Ц.Мөнхтулга: Бидний хөгжлийн бэрхшээлд анхаарал хандуулахгүйгээр уран бүтээлийн өнгө аяс мөн чанарыг ойлгоосой
Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Хөгжлийн бэрхшээлтэй ч хөгжих эрхийнхээ дагуу өөрийгөө хөгжүүлж, хийсэн бүтээлээрээ нийгмийн харилцаанд орж яваа олон залуус бий. Тэдний нэг бол яруу найрагч Ц.Мөнхтулга юм. Тэрбээр хичээлийнхээ хажуугаар шүлэг бичдэг авьяастай нэгэн. Хөгжлийн бэрхшээл нь төрөлхийнх биш бөгөөд эмч нарын буруутай үйлдлээс болж ийм болсон талаараа ярьсан юм.



Тэрбээр "Хайр хэмээхийг ухаан хэмээн мэдрэмж ойлгоод
Хүмүүн ухамсрын толионд үзүүр өчүүхэн гогдоод
Хөврөх их эрмэлзэл нь сэтгэлийн алс руу одоод
Хаа ч хүрэх нь үл мэдэгдэх сэтгэхүйн царааг хүрээлмүй"....

Энэ бол залуу уран бүтээлч Ц.Мөнхтулгын "Хайр" шүлгийн мөрт.Тэрбээр өөрийгөө яруу найрагч гэж хэлүүлэх тун дургүй, харин шүлэгч гэж хэлүүлэхийг хүсдэг. Гэсэн ч гүн гүнзгий утга агуулга бүхий түүний шүлгүүд хэн нэгэн сонирхогч “сараачсан” шүлгээс тэс ондоо болохыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. Тэрбээр өөрийн өвөрмөц шүлгийн дээжээсээ “Эс” үзэсгэлэнд дэлгэжээ. Үзэсгэлэнгээ залуу уран бүтээлч С.Намуунцэцэг, Л.Золбоо нартай хамтран өнгөрсөн сарын 30-ны өдөр Маршал арт галерейд нээсэн юм.
 
Зураач С.Намуунцэцэг, Л.Золбоо
 

С.Намуунцэцэг цэцэг зурах дуртай ч түүний бүтээлүүд үүгээр хязгаарлагдахгүйг үзэсгэлэн дэх бүтээлүүдээс нь харж болно. Түүний бүхий л бүтээл нь гайхшруулам, бас чадварлаг зураач болохыг илтгэнэ. Учир нь тэрбээр хөлөөрөө эдгээрийг бүтээдэг юм.

Монгол ахуй амьдрал, соёл, байгаль, тэр бүү хэл шүүмж зургуудаар нь Л.Золбоог танилцуулъя.

Тэднийг тархины саажилттай бидний хэлдгээр хөгжлийн бэрхшээлтэй болохоор магтаж байна гэж бүү бодоорой. Бүтээлүүд нь эрүүл саруул энгийн уран бүтээлчдийнхээс ч хувь илүү санагдсан.

Өмнө нь “Энэ бол би”, “Энэ бол би II“ үзэсгэлэнгүүдийг тус уран бүтээлчид хамтран гаргаж байсан бол энэ удаад “999+” аяны хүрээнд “Зулзага инээмсэглэл” ТББ-ыг дэмжин байнгын асаргаа нэн шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганц бие ээжүүдэд ажлын байр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төв болох “Аз жаргал Инээмсэглэл” төвийн барилгын ажлыг үргэлжлүүлэх хандивыг босгох зорилгоор үзэсгэлэнгээ гаргажээ.

“999+” аян нь “999 цагаан чихэр” хандивын үдэшлэгээс эхлэн нийт 10,000,000₮ гаруй мөнгийг цуглуулж зогсоод байсан барилгын ажлыг үргэлжлүүлж барилгын дээвэр болон цонх зэргийг гүйцэтгүүлсэн юм. “Эс” үзэсгэлэнгийн үеэр “999+” цагаан чихэр ба Ц.Мөнхтулгын “Тэнгэрийн зангараг” ном худалдаалагдаж орлогыг зуун хувь “999+” аянд хандивлах юм. Мөн зураачдын зургаас худалдаалагдсан тохиолдолд орлогын тодорхой хувь нь хандивлах аж.

Уран бүтээлчид маань “Бид хэн нэгний үг заавраар биш өөрсдийн сэтгэл зүрхнээсээ энэ үзэсгэлэнгээ зохион байгуулж байна. Иймээс бидний хөгжлийн бэрхшээлд анхаарал хандуулахгүйгээр уран бүтээлүүдийн минь өнгө аяс, учир утга, мөн чанарыг л ойлгоосой” гэж хүсчээ.


 

Би том болохоос айдаг

 

Хөгжлийн бэрхшээтэй охинтой ээж "Охин маань 2010 онд анх сургуульд орж байлаа. Эхлээд тэврээд явдаг байлаа тэгээд үүрдэг боллоо. Одоо тэргэнцэртэй өнхөрүүлээд бөмбөрүүлээд өргөж тавиад явж л байна даа. Eртөнцийн жам л болсон хойно охин минь өсөж өндийсөөр л. Саяхан охин минь "Ээж ээ би том болоод олон найзтай болж өөрийнхөө бизнeсийг (тэр төлөвлөсөн байгаа) хөгжүүлээд олон хүмүүст туслаад бас улс орондоо туслаад явна гэж мөрөөддөг гэтэл ойрд том болохоос айгаад байна. Гараад л өндөр өндөр шат хэцүү зам...гээд олон саад одоо болтол хэвээрээ л байсаар л байх байх юм.

Та бид хоёр хөөцөлдөөд дийлэхгүй л байна даа тийм ээ ээжээ. Манай улс ийм ядуу юу ээжээ. Би өөрийнхөө таньдаг хүүхдүүдээ бодоод үзэхээр над шиг хүүхдүүд олон л байгаа даа уул нь. Намайг том болоход бас л хэвээрээ байвал би яанаа. Одоо гэхэд л би сургуульд явах гэж таныг их л зовоож байна. Таныг намайг даахгүй зүрх, нуруу, бөөр чинь өвдөөд хэвтэхээр би буруутай юм шиг санагдаад жаахан хэцүү байдаг. Тэгээд сургуульдаа явахаа болих уу гэж бодож үзсэн л дээ даанч найзуудтайгаа хамт баймаар санагдаад л бас бизнeсээ хийхээр мэдлэг хэрэгтэй болохоор явахгүй бол болохгүй ш дээ. Тийм ээ ээж ээ. Би том болдоггүй байсан бол танд амар байхгүй юу хамтдаа тэврэлдээ" гэжээ.
 
"Миний охиныг мэдрэл муутай охин" гэж үеийнхэн нь шоолдог
 


"Миний охин 7 настай. Удахгүй 8 нас хүрнэ. Охин минь тэргэнцэр дээр ээжээрээ байнга түрүүлж явдаг. Ярьж, явж сураагүй ч инээд, үйлдлээрээ өөрийнхөө юу хийх, яах гэж байгаагаа бүрэн ойлгуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг харахаар эвэртэй туулай үзсэн юм шиг аашилдаг хүмүүсийг хандлагаа өөрчлөхыг хүсч байна.

Миний охиныг өнгөрсөн намар үеийнх нь хүүхдүүд "Мэдрэл муутай охин явж байна, мэдрэл муутай охион" гэж дуудаж хашгирахад үнэхээр их эмзэглэсэн. Хэдий миний охин мэдэхгүй тэднийг хараад бясаж байгаа ч ээжид нь хэцүү, зүгээр зүрх рүү хатгах шиг болсон. Ийм төрсөн миний охины буруу биш болохоор би охиноо бусдаас нуудаггүй, харин ч үеийнхэн дунд нь нийгэм дунд нь оролцуулахыг хүсдэг" гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.