай аймагт элэгний халдварт шар өвчин бараг гараагүй. Энэ он гарсаар ганц нэгхэн тохиолдол гарсан. 2013 оноос өмнө хоёр гурван жил Говь-Алтай аймагт халдварт шар өвчний дэгдэлт аймгийн хэмжээгээр их гарсан. Энэ бас олон шалтгаантай. Зөвхөн уснаас болдоггүй хоол тэжээл, хүний амьдралын хэв маяг, дадал хэвшилтэй холбоотой. Халдварт шар өвчин дэгдэлт хэлбэрээр их гардаг. Сүүлийн хоёр жил шарын өвчлөл гараагүй.

-Шинэчлэлийн Засгийн газар гарч ирснээс хойш эрүүл мэндийн салбарын хүнд суртлыг арилгана гэж ярьдаг болсон. Танай аймагт ийм тохиолдол байна уу?

-Шинэчлэлийн Засгийн газрын гол бодлого бол мэдээж эрүүл мэндийн шинэчлэл. Эрүүл мэндийн шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн салбарын ил тод байдлыг бий болгох. Хоёрдугаарт, санхүүгийн ил тод байдал, гуравдугаарт, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн харилцаа, хандлагыг сайжруулах чиглэлээр олон ажил зохион байгуулсан. Манай эрүүл мэндийн системд олон хүн ажиллаж уур уцаартай, өвдсөн зовсон хүмүүстэй өдөр бүр уулздаг болохоор хүнд суртал огт байхгүй гэж хэлж чадахгүй. Төгс хөгжсөн, бүх асуудлаа шийдээгүй учраас тодорхой хэмжээний ганц нэг асуудал гардаг. Гарсан алдаа дутагдлыг бид хамт олноороо, газрын зөвлөл, нэгдсэн эмнэлэгтэйгээ хамтраад салбарын хэмжээнд тэр хүмүүстэйгээ ярьж ойлгуулах, шаардлагатай бол хариуцлага тооцох асуудлыг тухай бүрт нь авч хэрэгжүүлж ирсэн.

-Улсаас өгч байгаа төсөв хэр хангалттай байдаг юм бэ. Сумдад шинээр эмнэлэг барих шаардлага байна уу?

-Хөрөнгө оруулалт, барилга байшингийн хувьд Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбар сүүлийн 10-аад жил харьцангуй шинэчлэгдсэн. Зарим нь шаардлагын хэмжээнд засвар хийсэн байгаа. Сумын эрүүл мэндийн төвүүд гэхэд зургаан төвөөс бусад нь сүүлийн 10 жилд бүрэн шинэчлэгдэж сүүлийн үеийн стандартаар барьсан хоёр давхар барилга байгаа. Гурван өрхийн эмнэлэг  барилгын стандартын шаардлага хангахааргүй барилгууд байсан. Одоо нэг нь шинээр барихаар тендер нь зарлагдаад баригдахаар болсон. Нэгдсэн эмнэлгийн тухайд барилгын хувьд сүүлийн дөрвөн жил Азийн хөгжлийн банкны III төслийн хүрээнд 800 сая төгрөгөөр их засвар хийсэн.

Зууны мэдээ
Н.Даян

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.